2020-12-17 03:36

Х.Баттулга Н.Энхбаярт итгэсэнгүй...


УИХ-ын 2020 оны сонгуулийн дараагаас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАХН-тай ойлголцохыг эрмэлзэн, түүнээс үүдэлтэйгээр МАХН, АН ч түншилж эхэлсэн юм.

Н.Энхбаяр, Б.Тулга, Т.Баярхүү тэргүүтэй МАХН-ын удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан шинэ төмөр замын дэд бүтцийн ажилтай танилцан, ач холбогдлыг нь сайшааж байв.

Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагуудыг сольж, Ерөнхийлөгчийн хүн гэгддэг Д.Даваа-Очирыг Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн даргаар томилохын өмнө ч МАХН, ШИНЭ нам, бие даагчид хамтран мэдээлэл хийж, "галын дэмжлэг" үзүүлж байсан билээ.

 

Улмаар орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд АН, МАХН хамтран нэг тойрогт нэр дэвшигчээ давхардуулалгүй оролцсон юм. Харамсалтай нь үр дүн нь тааруу гарсан.

 

Гэвч улс төрийн хүрээнд МАХН, АН-ын буюу Н.Энхбаяр, Х.Баттулга нарын түншлэл цаашдаа үргэлжилнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэг блок болж оролцоно, хэрэв Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдвол МАХН-ынханд улс төрийн дэмжлэг үзүүлж, тодорхой албан тушаалд томилж хариу барина гэх таамаг хүчтэй байсан юм.

Үнэн хэрэгтээ бол Х.Баттулга, Н.Энхбаяр нарын улс төрийн зам нийлэх нь эргэлзээтэй болжээ.

УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн гарсны дараа АН-ын байранд болсон сонгуулийн дүнг эсэргүүцсэн АН, МАХН, ШИНЭ намын төлөөллийн хамтарсан  хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр: "Би цаашдаа ямар ч сонгуульд нэр дэвшихгүй" хэмээн зарласан билээ.

 

Гэвч Х.Баттулга Н.Энхбаярын уг ярианд итгээгүй бололтой, “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” хуулийн төсөлд орсон "“Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүнийг нэр дэвшихийг хориглоно." гэсэн заалтыг эсэргүүцэлгүй, юу ч болоогүй мэт өнгөрөөхөөр шийджээ.

 

Үүнд нь ч Н.Энхбаяр эгдүүцэн, МАХН-аас гаргасан мэдэгдэлдээ : "Энэхүү хууль бус үйлдэл, бусармаг үйл ажиллагааг МАН-ын дарга У.Хүрэлсүх удирдан зохицуулж байгааг эрс эсэргүүцэн буруушааж байна. Уг нь У.Хүрэлсүх “шударга бусын хонгилыг устгана”, “шударга ёсыг тогтооно”, “хууль шүүхийн өмнө бүгд ижил тэгш байх ёстой” хэмээн амлаж байсан нь саяхан билээ. Харамсалтай нь түүний эдгээр амлалт зөвхөн алба тушаалд хүрэх, тэндээ тогтохын тулд олон түмний санаа бодлыг төөрөгдүүлэн хууран татах зорилго бүхий ПиАр-ын үйл ажиллагаа байсан нь улам бүр тодорхой болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын удирдлагын энэхүү даварсан үйл ажиллагааг харж мэдсээр байж түүнийг таслан зогсоох талаар санаачилга гаргахгүй байгаа, өөрөө л нэр дэвшиж байвал болоо гэсэн байр суурь баримталж байгаад харамсаж байна." хэмээн өгүүлжээ.

Ийнхүү Х.Баттулга, Н.Энхбаяр нарын улс төрийн зам салахтай зэрэгцэн, Н.Энхбаяр бас л Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болж, Х.Баттулга ч  МАХН-аас санал хуваагч нэмэгдсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ялалт байгуулах магадлал нь бага болж байна.

 

Э.Мягмар

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно