2021-03-31 04:18

АН-д Р.Амаржаргал л байна


Хоёр АН даргаа сонголоо. Энэ бол Монголоос байтугай дэлхийгээс ч дуулахааргүй сонирхолтой улс төр юм. Гэхдээ хэдхэн хоногийн дараа гэхэд нэг нь үлдэж, нөгөө нь “хаагдаж” таарна. Үйл явдлын өрнөлөөс харвал М.Тулгатыг даргаараа тодруулсан “Эрдэнийн АН” нь үлдэх бололтой байна.

Албан ёсны тамгатай, бас нөлөө бүхий улстөрчдийнх нь “бооцоо” тавьсан байдал зэрэг нь ийм дүгнэлтийг хийхэд хүргэж буй юм. Тэгэхээр М.Тулгатын тэргүүлсэн АН-аас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодорно гэсэн үг. Түүнчлэн өдгөө АН-аас Ерөнхийлөгчид хэн нэр дэвших вэ гэдэг асуулт тавигдаж, хариулт нь хараахан ил болоогүй байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга хүчин төгөлдөр хэмээгдэж үлдсэн АН-аас дахиад нэр дэвшинэ гэж зүтгэнэ. Гэхдээ тэр дахин нэр дэвших эрхтэй болтол мөн ч ээдрээтэй замыг туулна даа. Дахиад дэвших боломж бараг үгүй гэхээр харагдаж байна.

“...Х.Баттулга өрсөлдөгчгүйгээр дахин Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой” гэж цахим сүлжээнд “жиргээд” байгаа З.Энхболд өөрөө нэр дэвших бодолтой байгааг олон эх сурвалж хэлж байна. Өөрөө үгүйсгэж байгаа ч Х.Баттулгын Тамгын газрын дарга байхаасаа ийм төлөвлөгөөг тархиндаа суулгачихсан гэх юм билээ. Үүний нэг баталгаа нь одоо Х.Баттулгад занга болчихоод тамлаж буй Үндсэн хуульд оруулсан “...Зөвхөн нэг удаа” гэдэг өөрчлөлт юм.

Уг өөрчлөлтийн үйлчилж эхлэх хугацааг 2025 он гэж байсныг мань З.Энхболдын гүнзгий оролцоо, санаачлагаар УИХ-аас 2020 он болгоод наашлуулах шийдвэр гаргаж байжээ. Нөгөөтэйгүүр 2020 оны эхээр Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрын дарга З.Энхболдыгоо гэнэт чөлөөлөөд явуулж байлаа. Гэвч З.Энхболд нь Х.Баттулгыгаа бүрмөсөн явуулах хаалгыг нээж орхичихоод явсан байгаа юм. Ер нь бол хэн нь хэнийгээ “явуулсан” бэ гэдэг улс төрийн сонирхолтой бодлого бас гарч ирнэ. Удахгүй бүх зүйл тодорхой болно л доо.

Харин З.Энхболд өөрөө хүссэн ч тултал “найруулга” хийж чадахгүй л бол бас л нэр дэвших боломж байхгүй. Хамгийн гол нь намынхан нь З.Энхболдыг дэмжихгүй л болов уу даа.

Дээрх хоёроос гадна “Эрдэнийн АН”-ын дарга болохоор өрсөлдсөн Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших эрх горилж байна. Гэхдээ тэр намын даргын сонгуулийн дараа хэлсэн үгээрээ нэр дэвших үүд хаалгаа АН-ын хувьд хаачих шиг болсон. Тэрээр “...Намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшинэ, намын даргын сонгуульд өрсөлдсөн нь бие халаалт байлаа” гэчихсэн юм. Одоо тэгэхээр АН-ыг авч гарч мэдэх хамгийн аятайхан нэр дэвшигч нь Р.Амаржаргал болж таараад байна. Эдийн засагч учраас аливаад тооцоололтой хандана. Хэрвээ Р.Амаржаргал Ерөнхийлөгчид нэр дэвшвэл ерөнхийдөө эерэг дүртэй улстөрч учраас балчигт шигдсэн АН-даа ялалт авчирч мэдэх л юм.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэглдэл: 2

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!