2021-05-11 04:42

Баттулга аа, У.Хүрэлсүхтэй хамт гэж эрдэж, бардах хэрэггүй. Анд нөхөд чинь алдаа гаргахыг чинь отож суугаа гэдэгт эргэлзэхгүй байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам (АН)-аас нэр дэвшигч С.Эрдэнэ өнөөдөр (2021.05.11) мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “АН, ардчилсан парламентын тогтолцоог тууштай хамгаалж, Монгол Улсад дарангуйллын аймшигт сүүдэр дахин тусгахгүй байх, эрхзүйт төр нийгмийнхээ эзэд нь байхын төлөө зорьж тэмцэж ирснийг түүх гэрчилнэ.

Харамсалтай нь, АН-ыг эрх мэдэл, дээрэм тонуулд хүргэх шат гишгүүрээ болгон ашиглах зорилготой, түүнийгээ ч олон жил ил тод гүйцэлдүүлж ирсэн улстөр, бизнесийн бүлэглэлүүдийн зарим нэг төлөөлөл замын дундаас намд шургалан орж ирсэн нь гашуун боловч үнэн. Тэд намын жирийн гишүүдийн итгэл, дэмжлэгийг ашиглахын зэрэгцээ ардчиллын нэр барин иргэдийг төөрөгдүүлж, улмаар АН-ыг хагалан бутаргаж, өөрсдийн ханаж цадашгүй увайгүй зорилгоо биелүүлэхээр санаархаж эхэлсэн нь өдгөө хэрээс хэтрээд байна. АН-ыг хагалан бутаргаж, үйл ойлголцолд хүргэж, төөрөгдүүлж байгаа тэр хүн Ерөнхийлөгч Х.Баттулга гэдгийг намын нийт гишүүд болон Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд намын гишүүдийн итгэл дэмжлэгийг ашиглан, УИХ, Засгийн газрын гишүүний хариуцлагатай албыг удаа дараа хашиж ирсэн.

Энэ хугацаанд Үндэсний эрх ашгийг уландаа гишгэж, ард түмний эв нэгдлийг хагалан бутаргаж, сайн хөршийн бодлогыг алдагдуулан, гуравдагч хөршийн харилцааг устгаж, улс орны эдийн засгийн эрх ашиг ирээдүйн бие даасан чөлөөт бодлогыг үл тоон байж өнөөдрийн эрх мэдлийн өндөрлөг рүү мацаж ирсэн.

Тэрбээр намын гишүүдээс төдийгүй Монголын нийт ард түмнээс энэхүү далд бусармаг үйлдлээ чадварлагаар нууж, үнэнч шударга багны ард нуугдан байж төрийн тэргүүнээр сонгогдсон. Гэвч намынхаа гишүүдийн итгэл сэтгэл, улс орныхоо хувь заяаг хөсөр хаях хүртлээ бид түүнд итгэсээр ирсэн. Х.Баттулга Ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн оронд өөрийнх нь эрх ашигт нийцээгүй хуульд хориг тавьж, нийгэм эдийн засгийн урсгалыг гацааж, Монголын шүүхийн хараат бус байдалд халдаж, прокурорын байгууллагыг хувийн өс хонзонгийн зорилгоор ашигласан.

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарын шилдэг сэхээтнүүдийг хувийн өс хонзондоо хөтлөгдөн хэлмэгдүүлж, шоронд хийж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсэн иргэд, хэвлэн нийтлэх үүргээ биелүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөнд удаа дараа халдаж, Зөрчлийн болон Эрүүгийн гэмт хэрэг үүсгүүлэн, өөрийн эрх мэдэл, албан тушаалаа иргэдийн эсрэг ашиглан, айлган сүрдүүлэх, заналхийлэх, дарамтлах зэвсгээ болгон ашиглах нь хэрээс хэтэрлээ. Ардчилсан тогтолцоот хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч Монгол Улсад аливаа хэлбэрийн дарангуйлал тогтоохыг АН түүний үзэл баримтлал хэрхэвч зөвшөөрөхгүй.

Үүгээр ч зогсохгүй Шүүхийн эрхзүйн байдлын тухай хуулийг бойкотлох, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зогсоох, Улсын Ерөнхий прокурор Үндсэн хуулийн цэц болон дээд шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх эрх бүхий албан тушаалтнуудыг айлган сүрдүүлэх энэхүү хууль бус ажиллагааныхаа төлөө нийгмийг талцуулах, замбараагүй байдалд турхирах үймээн самуунд турхирах явдлыг зогсоо зайгүй явуулсаар ирлээ. Үүний илрэл нь намын даргын сунгааг зохион байгуулах үүрэг хүлээн ажиллаж байсан Ц.Туваанаар дамжуулан АН-ын эрх шилжүүлэх үйл ажиллагааг удаашруулж, хууль бусаар намын дүрмийг өөрчлүүлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх, сунгаагүйгээр намын даргыг өөрийн хүнээр томилж тамга тэмдгийг хууль бус үйл ажиллагаандаа ашиглах гэмт үйлдлүүдийг удаа дараа үйлдсэн.

Миний бие Х.Баттулгын энэхүү хууль бус үйлдлүүдийн эсрэг тууштай тэмцэж, шүүмжилж, дүрмийн бус сонирхлыг нь биелүүлээгүйнхээ төлөө өдгөө өстөн дайсан нь болжээ. Намайг харлуулж, хараан зүхэж, нийгмээр үзэн ядуулах ажиллагааг зохион байгуулахдаа МАН, түүний удирдлагуудтай сүжирсэн тэр цагаас хойш өнөөг хүртэл улстөрч хүний хат заан, намын дотоод эв нэгдлээ сахихыг хичээн дуугуй явсаар ирсэн.

Надад үнэн, худал нь мэдэгдэхгүй, хууль шүүхээр тогтоогдоогүй элдэв бусын цуурхал, гүтгэлэг тохож, тэр бүү хэл хэрэг үүсгэн дарамталж, шантаажилж байхад ч би тэвчсэн. Үйлдсэн хэрэг байвал намайг хууль шүүх дуудах биз. Надад хариуцлага хүлээх ухамсар бий. Шударга бусын хонгилоор намайг чирдэггүй л юм бол надад төр, түмэндээ хийсэн гэм буруу байхгүй. Ерөнхий сайд асан М.Энхсайханд тохсон шигээ өчүүхэн шалтаг ч болов олж намайг шоронд хийх гэж улайрч буйг чинь би мэднэ. Гэвч шударга хуульт ёс, хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг шоронгоор хорьж цагдаж чадахгүйг АН болоод ард түмэн мэднэ.

Өнөөдөр чи МАН-ын У.Хүрэлсүхтэй хамт гэж эрдэж, бардах хэрэггүй. Маргааш чамайг ч залгиж мэдэх анд нөхөд чинь алдаа гаргахыг чинь отож суугаа гэдэгт эргэлзэхгүй байна. Би муу нэртэй, муухай авиртай ч байж болно. Залуу бага насандаа алдаж оносон, дэнсэлж донсолсон хувь тавилантай явж ирсэн байж магадгүй. Гэлээ гээд уул уурхай, улсын хөрөнгө тойрч булаацалдсан дээрэмчид шиг би улсаас нэг ч лиценз, намаасаа нэг ч төгрөг хулгайлж явсан түүх байхгүй. Түүнчлэн МАН-ын нэр дэвшигч, түүнийг тойрсон хүмүүст хандаж дараах зүйлийг хэлье. Х.Баттулгатай үгсэн хуйвалдаж, АН-ыг хагалан бутаргаж, сонгуульд оролцох чадамжгүй мэт харагдуулах жүжиг тоглохоо одоо зогсоо" гэлээ. 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно