2021-01-04 05:10

Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-3


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувь эзэмшдэг “Мах Импекс” ХХК нь 2015 онд жилийн 3.8 хувийн хүүтэй 16.5 тэрбум төгрөгийн эргэлтийн зээлийг  авсан байдаг. Энэ зээлийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд улсаас өгсөн. Гэтэл өнөөдөр зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэх, эргэн төлсөн эсэхийг шалгах боломжгүй болжээ. Учир нь үүнтэй холбоотой бүх баримт нь архиваас устгагдсан гэх мэдээлэл байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэгийн үүсгэн байгуулсан “Милл Хаус” ХХК нь улсын төсвөөс санхүүждэг “Мал хамгаалах сан”-аас 2.0 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авчээ. Тэрхүү зээлийн хөрөнгийн 400 сая төгрөгт л “Тэжээл импортолсон” гэсэн баримт байна. Үлдсэн 1.6 тэрбум төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. 

Тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Чинзориг өөрийн эзэмшлийн “ЧТМО” ХХК-д “Мал хамгаалах сан”-гаас 2.0 тэрбум төгрөгийн “хүүгүй зээл” авч, 807 сая төгрөгийг зориулалтын дагуу ашигласан гэх баримт бүрдүүлээд үлдсэн зээлийг нь төлөөгүй гэсэн мэдээлэл бий.  

“Милл Хаус” ХХК нь 2017 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр үрийн буудай нийлүүлсэн байдаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Милл Хаус” компанийн эзэмшлийн 0308УНҮ улсын дугаартай, хар өнгийн “Toyota 4 Runner” маркийн автомашин сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор 1.8 тэрбум төгрөгийг бэлнээр авч явж байгаад хуулийн байгууллагад саатуулагдаж байв. 

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байх хугацаанд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн худалдан авах ажиллагаанд нийт 7.0 тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрсэн байдаг. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын 2007-2008 онд үүсгэн байгуулсан “Камекс” компанийн охин компани болох “Төгрөг нуур энержи” ХХК нь Улаанбаатар хотын “Цэвэр агаар сан”-гаас 1.0 сая гаруй ам.долларын татаас авч “утаагүй түлш” үйлдвэрлэхээр болсон. 2008 оны аравдугаар сард үйлдвэрийнхээ нээлтийг хийж, Х.Баттулга өөрөө очиж тууз хаачилсан зураг нь одоо хүртэл интернэт орчинд бий. Энэ үйлдвэр 1.0 сая ам.доллар буюу 2.9 орчим тэрбум төгрөгийн татаас улсаас авсан ч нэг шуудай сайжруулсан түлш үйлдвэрлээгүй. http://deppsu.blogspot.com/2008/10/blog-post_21.html

Сүүлдээ Төгрөг нуурын орд нь хятадуудад 250 сая ам.доллараар зарагдахад Х.Баттулгын үүсгэн байгуулж, 90 хувийг нь эзэмшиж байсан “Камекс” ХХК компанийн хуульчид нь “Засгийн газар нь “Төгрөг нуур энержи” компанийг үйл ажиллагааны зорилтоо биелүүлсэнгүй гээд хариуцлагад татах магадлал нь маш бага” гэж албан ёсоор мэдэгдсэн байдаг нь Хонконгийн хөрөнгийн биржийн сайт дээр одоо хүртэл байна.

Тэр үед Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээвэр, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан.

Хонгконгийн хөрөнгийн биржийн энэ линкээр ороод энэ мэдээллийг үзэж болно. 270 хуудаст энэ талаар бүр тодорхой бичсэн байдаг. Бүр 1.0 сая ам.доллар дээр нь нэмээд дахиж мөнгө улсаас өгөх болсон тухай бичсэн байгаа юм. https://www1.hkexnews.hk/listedco/listconews/sehk/2010/0511/ltn20100511525.pdf

УИХ-ын 2012 оны сонгуулиар АН ялсны дараа  А.Гансүх Зам, тээврийн сайд, “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал байсан Б.Батзаяа Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Баянгол” зочид буудлын ерөнхий нягтлан бодогчийн ажлыг олон жил хийсэн Ц.Цэрэнчимэг тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, “төмөр замын хэрэг” шалгагдах явцад Монгол Улсаас оргон зайлсан гэгддэг П.Бат-Эрдэнэ “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирал болсон. 

 

БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн албан ёсны төлөөлөгч, охин компани хэмээх “Си Эс Ти И Си Эм” ХХК-ийг Монгол Улсад үүсгэн байгуулж, худалдан авах ажиллагааны тухай хуулийг зөрчин огт тендер шалгаруулалтгүйгээр 440 сая ам.долларын өртөг бүхий Ухаа Худаг-Гашуунсухайтын төмөр зам барих гэрээг тус компанитай байгуулсан байдаг. Энэ компанийн захирал гэгч Солонгос улсын иргэн Ли Жон Йол бүх зүйлийг Солонгос талаас нь гардан зохион байгуулсан. 

Хуулийн байгууллагууд энэ хэргийг шалгахад 37 тэрбум төгрөг, 18 сая ам.долларыг элдэв Монгол болон Солонгос компаниар дамжуулан гадагшаа гаргаж мөнгө угаасан нь тогтоогдсон. 

“Нутгийн Буян” ХХК, “Бомян” ХХК, “Монгол Бетон Дэр” ХХК, “Бат Бэх Ремикон” ХХК, “Чонвун Рейлроуд Монголия” ХХК гэх мэт компаниар дамжуулан Солонгос руу их хэмжээний мөнгө  гаргасан нь баримтаар нотлогдсон байдаг. Эдгээр мөнгө цаашаа хаашаа явсан бэ? 

Тодруулбал, “Нутгийн Буян” ХХХ төмөр зам барих хөрөнгөөс 260 мянган ам.долларыг компанийн тайланд огт тусгалгүйгээр Солонгос дахь “Хаан Бууз” гэх компанийн дансанд “экскаваторын төлбөрт” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байдаг. Буузны компани экскаватор үйлдвэрлэдэг үү? 

“Бомян” ХХК төмөр замын дэр бетон нийлүүлэх гэрээний дагуу 4.0 тэрбум вонныг аж ахуйн үйл ажиллагааны тайландаа тусгалгүй Солонгос руу шилжүүлсэн байдаг. 

А.Гансүхтэй холбоотой гэгддэг “Монгол Бетон Дэр” ХХК гэрээний дагуу тухайн үеийн ханшаар 18 шахам тэрбум төгрөгийг төмөр замын дэр бетон нийлүүлэхээр авсан боловч нэг ч бетон дэр нийлүүлээгүй байдаг. Бас их хэмжээний мөнгө Солонгос руу шилжүүлсэн. 

Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаад бүх баримтийг тогтоогоод холбогдогчдыг яллагдагчаар татсан. Гэтэл 2017 оны сонгуулийн дараа хэрэг үгүй болж, цөөн хэдэн төгрөгний торгууль төлөөд бүгд ялгүй салсан. 

Одоо энэ Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замыг хэдэн ч удаа бариад хэдэн ч төгрөг зарцуулаад байгааг мэдэх хүн алга. УИХ-ын Байнгын хорооны гишүүд “Эрдэнэс Тавантолгой” компани дээр очиж ажиллахдаа энэ талаар асуухад гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь олны өмнө “Энэ асуудлыг би мэдэхгүй” гэсэн байдаг. 

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээврийн сайд байхад 2010 онд АНУ-ын иргэн Чулуунхүүгийн Ганбат  Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчин зөвлөхөөр нь томилогдсон. Улмаар 2011 онд “Шинэ төмөр зам” төслийн ажлын хэсгийн дарга, Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр тус тус томилсон. “Монголын төмөр зам” төрийн өмчийн компанийн захирлаар Б.Батзаяаг мөн томилсон байдаг. 

Төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэх нэрээр АНУ-ын “МакКинси” компанитай тендергүй гэрээг Б.Батзаяа байгуулж, 5.6 сая ам.доллар шилжүүлсэн.Үүнээс 1.6 сая ам.долларыг Ч.Ганбатын үүсгэн байгуулсан “Либерти Партнерс” ХХК болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан. 5.6 сая ам.долларыг төмөр замын зүтгүүрийг барьцаалж зээлээд сүүлд нь Хөгжлийн банкнаас авч төлсөн.

Уг хэргийг шалгах явцад Ч.Ганбат нь АНУ-ын иргэн байсан нь илэрч, Монгол Улсаас оргон зайлсан. Түүнийг холбогдох байгууллагаас хүсэлт гарган Интерполоор эрэн сурвалжилсан боловч, 2017 оноос хойш эрэн сурвалжлах ажлыг зогсоосон. 

Маккинсигийн хийсэн ТЭЗҮ гээд байгаа баримт гуравдугаар хуудсанд “Энэхүү Техник эдийн засгийн үндэслэлийг зөвхөн Монголын Төмөр Зам төрийн өмчит компанийн дотоод хэрэгцээнд зориулан боловсруулсан, мөн судалгааны хугацаанд мэдэгдэж байсан мэдээлэл дээр үндэслэсэн ба зөвлөх баг нь тэдгээр мэдээллийг боловсруулаагүй хөндлөнгийн этгээдээр хянаж баталгаажуулаагүй болно. Энэ тайланд тусгагдсан зөвлөх багийн техникийн зөвлөмжийг шууд хэрэгжүүлэх ёсгүй бөгөөд техникийн зөвлөхөөр дахин нягтлан баталгаажуулах шаардлагатай” гэсэн байв. Ийм техник эдийн засгийн үндэслэл гэж байх уу? 

Энэ хэргийн талаар АНУ-ын ProPublica онлайн сэтгүүлд маш дэлгэрэнгүй нийтлэл хэвлэсэн бөгөөд Монгол Улсын гадаад нэр хүндэд сэв суулгаж, төрийн эрх баригчид гадны зөвлөх үйлчилгээний компаниудтай мөнгө угаадаг улс орны жишээ болсон. Одоо ч гэсэн тус нийтлэлийг доорх линкээр ороод уншиж болно 

https://www.propublica.org/article/the-country-that-exiled-mckinsey

Энэ хэрэг нь ФАТФ, Европын холбооны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны дутагдалтай улсын “хар жагсаалт”-д Монгол Улсыг оруулах шалтгаануудын нэг болсон уу?

 

2011 онд Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр хот байгуулалтын сайд байхад тус яам нэг хоногийн дотор сонгон шалгаруулалт  хийж, Хөтөлийн цемент шохойн төрийн өмчийн хувьцаат компанийг “Бейзмент” ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байдаг. Үндсэндээ хөрөнгө оруулах нэрээр менежментийг гартаа оруулж авсан. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нэг ч удаа ашигтай ажиллаагүй. Улмаар 2015 онд хувьчилж авсан байдаг.

 

Төрийн өмчит компани байгаад хувийн компани болсон Хөтөл ХХК нь  өнөөдрийг хүртэл Хөгжлийн банкинд 275.1 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй байсаар л байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албан тушаалыг хашиж байхад тус яамны харьяа “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчийн хувьцаат компанитай“Натурфрэйндли” ХХК Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх гэрээг 2013 оны гуравдугаар сарын 2-ны өдөр байгуулсан. Уг гэрээг гүйцэтгэх явцад хуурамч гүйцэтгэл үйлдэж, 4.3 тэрбум төгрөгийг “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХК-иар дамжуулан Хөгжлийн банкнаас гаргуулж, улсад онц их хэмжээний хохирол улчруулсан нь хуулийн байгууллагаар шалгагдаж байсан боловч 2017 онд энэхүү хэрэг хаагдсан. 

Нөгөө л АНУ руу оргон зайлдаг Ч.Ганбатыг 2012 оны аравдугаар сард байгуулсан “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ-ийн даргаар томилсон. 2013 онд Сайшанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 14 тэрбум 170 сая төгрөг Хөгжлийн банкнаас олгохоор засгийн газраас шийдсэн. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх ажлын даалгаварт анх 32 мянган га газар үнэлгээ хийнэ гэж бичиж төсвөө батлуулсан. Харин ажил хийхдээ дөнгөж 3500 гаруй га болгон багасгасан. Тэгээд ажлын үнийг хэвээр үлдээсэн. 

Өнөөдөр Сайшандын аж үйлдвэрийн цогцолбор байтугай нэг ч яндан тэнд байхгүйг хэн ч очоод үзэж болно.

Энэ хэргийн талаар одоо ч гэсэн нээлттэй энэ мэтийн линкээс олж уншиж болно.

https://unuudur.mn/-%D1%85%D3%A9%D0%B3%D0%B6%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B0%D1%80%D0%B2%D0%B8%D0%BD-%D1%82%D0%B0%D0%BB%D1%85-%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D1%85-%D1%85%D3%A9%D1%82%D3%A9%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D2%AF%D0%B9%D0%BB%D0%B4%D0%B2%D1%8D%D1%80/

Ч.Ганбат гэдэг хүнийг олж ирээд асуух асуулт тун их. Гэтэл Ч.Ганбат Нью Йорк хотод 60 W 66th st apt 11f /Нью-Йорк хот, 66 дугаар гудамж, 11F байр, 60 тоот/ хаягаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын иргэний хувьд саналаа өгөн иргэний үүргээ биелүүлсэн шиг амьдарч байна. Энэ мэдээ ч бас олон нийтэд ил тод сайтууд дээрээс олж мэдэж болж байна. Түүнтэй хамт байгаа нэг эмэгтэйг Ч.Ганбатын хамт мөн олон зуун мянган ам.долларыг оффшор компаниас Монгол Улс руу оруулж ирж угаасан хэрэгт сэжиглэж байгаа ажээ.

Х.Баттулгын үүсгэн байгуулсан “Камекс” ХХК компанийн охин компани “Төгрөг нуур энержи”-д байсан Төгрөг нуурын нүүрсний ордыг болон хэд хэдэн ордыг Хятад эзэнтэй Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Минг Хинг Уотеруоркс Холдингс Лимитед” компанид 250 сая ам.доллараар зарсан түүх хэдэн жилийн өмнөөс олонд ил болсон. Төгрөг нуурын ордыг стратегийн ач холбогдолтой ордуудын хоёрдугаар жагсаалтад оруулан УИХ-аас баталсан. Уг орд Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн ордуудтай адил үр шимээ ард түмэнд өгөх ёстой байлаа.

Говь Алтай, Завхан, Дундговьд байдаг алт, зэс, нүүрсний орд бүхий нийт 75 мянган га газрыг хамарсан 11 лицензийг Төгрөг нуурын ордтой хамт зарсан. Энэ бүх баримт нь одоо ч гэсэн Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээллийн санд байсаар л байдаг. Хэн ч хайгаад олоод гаргаад ирж болно. 

“Минг Хинг Уотерворкс Холдингс” оффшор компани нь “Монголия Инвестмент Групп” /”Mongolia Investment Group”/ болгон нэрээ сольж, Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалж байснаа 2013 оны есдүгээр сард зогсоосон. Үүнээс хойш уг компанийн тухай мэдээлэл тодорхой бус байгаа боловч “Монголия Инвестмент Групп” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь болох БНХАУ-ын байлдааны нисэх онгоц үйлдвэрлэгч, төрийн өмчит “АВИК” \AVIC\ компани байсан мэдээ мөн л Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээллийн санд байна. Уг 11 лицензийг хэн бүрэн мэдэлдээ авсан нь одоо л тодорхой болж байна.

Энэ мэдээг Хонконгийн хөрөнгийн биржийн энэ хуудас ороод албан ёсоор үзэж болно.  

https://di.hkex.com.hk/filing/di/NSForm2.aspx?fn=208223&sa2=ns&sid=50000257&corpn=Mongolia+Investment+Group+Ltd.&sd=21%2F08%2F2012&ed=13%2F08%2F2013&sa1=cl&scsd=13%2F08%2F2012&sced=13%2F08%2F2013&cn=1&src=MAIN&lang=EN&cname=Mongolia+Investment+Group+Ltd.&

Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн Т.Лхагвадорж 2011 оны есдүгээр сард Тайландын “Банпү Групп”-д Монгол Улсын Өмнөговь, Дундговь, Сүхбаатар аймагт байдаг Цант уул, Үнст худаг зэрэг нүүрсний орд газрыг нийт 443 сая ам.доллараар худалдсан. Энэ мэдээг энэ линкээр орж уншиж болно.  

https://www.nationthailand.com/business/30165112

“Банпү Групп”-д зарсан эдгээр ордын лиценз дээрээ тун удалгүй маргаан үүсгэсэн. Тэгээд нөгөө тайланд компани мөнгө ч үгүй, лиценз ч үгүй болж, одоог хүртэл Тайландын төрийнхөн энэ асуудлыг байнга хөндөж ярьдаг.. 

Өнөөдөр Т.Лхагвадорж нь Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаал хашдаг. 

Үүнээс гадна “Корес” компанийг “Камекс” ХХК-ийн дор байгуулж, солонгосчуудтай лицензийн наймаа хийсэн байдаг. Энэ бол хамгийн наад захын олны нүдэнд ил байгаа жишээ юм.    

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн охиноороо дамжуулан оффшорт бүртгэлтэй “Женко Холдингс Пи-Ти-И” буюу Jenco Holdings PTE компанийг 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл эзэмшиж байсан мэдээ саяхан Сингапур улсын албан ёсны бүртгэлийн байгууллагад байгаа нь ил болсон.

Мөн Х.Баттулгын ДXXXXXXX дугаартай дипломат  паспорт дээр нь үүнээс гадна хэд хэдэн компани байсан нь ил боллоо. Түүний дипломат паспорт дээр нь “Эм-Си-Би Холдингс Пи-Ти-И” буюу MCB Holdings PTE компани бүртгэлтэй байсан бөгөөд УИХ-ын гишүүн байхдаа тус компанийн хувьцаа эзэмшигч байсаар байжээ. “Money Come Back” буюу MCB Holdings гэх энэ оффшор компанийн нэр бас удахгүй өөр асуудалд холбогдон гарч ирнэ. 

Мөн түүний дипломат паспорт дээр нь бүртгэлтэй “Финсланд” Пи-Ти-И буюу “Finisland” PTE компанийн хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүн байхдаа байсаар л байж, “Биз-Интегрэйшн” Пи-Ти-И буюу “Biz International” PTE гэх компанийн хувьцаа эзэмшигчээр аль 2011 он гэхэд л байсаар л байжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа Сингапурт үүсгэн байгуулсан “Атом Индастриз Энтерпрайз” Пи-Ти-И буюу “Atom Industries Enterprise PTE” компанийн захирлаар 2007 оны зургадугаар сарын 13-ны өдөр хүртэл ажиллаж байжээ.  “Ассет Профешионал Сервисес” Пт-Ти-И буюу “Accet Professional Services” PTE компанийг бас үүсгэн байгуулсан байна.

Энэ бүгдээрээ оффшор компани юм. 

 

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно