2020-11-27 02:53

Банкинд дээрэмчид халджээ


Баг өмсөж буу барьсан хүмүүс банкинд орж ирэн мөнгөө өг хэмээн хашгирчээ !!! Банкны дээрэм гэхээр дээрхтэй ижил дүр зураг та бүхний нүдэнд бууж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тэгвэл хуулийн цоорхойг ашиглан, төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр, хуйвалдааны аргаар яаж банк дээрэмддэг талаар сийрүүлье. Та энэ аргаар банк дээрэмдэхээр шийдсэн бол танд багагүй мөнгө, эрх мэдэл хэрэгтэй болохыг анхааруулж байна. Монголбанкийг та эхлээд өөрийн талд оруулах ёстой. Дээрэмдэх гэж байгаа банк чинь санхүүгийн хувьд асуудалгүй, банкны бүх үзүүлэлтийг хангаж байгаа ч тухайн банкны зээл, харилцах, хадгаламжийн үйл ажиллагааг нь Монголбанкаар албадан хязгаарлуулаад, нэг ёсондоо “Хөлийг нь тушаад, гарыг нь хүлээд” хэсэг явахад сөхрөөд л ирнэ.

Энэ үед банкны эрхийг Монголбанк нь Бүрэн эрхт төлөөлөгчийнхөө тусламжтайгаар хүчээр авч чадна. Монголбанкнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч нь тус банкны нэгж хувьцааны үнэ, хувьцаатай холбоотой гэрээ, хэлцэл гэх мэт өмнө нь хийгдэж байсан хууль ёсны үйлдлийг ямарч асуудалгүй баллуурдана. Нэг ёсондоо хамгийн хямд үнээр бүхэл бүтэн банктай болох боломж танд гарч ирнэ. Аан тийм, бас та хүсвэл хэн нэгэнтэй хуйвалдаж, эрх бүхий хувьцаа эзэмшигчийг нь ямарч хамаагүй аргаар шоронд хорьчихвол зарим нэг хуулийг зөрчсөн ч болно. Энэ таньд маш том давуу талыг бий болгоно.

Та үүнийг уншаад ихэд гайхаж байна уу? Монголбанк бол “Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдал”-ыг хангахын төлөө ажилладаг газар, ийм зүйлд оролцоно гэж үү гээд л... Тэгвэл энэ үйл явдал буюу дээрэм нь яг одоо Монгол улсынхаа төлөө гэртээ байгаа энэ үед хүмүүсийн анхаарлаас гадуур, хулгайн замаар Ариг банкинд болж байна. Сэрэмжлэгтүн.

Тэгэхээр энэ талаар товч өгүүлсүү: “Номин”гийн Баярсайхан “Бүрэн эрх төлөөлөгч нь нөгөө Монголбанкны алдарт ахлах хянан шалгагч, Хадгаламжийн даатгалын корпорацын ТУЗ-ийн гишүүн, 13 байртай байж бас 45 сая төгрөгийн байрны тусламж авдаг Д.Ганбат юм.” гэнэтхэн “Эрэл”-ийн Эрдэнэбатад Ариг банк болон Барилгын үйлдвэрийнх нь хувьцаа эзэмшигч болох санал тавьсанаар энэ түүх эхэлсэн. “Номин”-ийн Баярсайхан Ариг банкны 49%-ийн хувьцаа эзэмшигч болохоор “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан бөгөөд эхний ээлжинд 39%-ийн хөрөнгөө оруулаад 3 сарын дараа 49%-д ногдох хөрөнгөө оруулахаар тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Өнөөдөр эргээд харахад 49% гол зорилго нь биш байжээ.

1. “Номин”-гийн Баярсайхан гэж хүн нэг талдаа хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан мөнгөнийхөө тал хэсгийг буюу 8 тэрбум төгрөгийг хийлгүй санаатайгаар “луу унжиж”, харин нөгөө талаас нь Монголбанк болон түүний томилсон Бүрэн эрхт төлөөлөгчийн тусламжтайгаар банкийг хувь нийлүүлсэн хөрөнгөө өсгөхгүй байна гэдэг хоосон шалтаг гаргаж, банкны зээл, харилцах хадгаламж гээд бүхий л үйл ажиллагааг нь хязгаарлаж, албадан зогсоолгож, Ариг банкны удирдлагыг гартаа авч, үйл ажиллагааг нь муутган өвдөглүүлээд авлаа.

2. Төлөвлөгөө ёсоор бол “Номин”-гийн Баярсайхан нь “Эрэл”-ийн Эрдэнэбатыг Барилгын үйлдвэрийн Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар шоронд хийлгэж авлаа. Шударга ёс гээч зүйл энд ерөөсөө ч үнэртэхгүй. Иргэд хоорондын гэрээний маргааныг эрүүгийн хэрэг болгосон гэхээр гайхмаар ч юм шиг, аймаар ч юм шиг. Цахиур төмөр Баатарванд өгүүлэхдээ “Морьтой хүнтэй хэлэлцээр хийснээс явган хүнтэй ярьсан нь үгэнд орох нь дээр болов уу” гэдэг шиг “Эрэл”-ийн Эрдэнэбатыг торны цаана хийснээр түүний эзгүйд юу ч хийж болно гэдэг тоглоом эртнээс зохиогджээ. Тэр анхнаасаа давхар санаатай хийсэн хөрөнгө оруулалтын хоёр гэрээг хууль бус үйлдэл болгон хувиргаж, зорилгоо хууль бусаар маш сайн биелүүлсэн гэж хэлж болно. Одоо Ариг банкыг дээрэмдэх ажлаа дуусгах нь цаг хугацааны л асуудал болжээ. Монголбанкнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч нь энэ дээрмийн үйл ажиллагааг түргэхэн дуусгаж, цэг тавихаар улайран зүтгэж, Ариг банкыг үүсгэн байгуулагч 61% хувийн хувьцаа эзэмшигчийг хуульд заасан Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, тэр бүү хэл мэдэх /мэдээлэл авах/ эрхийг нь ч хангуулалгүйгээр, хувьцаа эзэмшигчийг төмөр торны цаана байх хооронд, хүн бүхэн хөл хорионд байх хугацаанд 2020 оны 11-р сарын 20-ны өдрөөс хувьцааг нь бусдад худалдаж, банкыг нь нэг мөсөн дээрэмдэхээр зэхэж байна.

Хувьцаа эзэмшигч “Эрэл”-ийн Эрдэнэбатын оролцоогүйгээр түүний эзгүй хойгуур, хатуу хөл хориотой бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед түүнийг өөрийнхөө давуу эрхээр авах ёстой 428 ширхэг хувьцаанаасаа татгалзсан гэсэн хууль бус шийдвэрийг Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргажээ. Гэтэл бодит байдал дээр ийнхүү хувьцаа худалдаж авах саналаа илэрхийлэх эрхээ хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байгаад байдаг. Дээрэм нэгэнт төгсгөлдөө ирж захиалагчийн туйлын хүсэл зориг биелэх нь цаг хугацааны асуудал боллоо. Бүрэн эрхт төлөөлөгч яаравчилсаар...

Зохион байгууллалттай банкны дээрэм нь 36 сар үргэлжилжээ. Үүнээс харахад зарим хүмүүс та биднийг цалингийн зээлээ төлж дуусах хугацаанд л банктай болж байна. Энэ ариун явдал мөн үү.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно