2020-12-14 02:02

У.Хүрэлсүх Х.Баттулгаас илүү мэдрэмжтэй, хурдтай байна


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 11 сарын 17-нд цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  албан бичиг хүргүүлж, өрх бүрт 1 сая төгрөгний дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг 2020 оны 12 сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 сарын 1-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий эрхийн бичиг олгох санал гаргасан билээ.

Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын уг саналыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх хүлээж аваагүй. Үүний дараа 11 сарын 25-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, өрх бүрд сая төгрөг олгох саналаа дахин дэвшүүлсэн ч мөн л УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, хүлээж аваагүй.

 Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан уг саналын тухай : "Засгийн газар мөнгө төгрөг байдагсан бол ард иргэд, үр хүүхдүүддээ өвгөд хөгшиддөө харамлах зүйл байхгүй. Харамсалтай нь бидний боломж, нөхцөл хязгаарлагдмал. Сайн сайхан зүйл ярьж болно. Тэдэн сая төгрөг , тэдэн сая төгрөг өг л гэж байна. Үнэндээ тийм мөнгө байхгүй.

Эсвэл ард түмнээ хуурч цаасан мөнгө хэвлэх юм уу.  2012-2016 онд найман их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргасан. Түүний үр дүнд юмны үнэ өссөн.  Цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг тэтгэж байгаа хэрэг биш. Эргээд маргааш нь талх, мах, цахилгаан дулааны мөнгө овойж оцойтлоо өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмнээ, улсынхаа эдийн засгийг давхар хорлож байгаа үйлдэл. Тиймээс бид бодит зүйл дээр арга хэмжээ авч, ард түмний амдралыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна" хэмээсэн юм. Нөгөөтэйгүүр ямар нэг байдлаар бэлэн мөнгө л тараах юм бол түүнийг нь архидан согтуурахад зарцуулах, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэх гэх мэт сөрөг үр дагавар их бага хэмжээгээр гарах нь зайлшгүй байсан билээ.

Тэгвэл бэлэн мөнгө тараахгүй атлаа иргэдийн амьжиргаанд бодит дэмжлэг болохуйц шийдвэрийг гаргаснаа өчигдөр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх танилцуулчихлаа.

Тодруулбал улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар болсон юм.

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагаатай холбоотой хамгийн том шүүмжлэл байсан нь эдийн засгийн мэдлэг тааруу байна, цар тахлын үед иргэдийн амьжиргаанд нэмэр болохуйц эдийн засгийн дорвитой шийдвэр гаргахгүй байна гэдэг асуудал байв.

Түүний хажууд Ерөнхийлөгч Х.Баттулгын 1 сая төгрөгний дэмжлэг олгох санаачилга бол улс төрч О.Магнайгийн өнгөрсөн хавар гаргасан санааны хуулбар ч гэсэн тодорхой шийдэл мэт харагдаж, У.Хүрэлсүхийг "шахаанд оруулаад" байсан юм.

Гэвч Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн өчигдөр гаргасан шийдвэр нь олон талын хүчин зүйлийг тооцож бодсон, иргэд олон нийт, аж ахуйн нэгж, шийдвэр гаргагч гээд хэн хэнд нь ашигтай ухаалаг алхам боллоо.

Мэдээж өөрт нь ч улс төрийн оноо авах том үйлдэл болсон нь нууц биш.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд Х.Баттулга, У.Хүрэлсүх нар нэр дэвшин, өрсөлдөж мэднэ гэсэн магадлал хамгийн өндөр байгаа.

Тэгвэл юутай ч У.Хүрэлсүх зоримог хөдлөн, санаачилгыг гартаа авч,  Х.Баттулгыг ардаа орхилоо.

Товчхондоо бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгаас илүү мэдрэмжтэй, хурдтай байна.Гэвч энэ бол Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын өрсөлдөөний зөвхөн эхний үе гэдгийг санах нь зөв биз ээ.

Э.Мягмар

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно