2020-10-12 01:45

Д.Эрдэнэбилэг “Эрдэнэт” -ийн 34 хувийг авч үлдэхээр хэлэлцээ хийж байна


Монгол Улсын Засгийн Газар 2019 оны 3-р сарын 6-нд "Эрдэнэт" үйлдвэрт анхлан онцгой дэглэм тогтоосон билээ.

Учир нь 2016 оны 6-р сард "Эрдэнэт" үйлдвэрийн ОХУ-д байсан 49 хувийг Засгийн Газар "Монголын Зэс" компанид шилжүүлсэн явдлыг хууль бус гэж үзэхийн сацуу мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж бодож буйгаа ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ: ""Эрдэнэт" үйлдвэрт үүссэн асуудал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ажиглагддаг мөнгө угаалтын хэлбэр. Аливаа асуудлыг эцэслэж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг.Шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын хэрэгт оролцсон, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн Засгийн газраас АТГ, ШЕЗ-д хандахаар болсон." хэмээн илэрхийлж байв.

Харин "Монголын Зэс" компани Монгол Улсын Засгийн Газрыг олон улсын шүүхэд өгөхөөр шийдсэнээ хариуд нь илэрхийлж байлаа.

Үүнээс хойш даруй 19 сарын хугацаа өнгөрч, Засгийн газар уг онцгой дэглэмийг 2019 оны гуравдугаар сарын 6, мөн оны есдүгээр сарын 13, 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тус бүр зургаан сарын хугацаагаар сунгасан. Энэ сарын 15-нд "Эрдэнэт" үйлдвэрт сунган тогтоосон онц дэглэмийн хугацаа  дуусах гэж буй ч асуудал нэг талдаа гарч, шийдэгдээгүй л байна.

Сонирхолтой нь УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн дарга ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнийг өөрчилж, оронд нь Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар ахлан,  нарийн бичгийн даргаар нь Монгол Улсын Ерөнхий Сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр ажиллах болсон билээ.

Энэ тухай Л.Оюун-Эрдэнэ: "Миний ахалж байсан ажлын хэсгийг үүргээ гүйцэтгэсэн гэж Ерөнхий сайд үзсэн байх гэж би ойлгосон. Одоо нэг асуудал үлдэж байгаа. Тэр нь юу вэ? гэхээр "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авсан гэх 430 орчим сая доллар яг хаанаас гарсан юм бэ? гэдэг нарийвчилсан шалгалт хийх ёстой болж байгаа. Ямартай ч энэ мөнгө 100 хувь Худалдаа Хөгжлийн банкны мөнгө байсан гэдэг нь худлаа болж таарсан. Харин Хөгжлийн банк, Монголбанк, Сангийн Яамнаас  тус тус тодорхой хувь нь гарсан  байгаа. Иймээс нийт 430 сая ам.долларын яг аль нь яг хувийн хэвшлээс гарсан мөнгө юм, аль нь төрийн мөнгө юм бэ? гэдгийг ялгаж салгах буюу нөхөн төлбөр олгох нь зөв үү? гэдгийг эцэслэн шийдэхээр шинэ ажлын хэсэг байгуулж, Шадар сайдаар ахлуулсан." хэмээсэн юм.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар уг хэлэлцээ маш шуурхай өрнөж буй агаад Худалдаа Хөгжлийн Банк, "Монголын Зэс" компани буюу тэдгээрийн хувь эзэмшигч "Сахал" Д.Эрдэнэбилэг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдаж авсан 430 сая ам.доллараасаа төр засгийн зээл, концесстэй холбоотой мөнгөө хасаж тооцоод, өөрийн мөнгийг нөхөн төлбөр хэлбэрээр буцааж авахын оронд тус үйлдвэрийн 34 хувийг авч үлдэх сонирхолтой байгаа аж.

Харин уг үйлдвэрийн үлдсэн 15 хувийг Монгол улсын нийт иргэдэд хувьцаа олгон эзэмшүүлэх гэнэ. Нэгэнт Монгол Улсын Засгийн Газарт "Сахал" Д.Эрдэнэбилэгт нөхөн төлбөр олгох бэлэн мөнгө байхгүй тул уг хувилбарыг эрх баригчид ч боломжийн гэж үзэж буй бололтой. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль дуустал уг шийдвэрийг  албан ёсоор гаргаад хэрэггүй гэж үзэх хүн ч МАН-ын лидерүүд дунд байгаа аж. Монгол Улсын Засгийн Газар, "Монголын Зэс" компаний хэлэлцээ үргэлжилж байна.

 

Э.Мягмар


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно