2020-12-10 05:41

А.Баатархуяг: У.Хүрэлсүх М.Энхболдыг царайчилж дэмжлэг хүсэж байна!


Дайны хажуугаарх дажин...

 

МАСЗХ-ын сүнс...

 

Ковидын улмаа тогтоосон хөл хорио, түүнийг дагасан бүтэлгүйтэл нь МАН-ын дотоод зөрчлийг хурцатгажээ. Хэдийгээр Үндсэн хуулиар үнэмлэхүй эрх мэдлийг аваад байгаа ч У.Хүрэлсүхийн засаглал санаанд оромгүй хүчин зүйлтэй нүүр тулсан нь “Ковид-19” байв. 

Өөрийгөө чанаргүй гишүүд, чадавхгүй албан хаагчдаар тойруулсны гор эхнээсээ гарч эхлэв. Хөл хориог зохион байгуулах ажлыг маш муу зохион байгуулснаас үүдсэн алдаанууд түүний нэр хүндэд дараалан цохилт өгсөөр байна. 

Хамгийн хүнд цохилт нь Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хориг, “Өрх бүрт 1 сая төгрөгтэй тэнцэх” ваучер өгөх санаачлага байсан юм. Үнэндээ Ерөнхийлөгч түүнд авралын гараа сунгасан ч тэр татгалзаж, булшныхаа нүхийг ухаж эхэлжээ. 

Өнгөрсөн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч мөн л авралын санал хэлсэн нь “Хөл хорионы дэглэмийн үед сонгууль явуулахгүй” нэг жил хойшлуулах байсан юм. Хэрэв тэр саналыг хүлээж авсан бол ковидын 1, 2, 3-р давалгааг өнгөрөөчих байв. Хэрэв тэгсэн бол төсөвт хүндрэл учруулахуйцаар хөл хорионы дэглэмийг чангатгахын оронд тогтвортой сул хориогоор эдийн засгаа аваад гарчих байв. 

Шадар сайд Ө.Энхтүвшин солигдож, хуучин МАСЗХ-ын анд “асаалттай 10 танкийн нэг” Я.Содбаатарыг Шадар сайдаар томилж, УОК-ыг удирдуулсан нь алдааны эх суурь байв. Энэ томилгоо нь ажил төрлийн гэхээсээ улстөрийн өрөг тэгшилсэн хэрэг байв. У.Хүрэлсүх өөрөө Н.Энхбаярын үүсгэсэн У.Барсболдын “Улаан сарнай”-г сөрсөн МАСЗХ-ны угшилтай хүн. Гэвч МАСЗХ нь “Хадгаламж” банкнаас 14,3 тэрбум төгрөг хулгайлсан асуудлаар бүрмөсөн устсан билээ. Харин У.Хүрэлсүх “Зүүний хүчний холбоо” гэгчийг байгуулж тэсч үлдсэн юм.

Хуучин МАСЗХ-ны нөхөд нь У.Хүрэлсүхийн албан тушаал, нэр хүндийн өсөлтийг даган нөлөөгөө тэлж эхэлмэгц түүнд болгоомжлох санаа төржээ. Тэрээр Ж.Энхбаярыг өөрийн бодтой өрсөлдөгч гэж харж байсан тул дэвшүүлсэнгүй, бас алба ч өгсөнгүй. Өөрөө Шадар сайдаас босч өдгөө шоронд байгаа Ж.Эрдэнэбатыг унагаж оронд нь Ерөнхий сайд болсон тул тэр суудал руу сэжигтэй хардаг.

 

Харин түүнтэй өрсөлдөгч Я.Содбаатарыг дэргэдээ авч “буфер” хийсэн юм. Аль нэгийг нь сонгохоос аргагүй байсан... гэдэг Н.Энхбаярын үеийн тайлбар л даа. Аливаа дарангуйлагч өөрийнхөө дэргэд сул хүн байлгах сонирхолтой байдаг тул хоёр сонголтоос мэдээж мууг нь сонгодог. 

 

Хөл хорио тогтоосны дараа Ж.Энхбаяр Дархан дахь Онцгой комиссын үйл ажиллагааг удирдсан бөгөөд гялалзсан амжилт нь намд төдийгүй улс даяар гайхагдав. Яг тэр мөчид хий хоосон зохиомол тэнцвэр алдагдаж эхэлсэн нь ажиглагдаж байгаа биз?

Я.Содбаатар алдаагаа НОК руу бухав. Өөрөөр хэлбэл өөрөө “том” учраас адил зиндааны Ж.Энхбаяр, Д.Сумъяабазар нарыг өрсөлдүүлээд өөрөө нэр алдар олох гэсэн юм. Би энд ажлын зөвхөн улстөрийн талыг нь тодорхойлж байгаа гэдгээ хэлэх ёстой!

Даргадаа, УОК-ын доголдол нь надаас болоогүй, орон нутагт Ж.Энхбаяр сайн л ажиллаж байна, Д.Сумъяабазараас болоод л ажил явахгүй балрах нь... 

 

Хүк, Сумъяа хоёр...

 

У.Хүрэлсүх түгшүүртэй байсан юм. УИХ-ын сонгуулийн дараа хуучин кабинетынхаа сайд, шинэ тутам ЗГ-т нь бас өнгөлөг тулгуур байсан Д.Сумъяабазарыг жийх хэрэгтэй болов. Өнөөх нь барьцав, хэлцэл хийх гэж оролдсон ч зодооноор дууссан чимээ тархсан. 

Тэгээд нийслэлийн намын даргын хувьд орон нутгийн сонгуулийг удирдаж явуулахыг санал болгосон ба хэрэв ялбал хүсэж байсан нийслэлээ аваарай гэсэн тохиролцоо хийжээ. Энэ нь МАН-ын Төв аппаратад бужигнаан үүсгэв. Өмнөх сонгуульд ялалт байгуулсан баг орон нутгийн сонгуульд амжилт олохдоо итгэлтэй бэлтгэж байтал толгой нь солигджээ. 

 

Бэлдсэн талбарт тулалдсан Д.Сумъяабазар ялалт байгуулав. МАН-ынхан Циркийн хувьчлалыг нь ил гаргаж дарж авах гээд ч амжсангүй. Нэгэнт ялсны дараа У.Хүрэлсүх амлалтаа биелүүлэх болсон ч бас туршлага зааж “Хэрэв нийслэлээ толгойлъё гэвэл УИХ-ын гишүүнээсээ татгалз...” гэжээ. Мэдээж хуулийн үндэслэлтэйгээр...

Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээс татгалзав. Гэхдээ тэр яг өөрийн нь өмнөхтэй адил нөхцөлд буюу НИТХ-ын гишүүн бус Засаг дарга болов. Уг нь орон нутгийн сонгуулийн өмнөхөн News.mn сайтад (2020.09.01) ярилцлага өгөхдөө: “...Д.Сумьяабазар гишүүн өөрөө хотын дарга болох нь гэсэн яриа яваад байгааг харсан. Яг хатуу хэлье би хотын дарга болохгүй. Би бол олдсон нүх болгонд шургалдаг оготно биш ээ...” гэж байсан шүү дээ! 

Ингээд У.Хүрэлсүх парламентад сөрөг хүчин үүсгэх шалтгааныг арилгасан ч нийслэлийн намаа өөрөөсөө тусгаарлачихаад байгаа юм. Гэтэл нийслэл бол бас л аюултай! Ерөөсөө коммунист тогтолцооны занал нь нийслэлдээ байдаг. Аливаа бослого хөдөлгөөн орон нутагт гарвал дарж болдог бол нийслэлийнх болдоггүй. Ердөө л Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт дэвсгэрт 100 мянган хүн цуглахад ямар ч засаг аюулд ордог л байхгүй юу! Тиймээс бүр МАХН-ын УТТ-ны үед Нийслэлийг илэрхий болгоомжлонгуй хялайдаг байсан. Ер нь чадварлаг улстөрчдийн карьер тэндээ дуусдаг газар. Харин Н.Энхбаяр С.Баярыг тэнцвэржүүлэх гэж Н.Багабандитай өрсөлдөж байхдаа М.Энхболдыг дээш нь татсанаас бирдтэй домбоны бөглөөг авчихсантай адил болсон. 

 

Харин У.Хүрэлсүх тэр нийслэлийн угшилтай М.Энхболдын фракцыг шахахад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил тус болж, ундуй Сундуй болсон намыг амархан эзлээд, тэндээсээ тасарсан эздийг нь амархан хөмөрчихсөн юм. Намын хамгийн баян, хамгийн нөлөө бүхий, бүр нам дамжсан нөлөө бүхий фракц яг “Гинденбург” агаарын бөмбөлөг шиг гялс шатаад унасан.

 

Гэтэл “цөллөгөнд” явсан Д.Сумъяабазар хуучин уламжлалтай фракцыг эзэгнэн суужээ. Очоод удаагүй түүнийг суудлаас нь ховохлох аятай далим гарлаа гэж үзжээ. Эхний сулхан дайралтын дараа Д.Сумъяабазар болгоомжтой байж, нуувчиндаа орсон юм. Хоёр дахь нь үүдэндээ ариутгагч төхөөрөмж байршуулснаас эхлэв. Дотроосоо зураг авсан, хариуд Сумъяабазар өөрийн мөнгөөр туслахаараа авхуулсан гэж жиргэмэгц нийлүүлсэн гэх компани нь бид ус хүргэдгээс ийм юм зардаггүй гээд нуман тулгуурт хийчихэв. 

Хотын даргын өрөөнд уулзалт, хуйвалдаан өрнөхөөс үхтлээ айж байсны дээр Д.Сумъяабазарыг Ерөнхийлөгчтэй, Асагаар дамжуулж АН-тай хардаж байсан юм билээ. Тэр “бөх” бол тэнэг гэдэг нь цаагуураа бас Ерөнхийлөгчийг, ахыг нь хамаатуулчих санаархал байсан юм. Нөгөө талаас хотын төрийн захиргааны блон харъяа байгууллагуудын томилгоо явагдах гэж байсан тул горилогсод, гомдогсод язганаж байсан нь бүр сайхан нэрмээс болов. Тэгээд л Сумъяабазарыгаа нийтийн сүлжээгээр хавтгай балбав. Энэ зөрчил нь Нийслэлийн Онцгой комисс ба УОК-ын ажилд нөлөөлж, дотоод зөрчил үүсэв. Зөрчилтэй шийдвэрүүдийн улмаас иргэд төөрөлдөж, эмх замбараагүй байдал үүсч тархац тэлэв. Тухай бүр алдааг НОК руу чихэж эхэллээ.

Гэвч “бумеранг эффект” үүсэж, үүний улмаас УОК-ын үйл ажиллагааг иргэд шүүмжилж эхэллээ. Системийн дотоод дайн хэзээ ч систем дотроо явдаггүй, харин ч өргөждөг. Хотынхон ч зүгээр суугаагүй нь мэдээж. Нийслэлээс Архангайд халдвар тээгч очиж, аймаг бужигнав. Тэндээс нийслэлд ирсэн хүн эмнэлгийг тусламж авч чадалгүй нас барав. Ерөөсөө л энэ бол улстөрийн явган хэрүүлийн гай!

У.Хүрэлсүх цаг үеийн гол асуудлаас анхаарлаа холдуулж, Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцэхэд бүх хүчээ дайчилж байсны араар, басхүү өөрийнх нь явцуу явуулгын улмаас нөхцөл байдал эрс хүндэрчээ. Одоо хариуцлагыг энэ гурав тэнцүү хүлээх ёстой!

Үнэндээ У.Хүрэлсүх хяналтаа алдаж эхлэв. Хүй сангийн асуудлаа Ч.Хүрэлбаатарт даатгасан ч өнөөх нь цар тахлын үед иргэдээ вакцинжуулахаа “таг” мартчихсан байв. УОК-ын ажлыг Я.Содбаатарт даатгасан ч өнөөх нь хов зөөж гүйсээр хамаг ажил баллажээ. Миний нэрээр л нам ялсан гэж аархаж хөнгөн шийдвэр гаргасныхаа горыг үзэж намын Төв аппаратдаа гомдол үүсгээд зогсохгүй нийслэлийн намаа хяналтаасаа алдав. Д.Сумъяабазар завдаж, Төв намаас ирэх дарамтыг үл тоон томилгоогоо яаран хийв. Хусуулахаасаа өмнө хүмүүсээ байршуулж авах ёстой. Нийслэлийн намд бужигнаан үүсэж, гомдогсод цуглаж Улаанбаатарын захиргаа Сонгинохайрханы захиргаа боллоо хэмээн гонгинолдож эхлэв. Үүний улмаас нийслэлийн намын дотоод зөрчил эхлэж, дүүргүүд эрх ашгаа хамгаалахаар бэлтгэж эхэллээ...

 

УИХ дахь хямрал

 

Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хүлээн авахтай холбоотой асуудлаар У.Хүрэлсүх гишүүдийг урьж уулзаж байв. Гишүүд шаардлага тавьж эхэлжээ. 

Та “М.Энхболдыг унагахад тусласан” өрөө төлж дуусдаггүй юм уу? Тэд чинь одоо УИХ-д байхгүй. Байлгахгүйн тулд бид ч дэмжсэн. Ямар ч чадваргүй хүмүүсээр хүрээлүүлснээс ЗГ-ын ажил явахаа байлаа. УИХ-д ойлгомжгүй байдал үүсээд эхэллээ. Илүү технократ хүмүүс ЗГ-т хэрэгтэй байна...

“Я.Содбаатарыг холдуул! Тэр Х.Нямбаатар гэж Долгорсүрэн зааны адуучнаар үхснээ хийх гээд байдаг юм. Эрүүл мэндийн сайд системээ залж чадахгүйгээс ковидын тархалт хяналтаас гарах нь. Ёндон гэж ховчоор яах гээд байгаа юм... гэх мэт. Бас дээр нь хүнсний хангамжийн асуудлыг шийдэж чадаагүй ХАА-н сайдыг огцруул. Хотын даргаа соль! Нам хагарлаа шүү...” Үг бүрт үнэний ор бий, бас фракц бүрийн сонирхол эрх ашиг ч бий юм. 

 

УИХ-ын гишүүдээс Ц.Мөнх-Оргил, Даваасүрэн, Болорчулуун, хоёр Ганбаатар, Аюурсайхан... нарын 10 шахам гишүүн сануулгыг өгчээ. Гэхдээ нөгөөдүүл нь Аюурсайхандаа итгэл муутайхан байгаа бололтой. Хаана ч, хэнтэй ч, юу ч ярьж мэдэх найдваргүй хүн гэж. Гэхдээ эдгээр гишүүдийн ярьж тохирсноор Аюурсайхан УИХ-ын дэд даргын хувьд нэлээд цэгцтэй жинтэй үг хэлж чуулган дээр ЗГ-таа сануулга өгсөн нь одоо ид тархаж байна. У.Хүрэлсүх ямар боловё хотын асуудлыг... гэж займчуулахыг оролджээ.

 

Хөл хорионы нөхөн олговрыг өгөхөөс татгалзсаны улмаас МАН нийгмийн хамгийн нөлөө бүхий давхарга жижиг, дунд бизнес эрхлэгчдийг өөрөөсөө түлхэн холдуулжээ. Хил хаалттай, дотоод бизнест тулгуурлаж байгаа энэ цаг үед иргэдийн амьжиргааг дэмжихийн зэрэгцээ тэдэнд хөрөнгө оруулалт, нөхөн олговор өгнө гэж итгэж байсан билээ... 

Үүнийгээ Ч.Хүрэлбаатар мэдэж байгаа тул 175 сая төгрөгийн бага хүүтэй зээл олгоно гэж зарлаж байна. Гэтэл үнэндээ нэг их наядын борлуулалтын орлого хэрэгтэй юү? Энэ зээл хэрэгтэй юү? Энэ зээл банкуудаар бус одоо борооны дараахь мөөг шиг болсон ББСБ-аар дамжин хүүлэгдэж очно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Ашиг багатай жижиг бизнес эрхлэгчид одоо түрээс, зээл, зардлын дарамтанд орсон ба ажилчда цомхотгож эхэлсэн. Он гараад татварын дарамтанд орох ба зарим хаалгаа барьж дампуурсан аж ахуйнууд татвараа ч төлж чадахгүй тул гэмт хэрэгтэн болоход бэлэн байна. Нийгмийн халамж авдаг хэсгээс илүү эмзэг нь тэд одоо баланс барих бус бүр хасах үзүүлэлттэй байна.

Октябрийн хувьсгалын дараа улс орныг коммунист эдийн засагт шахаж оруулахад хамгийн их эсэргүүцэл үзүүлсэн нь жижиг аж ахуйтнууд чинээлэг тариачид, худалдаачин “буржуй” нар байсан билээ. Том хөрөнгөтөн язгууртнуудыг хаантны гэр бүлтэй нь пулемётоор шүршчихсэн. Цөөнх нь зугтаж амиа аварсан. Тэгээд амархан бууж дууссан. Харин хувиа хичээсэн буржуй нар л Лениний хараалыг барсан, тэднийг үзэн ядсаар дийлэлгүй үхсэн, бүр ялагдаад НЭП хүртэл зарлаж байв. Харин Сталин хүчээр нухчин дарсны дараа Орос орон даяар өлсгөлөн гуйланчлал гаарч, сая саяараа өлбөрч үхээд, нэмж цуст хядлага явуулж байж дарангуйллыг тогтоон барьсан. Энэ түүх 1932 оны нийгэмчлэлийн дараа Монголд ч давтагдсан. Дэлхийн II дайнд Германтай байлдахад чухамхүү “шинэ“ эзэлсэн боловсруулж чадаагүй Балти орчимынхон, Польшийн энэ хэсгийн дэмжлэг байгаагүй учраас арми нь хиар цохиулж өвөл аварсан... 1990 оны шилжилтийн дараа энэ хүмүүс улс орныг үүрч босгосон. Ийм хүчирхэг давхаргын нүүр лүү нулимсан улстөрч У.Хүрэлсүх, үүнийг зааж өгсөн Ч.Хүрэлбаатар нарын заяа нь хаяж байгаа юм. 

 

Учир мэдэхгүй авгай нар нь долоох далим гаргаж “Ирээдүйд асар их ашиг авчрах тусгаар тогтнолын баталгаа болсон Соёлын төвөө” хамгаалж яргиж байв. Тэр асар их ашиг нь чанаргүй, чавчаатай барих амбаараас унах дусаал. Аль эрт сонгуульдаад баачихсан... Бас МАН 2021 онд шинэ “Хувьсгалын музей” нээх эрмэлзэл хоёр л доо, чааваас...

 

Ийм үед хөл хориог үргэлжлүүлэх нь эдийн засгаа боомилж алсантай адил болж байгаа учраас хөл хориог сулруулахаас өөр арга байхгүй болчихоод байгаа юм. Гэтэл УОК ба НОК-ын ажлын уялдаа муу, зөрчилтэй байсны улмаас Улаанбаатараас 85 мянган хүн шинжилгээгүй хөөж гаргачихаад одоо тэндээс халдвар буцаж ирэхээс айж “хилээ” хаачихаад хүний амиар наадж байгаа билээ... 

Ингээд Улаанбаатар хаалттай арал болов. Тэнгэрээс ч харагдахгүй... утаанд живсэн! Тэрэнд дунд У.Хүрэлсүх бүр гүнзгий живсэн! Одоо тэр М.Энхболдыг царайчилж дэмжлэг хүсэж байна!

 

А.Баатархуяг


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно