2020-11-27 03:47

Татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй болсон банканд байршуулж, эргээд иргэдээр төлүүлдэг бүлэглэл шүүхэд хяналтаа тогтоохоор увайгүй дайрч байна


Өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлж байна.  Тэрбээр эрх баригч намын гишүүд хуулийн үнэ цэнийг харалгүйгээр улс төрийн байр сууринаас Шүүхийн тухай багц хуулийн төслүүдийг буцаасан гэдгийг хэлээд өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулиудаа татан авч буйгаа мэдэгдлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Нийгмийн даатгалын сангийн мөнгийг зувчуулсан МАН-ын гишүүн Б.Ундармааг торгож байхад 50 мянган төгрөг хулгайлсан иргэн хоёр жилийн хорих ял, баавгайн савар худалдсан хүн гурван жилийн хорих ял авч, Ерөнхийлөгчөөс өршөөл хүсэж байна. Энэ тогтолцоог өөрчлөхийн тулд Шүүхийн тухай хуулийн төслүүдийг боловсруулсан юм. 

Шүүх эрх мэдлийн нэр хүндийг аврах, хуульд захирагдан ажиллахыг шүүгчдээс шаардах нэн чухал болоод байсан. Энэ хүрээнд 2019 оны гуравдугаар сарын 25-нд төрийн бодлого гарсан. 

ҮАБЗ-ийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж болох хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталсан. Энэ бол Монгол төрийн арга ядсан арга. Арга барсандаа хийсэн зүйл. 

Энэ хууль батлагдсанаар хууль, шүүхийнхэнд цочроо өгч, хэсэг хугацаанд ч болов шударга ажиллахыг хичээсэн. Гэтэл сүүлийн үед шударга сайхан байсан шүүхийн тогтолцоог нураасан юм шиг, илт мушгин гуйвуулсан үзэл суртлыг нийтэд түгээж байгаа нь эмгэнэлтэй санагдаж байна. 

ҮАБЗ шүүгчийн ур чадварыг үнэлдэг, халж сольдог өчүүхөн газар биш. 

17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын хүрээнд нэг удаа зөвлөмж гаргасан.

Бүх насаараа хөдөлмөрлөж, зүтгэчихээд насны эцэст өр, зээлэнд дарлуулсан нийт ахмадуудын өрийг бүрэн тэглэх боломжтой ордын маргаанд хувийн ашиг сонирхлын үүднээс татагдан оролцсон шүүгчдийн гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэхүү зөвлөмжийг гаргасан юм. 

Зөвлөмжийг ШЕЗ хүлээн авсан. Зарим шүүгч ял шийтгэлээ хүлээгээд явж байгаа. Гэм буруугүй нь хэвийн ажиллаж байна. Хууль тогтоогчид та бүхэн учир шалтгааныг цогцоор харж, бодож баймаар байна. 

Би Монгол төрийн тэргүүний хувьд өмнөх Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд шүүмжлэлтэй хандаж байна" гэлээ.  

Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ы тогтоолын төсөлд хориг тавиад байгаа билээ. 

Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулиудыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэхээс татгалзаад байгаа юм. 

Эдгээр хуулиудын хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг таван хоногийн завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр дуусаж байна. 

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар” тавьсан асуулгын хариу сонсох.

Сэтгэглдэл: 1

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!