2021-02-26 01:36

У.Хүрэлсүх Х.Баттулгатай уулзахгүй, утасны дуудлагыг нь ч авахгүй байна


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хувьд мухардалд ороод байна. Учир нь түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшин, ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин зургаан жил ажиллах хүсэл бий нь тодорхой.

Гэвч түүний өмнө давахад тун хэцүү даваа тулгараад байна. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжтой болох явдал.

УИХ-ын гишүүн Т.Доржханд, иргэн О.Мөнхсайхан зэрэг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, улмаар цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн, нэгтгэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй нь тодорхой болсон.

Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ЕТГ-т тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичиг илгээсэн нь  Ерөнхийлөгч Х.Баттулгыг ихэд бухимдуулжээ.

Улмаар албан бичгийн хариуг өөрийн биеэр өгөхөөр Үндсэн хуулийн цэцэд очин, : "Үндсэн хуулийн цэц өөрийнхөөрөө эцэслэн шийдвэрлэж, жишиг тогтоосон асуудлаа дахин дахин авч хэлэлцээд байдаггүй гэж бодож байна. Жишээ нь, 1997 онд Пунсалмаагийн Очирбат гурав дахь удаагаа нэр дэвшсэн. Үндсэн хуулийн цэц дээр ийм маргаан үүсэж, улмаар П.Очирбат нэр дэвших эрхтэй, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэж, энэ асуудалд цэг хатгасан байна.

Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуультай төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох заалттай, маргаангүй асуудлаар маргаан үүсгэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Тэднийг өөгшүүлж болохгүй. Маш тодорхой, ардаа захиалгатай хүмүүс ажиллаж байна. Тэдний санаархлаар ард түмний эрх мэдлийг хурааж авах гэсэн аливаа үйл ажиллагаа нь сайн зүйлд хүргэхгүй гэж бодож байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хүмүүс өнөөдөр бүгд амьд сэрүүн, ажлаа хийж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан эрх баригч нам хүртэл хэвээр байна. Тиймээс яагаад ийм маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна." хэмээн зандрах, гомдоллох хослуулан өгүүлснийг хэвлэлүүд дамжуулсан билээ.

Эх сурвалжийн өгүүлж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулгын бухимдал Үндсэн Хуулийн Цэцэд очсон төдийгөөр хязгаарлагдахгүй ажээ.

Тэрээр Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх үедээ ярьсан тохирсноосоо буцаж, өөрийг нь хуурна чинээ бодоогүй явсан МАН-ын удирдлагуудад хатуу үг чулуудан, Үндсэн Хуулийн Цэц дээр маргаан үүсч буй нь хууль зөрчиж буй тул нэн даруй зогсоохыг шаардсан байна.

Гэвч түүнтэй холбогдсон МАН-ын нэр бүхий лидерүүд мэдэн будилж, нэг нэгэн рүүгээ асуудлыг бултуулах маягаар "амыг нь таглаж буй" гэнэ.

Гэхдээ явж явж Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрт "цагаан байшингийн эзэн" л нөлөөлж чадах нь нууц биш.

Иймээс ч Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүсэлтээр огцорсон өдрөөс нь хойш уулзаагүй яваа МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй холбогдохыг хичээж буй ч нөгөөх нь уулзахгүй, тэр бүү хэл утасны дуудлагыг нь авахгүй байгаа ажээ.

 

Э.Мягмардорж

сонин.мн


Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!