2013-04-19 07:21

“Монгол цэрэг- бүтээн байгуулалтад ” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ


Монгол Улсын Засгийн газраас “Монгол цэрэг-бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг батлаад  арав ч хоноогүй  байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын  сайд Д.Бат-Эрдэнийн  салбартаа хийх шинэчлэлийн бодлогыг  “Ажилтай-мэрэгжилтэй-орлоготой  хугацаат цэргийн албан хаагч” хэмээн хураангуйлан томъёолж болох. Тэгвэл Засгийн газар хөтөлбөрийг баталснаар эл шинэчлэлийн бодлого хэрэгжиж эхэллээ. Ханш нээж буй хаврын билэгт сайн өдөр буюу энэ сарын 4-нд “Цэрэг-спорт, соёл амралтын цогцолбор төв”-ийн барилгын шавыг тавих ёслол утга, бэлгэдэл төгс болсон юм.

Таван давхар, орчин үеийн тоног, хэрэгслээр төхөөрөмжлөгдсөн цогцолбор ордонг  барилгачин цэрэг, дайчид өөрсдөө барьж, дараа жилийн өдийд ашиглалтад өгөх ажээ. Эрхэм сайд Д.Бат-Эрдэнэ шав тавих ёслолыг нээж  хэлсэн үгэндээ “Монгол цэрэг- бүтээн байгуулалтад  хөтөлбөр  цэрэг, дайчид, иргэдийг  эрүүл чийрэг, эрдэм боловсролтой болгох нөхцлийг бүрдүүлэх байгууламжаар эхэлж байгаа нь бэлгэшээлтэй юм. Эрүүл биед саруул ухаан оршдог. Монгол Улсын маань иргэд эрүүл чийрэг, эрдэм боловсролтой бол хөгжиж  хүчирхэгжиж  мандах бөлгөө. Цаашдаа бид барилга, орон сууц, үйлдвэр,зам барьж, өндөр хүчдлийн шугам татаж, төмөр зам тавих болно оо...” хэмээн онцолсон билээ.

Уртын дуугаар мялаалган, сан тавьж,  ном хуруулсан шавын ёслол  хурсан олны сэтгэлийг хөдөлгөж байлаа. Одоогоос 67 жилийн тэртээ тухайн үеийн цэргийн яаманд түшиглэн “Цэрэг” нэртэй анхны спортын байгууллагыг байгуулж байсан нь өнөөгийн “Алдар” спорт хороо бөлгөө. Энэ хугацаанд энэ спорт хорооноос хөдөлмөрийн баатар нэг, гавьяат 50 шахам, олон улсын болон спортын мастерүүд зуу, зуугаараа төрөн гарчээ. ”Алдар“ спорт хорооны дарга, даян аварга, хурандаа Г.Өсөхбаяр  “Энэхүү спорт цогцолборыг байгуулахад туслаж байгаа  Засгийн газар, БХЯ-ны удирдлагуудад нийт тамирчдынхаа өмнөөс талархаж  байна” гэсэн юм. Ийнхүү цэрэг армид  “Монгол цэрэг- бүтээн байгуулалтад ” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно