2020-12-28 05:29

С.Баяртангууд богинохон хугацаанд яаж баяжсан гээ


БУЛМАЛ ХӨРӨНГӨ

"МОНГОЛЫН МӨНГӨ ХӨРӨНГӨНИЙ ТАЛ ХУВИЙГ ДЭЛХИЙГЭЭР НЭГ ТАРААГААД "БУЛЧИХСАН" ГЭНЭ". АТГ-ААС 10 ГАРУЙ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ БИТҮҮМЖЛЭЭД БАЙНА.

 

Та ажигладаг уу? Ан амьтад, тэр дундаа хулгана, зурам гэх мэтийн мэрэгчид өөрсдийнхөө дуртай өвс ургамал, жимс ногоог уул хад, гол мөрний эрэг сав газраар хураагаар хөеөлөн булчихсан байдаг. Өл хоол тасрахад өвөл хавраар иднэ, алсдаа хэрэг болно л гэж бодсон нөөц байх. Хааяагүй хураасан тэр их хөрөнгөө идэж барах нь ч бий, мартаад алга болох нь ч зөндөө. Хүний оюун ухаанаар бүтсэн яг ийм булмал хөрөнгийн тухай би бичих гэж байгаа юм.

 

Монголчууд булмал хөрөнгө гэгчийг огт мэдэлгүй явж ирсэн. Сайндаа л хэд хоногийн хоолоо базаадаг, хүүхдээ гэрлэхэд өгнө гэж ээмэг, бөгжөө хадгалдаг байв. Хоолныхоо үлдэгдлийг маргааш иднэ хэмээн тавьж унтахад нь гадныхан “Монгол хүн тэнэг, маргааш байх үгүйгээ мэдэхгүй байж, хоолоо тавьж хонодог’’ гэж хошигносон байдаг. Ер нь тэгээд “хоёр идэхгүй, хоосон хонохгүй болж байна" гээд хэнэггүйхэн алхаж байдаг хүмүүс бол монголчууд.

Сүүлийн гучин жилд л нэг хэсэг бүлгийн зан ааш эвдэрч, хурааж “булах донтон” элбэгшсэн. Би ингэж хэлэхдээ ариун цагаан хөдөлмөрөөрөө хураагаад байх ёстой газар нь хадгалж, арвижуулж байгаа хүмүүсийг хэлээгүй юм шүү.

Хувьчлал нэрээр, хулгайн аргаар асар их хөрөнгө хууль бусаар олж аваад дотооддоо  нуудаг байсан бол гадаадад аваачаад “булчихдаг” хэсэг бүлэглэлийг л хэлж байгаа юм. Гадаадын банкуудад аваачин “булдаг” байсан бол одоо оффшор бүсүүдэд аваачин нуудаг, газар, орд харш, машин техник, өндөр өртөгтэй компанийн хувьцаа болгоод гадаадын хамгийн тансаг зэрэглэлийн газруудад “булчихдаг” болсон байна.

Олон улсын хэмжээнд байдаг их нарийн аргуудыг ч сайн сурч, хэн ч сэжиглэхээргүй, олохооргүй “булдаг” болсон нь энэ бүлэглэлүүдийн ур чадвар гэлтэй.

Хэдэн баримт авбал илүү ойлгомжтой болох бол уу?! Монголд Шаравламдангийн Батхүү гэж дэлхий даамгүй баян хүн гэнэт тодорсон. Барилга байшин, эдлэн газар, уул уурхай, шатахуун түгээх станц хэд ч гэв, Монголын үнэт хөрөнгөөр бол тоглосон л доо. Тэр их хөрөнгөндөө ханаж цадалгүй гадаадын “Стандарт” банкнаас Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан олон сая ам.долларын зээл аваад зувчуулчихсан байдаг. Багын найз С.Баярынхаа Засгийн газрын үед шүү дээ. Нэг хүн байтугай ямар ч том пүүс компани авч чадахааргүй тэр их валютыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсэг бүхий бичиг баримтыг бүрдүүлээд авчихсан. Монголынхоо ганц “саалийн үнээ”-г ийм том хуйвалдааны барьцаанд тавьчихаад байхад тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр мэдээгүй ч юм уу, оролцоогүй байх ямар ч үндэслэл байхгүй. Тэгээд л хүмүүс “энэ том хулгайн ард С.Баяр байсан” гэдэг юм. С.Баяр “надад хамаагүй гэж гүрийдэг”. Д.Сугар нь оргоод гадагш гарчихсан. Хэргийн эзэн нь Ш.Батхүү уг хэргийг хүлээдэг боловч “надад одоо юу ч байхгүй, хоёр чихийг минь авбал ав” гээд сууж байгаа. Баривчлагддаг боловч эмнэлэгт хэд хоноод гараад ирдэг. Шүүх, прокурорынхон энэ хэргийн эздийг шалгаж байгаа нэрээр долоон жил толгойг нь илэн эрхлүүлж байгаад саяхан таслаад сураг тасарсан. Тэр ч байтугай Авлигатай тэмцэх газрын дарга асан Х.Энхжаргал шоронгоос гарч ирсэн С.Баярыг албан өрөөндөө цайлж дайлан хүндэтгэл үзүүлдэг болсон.

Хүн болгон л “Ш.Батхүү тэр их хөрөнгөө хаана булсан бэ?” гэж асуудаг. Хэрэг нь илрэх болохоор бүгдийг тараагаад гадаад дотоодын танил тал, гэр бүл, садан төрлийнхөө нэр дээр болгочихсон. Нэр усыг нь өөрчилсөн, энэ өмгөөлж хамгаалсан долоон жил шүүж байгаа шүүх, прокурорынхонд ч өгчихсөн байж магадгүй гэдэг. Булмал хөрөнгө гэдэг жинхэнэ дүр зургаараа энэ л байхгүй юу.

Бас нэг булмал хөрөнгө гэнэт задарсан. УИХ-ын гишүүн асан эмэгтэй, Ерөнхий сайд асан С.Баярын “булмал” хөрөнгө буюу “долоон хаусны” тухай анх зурагтай нь дэлгэн тавьж билээ. АНУ-д долоон хаус худалдаад авчихсан, нэгнийх нь гадаа ажил хийж байгаа зураг нь хүртэл хэвлэл мэдээллээр цацагдан их шуугиан тарьсан. Тэгсэн чинь долоо биш ес юм билээ. Үүний тавыг нь С.Баярыг Ерөнхий сайд болохоос өмнө, Оюу толгойн гэрээ ч сураггүй байх үед охин нь танил хүнтэйгээ үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр бизнес хийж байх үедээ худалдаж авсан, нөгөө дөрвийг нь Оюу толгойн гэрээ хийсний дараа худалдаж авсан гэж С.Баяр өөрөө хэлсэн юм билээ. Тэр бүх бизнесийн хүрээнд С.Баяр болон эхнэрийнх нь хувийн дансанд сая саяар ам.доллар, тэрбум тэрбумаар төгрөг эргэлдэж байсныг хауснуудын эзэд хэлсэн байдаг. Үүнийг нь хууль хяналтын байгууллагаас удаан хугацаанд шалгасны дүнд С.Баярыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, аль нэг компанид давуу байдал үүсгэсэн, хууль бус орлого олсон, хууль бус тэр орлогоо угаасан хэмээн ялласан юм. Хамсаатан зарим хүмүүст нь ч бас ийм зүйл ангиудаар ял шийтгэгдэн хориод “булмал” хөрөнгийн зарим хэсгийг хураах шийдвэр гарсан. Мэдээж С.Баяр болон түүний хамсаатнууд энэ шийдвэрийг буруутган, ямар ч гэмт хэрэг хийгээгүй тэр нь нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй хэмээн гүрийж байгаа. Хэн ч биеэ өмөөрөх байх. Гэхдээ юманд учир, суманд занги бий. С.Баяр бид нар бол зах зээлийн нийгэмд нэг л гараанд хөл тавьсан хүмүүс. Ерөнхий сайд болонгуутаа “Стандарт биш Засгийн газар” гэж юм байгуулаад Оюу толгойн гэрээг хам хум хийсэн болж нүд хуураад Намын тамга, Ерөнхий сайдын тамгаа найздаа “хаячихаад” гадаадад гарсан хүн шүү дээ. Хүмүүс бол “Д.Сүхбаатарын талбайд алагдсан таван халуун амь, шархдаж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс С.Баяраас эрүүл мэнд, амь насаа нэхдэгийн даваан дээр гадаад руу зугтаж гарсан. Гарахын тулд Оюу толгойн гэрээг хам хум үзэглүүлж, тэндээс хөрөнгөжиж аваад явсан” л гэдэг юм. Тэгээд ч С.Баяртангууд богинохон хугацаанд яаж баяжсан гээ. Түмний нүдэнд ил байгаа энэ зүйлийг нууж хаагаад яах юм?! Хэзээ нэгэн цагт нүгэл нүдээ олоод л гарч ирдэг шүү дээ.

Ийм “булмал” хөрөнгө ганц нэг биш газар газраас илэрсээр л байгаа. Төрийн томчуудын асар үнэтэй хауснууд БНСУ-ын дээд зэрэглэлийн тансаг хорооллоос хэд хэдээрээ илэрсэн нь чимээгүй дарагдаж байгаа. Бодвол энэ төр засгийн удирдлага, хууль хяналтынхны ах дүү юм уу, ойр дотныхны “булмал” хөрөнгө байх л даа. Зарим хүн хүүхдийнхээ нэр дээр асар их хөрөнгө хурааж гадаадад гаргаад, тухайн улсынхаа хуулинд зохицуулан хүүхдээ гадаадын харьяат болгосон баримт ч байна.

Бас нэг “булмал” хөрөнгө Монголдоо төдийгүй олон улсад шуугиан тарьсаар ер намжих шинжгүй. Хэдэн жилийн өмнө хотын төвийн нэгэн байранд оршин суудаг иргэнээс асар их валют, төгрөг илэрсэн. Энэ нь яван явсаар Салхитын мөнгөний ордыг хууль бусаар эзэмшигчдийн хахуулийн мөнгө болж таарсан. Монголчуудаас гадна Хятад иргэд, тэдний компани оролцсон Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарын гэх энэ “булмал” хөрөнгийн хэрэгт хууль шүүхийнхэн оролцоод холбогдчихсон. Бүх шатны шүүхийн шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгчид хүртэл хахууль авч асуудлыг шийдэж байсан уул хэрэг энэ оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдсэн болоод өнгөрсөн. Энэ ноцтой хэргийн “булмал” хөрөнгө нь зөвхөн хахуульд өгөх асар их валют, төгрөг л байсан юм билээ. Энд холбогдсон л нэлээд хэдэн шүүгчээс зарим нь шоронд амиа хорлосон, нэг хэсэг нь гадаадад оргож гарсан буюу зохион байгуулалттайгаар оргуулсан байж болох, хэдэн шүүгчийг таслан шийтгэсэн боловч удалгүй ялаас чөлөөлж, улсын маань Ерөнхийлөгч шүүгчийн эрх мэдлийг нь эргүүлэн тогтоож өгдөг байгаа! Мөн ч хачин хорвоо шүү. Энэ хууль шүүхийнхэн оролцсон ноцтой хэргийг хэрвээ та унших юм уу, хариуцлагатай хүнээс сонсох юм бол гайхаад зогсохгүй байх. Гэмт хэргийн гол эзэдтэй, тэдэнд үйлчилж хууль шүүхийнхэнд арваас хэдэн зуун саяар нь хахууль хүргэж өгдөг нууц үйлчлэгчидтэй, түүнийг нь гардаж авдаг, бусад шүүгчиддээ дамжуулдаг шүүхийн ажилтантай, ийм аймшигтай хэргийг яаж шийдвэрлэснийг та бүхэн танилцах юм бол толгой чинь эргэнэ дээ. Энэхүү толгой эргэм аалзны тор мэт хахуулийн сүлжээнд баригдсан хууль, шүүхийн байгууллагын хувиа хичээсэн хэсэг нөхдийн цөөхөн хэдэн валютын үнэтэй шийдвэрийн гайгаар улсынхаа стратегийн ордод багтах асар их нөөцтэй Салхитын мөнгөний орд газрыг хятадуудад өгч байсныг буцааж улсдаа аваад зогсохгүй, орд газрын үр шимээр цагтаа улс эх орныхоо бүтэн байгуулалтын төлөө чөмгөө дундартал зүтгэж явсан ч гавьяаны амралтыг эдпэх насан дээрээ тэтгэврийн зээлд боорлуулж явсан өндөр настан, ахмадуудынхаа зээлийг дарж өгсөн нь урьд хожид байгаагүй түүхэн үйл явдал болсон.

 

Энэ бүхэн бол Монголын “булаатай” байгаа хөрөнгийн өчүүхэн хэсэг. Оффшор бүсэд ямар их валют “булаатай” байгаа гээ. Хэдэн жилийн өмнө иргэний хөдөлгөөнийхний тооцсоноор бол Монголын 16 их наяд төгрөг, зарим мэдээлэлд 18 их наяд төгрөг гадаадын оффшор бүсэд “булаатай” байгаа гэдэг.

 

Эзэд нь илрэхтэйгээ зэрэг тэр мөнгөө гадаадад юм уу, эх орондоо оруулж ирээд үл хөдлөх хөрөнгө болгон угааж байдаг юм гэсэн. Уул нь энэ угааж байгаа мөнгө хаанаас ямар зориулалтаар гарч ирээд хэний халаасанд барилга, орон сууц, зам талбай, үйлдвэр аж ахуйн газар болоод орчихов гэдгийг олох амархан байх л даа. Бусад улсууд бол олон улсын хэдэн данс шүүгээд л эзнийг нь илрүүлчихдэг, шаардлагатай бол интерполоор эрэн сурвалжилж мөнгөтэй нь авч ирээд хариуцлага тооцчихдог юм билээ. Манай хууль хяналтынхан бол толгойг нь илээд л сууж байдаг. Би бодохдоо голдуу хань хамсаатан нь байдаг болов уу гэж боддог. Сүүлийн жилүүдэд Монгол улсыг олон улсын эдийн засгийн “хар”, “саарал” жагсаалтуудад оруулсан. Энэ чинь оффшор бүсийн нууц хөрөнгө, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн арга хэмжээ л дээ. Та нар нэг зүйлийг ажиглаж байгаа байх. Жагсаалтад оруулах болсон хамгийн том шалтгааны нэг бол энэ улс төр, эдийн засаг, хууль шүүхийн байгууллагыг нэгтгэсэн мафийн бүлэглэлийнхний оролцсон хэргүүдийг шийдвэрлэж. тэдний хууль бусаар олж энд, тэндгүй булсан хөрөнгүүдийг хураан аваагүйд байгаа байх гэж ойлгогдохоор. “Хар”, “Саарал” жагсаалтын дуулианаар Монголын мафийн зарим төлөөлөгчдийг саатуулж шалгаад, заримыг нь хорьж цагдаад, шүүхээр шийтгэж, булмал хөрөнгүүдийг бага сагаар хурааж нэлээн цочоосон. Тэгснээ өнөөх “хар”, “саарал” жагсаалтаас гарангуут л өнөө хэдийгээ алхны шидээр суллаж, цайруулж эхэлсэн. Одоо шоронд Г.Солтанаас өөр хүн байгаа юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Манай төр засаг, хууль хяналтынхан олон улсын байгууллагыг “унаж тустал” нь хуурч байгаа нь энэ. Би “булмал” хөрөнгийн тухай яагаад бичээд байна гэвэл нарийн учир шалтгаан бий. Бусад орныг хар л даа.

 

Энэ аюултай цар тахлын үед нөхөр ч бай, эсрэг ч бай эх орныхоо төлөө юу чаддаг мэддэгээ хийж, юу байгаагаа ил гаргаад санаж сарвайж байхад манай улс л гэж хэдэн төгрөгөө “сонгуульд” гэж сугандаа хавччихаад ард түмнээ ядуурлын туйлд хүргэж байгааг хараад харамсахгүй байхын арга алга. Хятад, Солонгос яав? Гадаадад дүрвэж гарсан баячуудаа авч ирж хариуцлага тооцоод хөрөнгийг нь улсын орлого болгож байна. Бразил, баячуудаасаа өндөр татвар хураамж авлаа. Улс гүрэн болгон ингэж байхад манайх л МАНАН мафийнхнаа эргүлүүлж толгой дээрээ гаргачихаад байгаа. Тэд нь Ерөнхийлөгчийн сонгуулиас өөр юм бодохгүй, ярихгүй явж болдог юм уу? Аалзны тор мэт хэрсэн авлигын сүлжээнд баригдсан хууль шүүхийн байгууллагынхан нэг нь яллаж байхад нөгөө нь цагаатгаж байдаг, энэ хачин дэглэмд чинь ард түмэн бухимдаад байна шүү дээ.

 

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг шиг аалзны торонд баригдсан мэт хууль, шүүхийн байгууллагыг одоо л нэг зоримог байдлаар ажиллах болов уу гэж горьдож байна. Өнөөдөр АТГ-аас МАНАН мафийн бүлэглэл, хууль шүүхийн байгууллагад бугласан идээ, бээрийг толгой дараалан шахаж, тэдний гадаад дотоодгүй булсан хөрөнгийг улсад хураан авч эхэлсэн нь тэдний дургүйг хүргэж байгаа нь нууц биш юм. Тэгээд ч балмагдан чичрэгсэд интернэтээр АТГ-ын эсрэг гүтгэлэг, доромжлол урсгаж байгааг бүгд харж байна.

Улсын Ерөнхий Прокурорын газрын суганд хавчуулаастай хууль, шүүхийн байгууллагад бугласан идээ, бээрний томыг хагалж үзээгүй Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэгчийг буцаан байгуулах, эсвэл хуулийн өөрчлөлтийн аргаар АТГ-ын дайчин далайцтай үйл ажиллагааг сулруулж хүчгүйдүүлэх явуулга хийж байгаа нь зүйд нийцэхгүй. Энэ хэцүү хүнд албаныхан өдөр, шөнөгүй тэмцэж 11 их наяд төгрөгийн “булмал” хөрөнгө илрүүлээд 10 гаруй их наяд төгрөгийнхийг нь битүүмжлээд байгаа юм билээ. Тэр битүүмжилсэн хөрөнгийг хуулийн дагуу хурааж аваад, дуудлага худалдаанд оруулж, энэ хүнд үед эх орон ард түмнийхээ тусын тулд зориулж болмоор л юм. Өнөөх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын амлаад байсан оффшороос орж ирсэн их хөрөнгө хаана байна.

 

Сүүлийн үед Улсын маань Ерөнхийлөгчийн оффшор данс илэрч, нуусан бүх “булмал” хөрөнгө ил болж, Ерөнхий сайд асан Сү.Батболдын асар их булмал хөрөнгө Английн шүүхээр царцаагдлаа. Энэ бүхэн шалгагдах цаг ирнэ биз! Худлаа шүү дээ, ард түмэндээ наашаа харж сайхан амлаад, цаашаа харахаараа оффшорчид, мафийнхантайгаа “санаа алдан тэврэлцэж” байгаа нь нууц биш.

Би энд З.Дашдаваа даргатай Авлигатай тэмцэх газрын талаар зориуд нэг зүйл хэлмээр байна. Хэцүү хүнд алба гэдгийг би түрүүн хэлсэн. Анхных нь дарга Австралид алагдсан. Дараагийн дарга нар нь хилсээр шоронд сууцгаасан, зарим нь учир битүүлэг таалал төгссөн. Гэлээ ч өнөөдөр энэ газрын залуучууд бэрхшээл саадыг үл хайхран зоримог тэмцэж байгаад би баярладаг. Саяхан, энэ газрын дарга нь дэд даргаа сонгон авч ажиллуулдаг хууль гарсанд баярлаж байгаа.

Энэ нөхдийн олж илрүүлээд битүүмжлээд байгаа тэр их “булмал” хөрөнгийг ард түмэн гэдэг эзэнд нь хүлээлгэж өгөөсэй гэхдээ миний бие төр засгийн удирдлагуудад ил захидал бичиж, хууль шүүхийнхнийг “сэрээч” гэж дохио санамж бичээд байгаа юм.

Ер нь тэгээд, энэ их “булмал” хөрөнгийн эздэд би нэг зүйл хэлмээр байна. Бидний амьдарч байгаа энэ бөөрөнхий гарагийн хувь заяа ойлгомжгүй боллоо шүү дээ. Бактериологийн дайн ч юм уу эхлээд “хүнээ цөөлөх” аймшигт сүйрэл тулаад байхад, нэг хэсэг улс орон цөмийн дайнд бэлдэж зэр зэвсэг хангинуулаад “товчлуур дарахад бэлэн шүү” гэж заналхийлээд л хэцүү хүнд үеийн босгон дээр бид амьдарч байна. Тэгэхэд та нар минь зуун жилийн, хоёр зуун жилийн хоолоо бэлпэж. энэ цөөхөн ард түмнээ туйлдуулаад байж болж байгаа юм уу?! 

Болгоотугай.

 

 

 

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Г.ЖАМЪЯН 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно