2021-04-09 05:25

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан, хязгаарлаагүй


Парламент өчигдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Улмаар олонхийн саналаар хоригийг хүлээж авсангүй. Ингэснээр Ш.Цогтоо Цэцээс  чөлөөлөгдөж,  түүний оронд Ж.Эрдэнэбулган томилогдож байна. 

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн өчигдрийн чуулган нэлээд ширүүн болов.  АН-ын бүлгийн гишүүд болон бие даагч Н.Алтанхуяг нар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булааж, бүрэн эрхэд нь халдаж байна гэсэн байр, суурь илэрхийлсэн. Тэдний зүгээс Үндсэн хуулийн цэцээс Ш.Цогтоог биш Б.Солонгыг эхэнд чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн юм.  Харин эрх баригчдын зүгээс бүх процесс хуулийн дагуу явж байгааг санууллаа.  Гишүүд ямар байр, суурь илэрхийлснийг хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Бие даасан шүүгчтэй болох асуудлыг С.Бямбацогт замхруулах нь

 

-МАН дайрч доромжлох, хүчээр шийдэх асуудал гаарч байна. Та нар одоо боль. Бүх юмыг дайрч, булааж, дарангуйлж чадахгүй шүү. Одоо бүр Цэцийн гишүүн уруу дайрч эхэллээ. Ядаж Ерөнхийлөгчийн статусын томилгоог дээрэмдэж болохгүй. Бие даасан шүүгчтэй болох асуудлыг С.Бямбацогт замхруулах нь. Ёс зүйтэй байцгаа л даа.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ганц Н.Алтанхуяг хамар доороо хагархайтай юм биш

 

- Би 2012-2014 онд МАН-ын бүлгийн дарга байсан. Н.Алтанхуяг дарга надад өширхдөг юм шиг байгаа юм. Хоёулаа улсынхаа төлөө ажиллая аа. Хамтарч ажиллая. Яасан их өширхдөг юм бэ. Одоо болно. Та бас настай хүн шүү дээ. Би хуулиа бариад л ажиллаад байдаг юм. Би танд тайлбарлаагүй, ард түмэндээ тайлбарлаж байна. Тантай яриагүй байна. Ганц Н.Алтанхуяг хамар доороо хагархайтай юм биш, надад ч бас байдаг. Хуулийн дагуу ирсэн бичгийн дагуу хууль журмаараа хэлэлцээд явж байна. Хууль ярихгүй улс төржиж болохгүй. Бид тангараг өргөсөн. Хаа хамаагүй юм ярьж болохгүй. Н.Алтанхуяг өөрийгөө хөөрхөн гээд бодчихсон. Ард түмэн хайртай гэж боддог юм шиг байгаа юм. Шоучин, улстөрждөг хүн шүү дээ. Хууль судалж, хуулиар сурчихаад надтай ярь. Бүх юмыг заана, ухаантай гэж бодсон. Хэлсэн зүйлд чинь хариу барина шүү. Тийм мундаг ухаантай байсан юм бол Ерөнхий сайд байхдаа яагаад эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн юм. Х.Баттулгыг дагаж явж хамаг юм аа цайруулчихаад одоо нэг л их шударга амьтан болох гээд яах вэ. 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Чи Ц.Элбэгдоржийнд л байж байдаг байсан

 

-С.Бямбацогт бол Ц.Элбэгдоржийнд л байж байдаг хүүхэд байсан. МАНАН-гийн л хүүхэд. Хүн өөрчлөгддөг гэж бодсон ч өөрчлөгдөөгүй л байгаа юм байна. Ганц нэг хүний томилгоог нь хүртэл дээрэмдэж авах гээд байх юм. Хуулийн дагуу хийж байна л гээд байх юм. Ингэж хуулийн дагуу хийдэг юм уу С.Бямбацогт оо гэв. Маргаан нэлээд хурцдаж, УИХ-ын дарга Г.Занданшатар дэг сахиулахаар хэдэнтээ алх цохиж харагдав.

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Уйлах өдөр ирэх вий

 

-Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн дэмжиж байна. УИХ хууль дээдлэх зарчмаа уландаа гишгэж, олонхийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж байгаад гүнээ харамсаж байна. Шүүх эрх мэдэл, Үндсэн хуулийн цэцэд олонхиороо халдаж байна. Хууль дээдлэх асуудал хэн нэгний улс төрийн шийдвэр биш хууль байх ёстой. Олонхиороо түрий барьж зарим гишүүн Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэд халдсан үг хэлж байгаа нь ёс зүйгүй байна.  Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны дарга  С.Бямбацогт инээж байна.  Үндсэн хуулийг гажуудуулсан хэмээн уйлах өдөр ирэх вий.

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Дээд шүүхэд хэн нөлөөлж, томилгоог ингэж удаашруулсан юм бэ?

 

-Та нар С.Бямбацогт гишүүн рүү дайраад байх юм. Өнөөдрийн яригдаж байгаа асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоод байна. Цэцийн гишүүний томилгоо Дээд шүүх ирүүлэхгүй 1.4 жил хугацаа хэтрүүлсэн.  Үүнд хэн нөлөөлж байсан юм бэ.  Цэцэд байгаа АН-ыг дэмжиж байгаа хүнийг сугалж чөлөөлж байна гээд байна.  Цэцэд манай хүн танай хүн гэх зүйл байж болохгүй. Гуравт, Үндсэн хуулийн хямрал руу явж байна гэлээ. Ийм яриаг ийм асуудалд бэлдэж, уриалж дуудаж байгаа хүн хэлдэг. Бид сэрэмжтэй байх хэрэгтэй болжээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Сонгуульд гар, хоёр хөлийг нь хүлчихээд өрсөлдөх нь л дээ

 

-Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хууль дээр маргаан үүсч байгаад гайхаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг сонгож болох, болохгүй гээд маргаад байж болох уу.  Цэцийн хоёр гишүүний асуудлыг ярьж байхад нэгийг нь үлдээгээд нэгийг нь аваад үлдчихэж болдог юм уу. АН-ыг дэмжсэн шийдвэр гаргаж байгааг нь явуулчихдаг, нөгөөхийг нь үлдээж байгаа нь тэгш эрхэд нийцэх үү. Сонгуульд хоёр гарыг, хоёр хөлтэй нь хүлчихээд өрсөлдөх гээд байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгчийг буланд шахсан асуудал байхгүй

 

-АН-ын нөхөд, Ерөнхийлөгчийн институтыг ойлгож байна. Хэт их эрх мэдэл булаацалдаж байгаа мэт харагдуулж байна. Ойлгож байна. Нэг талдаа ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч буланд шахагдаад хэцүү байгаа юм шиг харагдуулаад байна. Ерөнхийлөгчийн эрхийг булаах гээд байгаа юм биш. Тэнцвэрийг хадгалах гээд байгаа юм. Сүүлийн 10 жилд Ерөнхийлөгч гэдэг хүн авлигатай тэмцэж, хууль тогтоох гээд бүх зүйл дээр орж явсныг нь тэнцвэржүүлэх гээд байгаа юм. Ерөнхийлөгч хүчгүй болоод байгаа юм биш.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно