2020-09-07 07:22

Ч.Сайханбилэг: Монгол Оюутолгойн 34 хувиа зарах хэрэгтэй


Оюутолгой ордын 5.3 тэрбум ам.долларын өртөг бүхий далд уурхайн өргөтгөлийн ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Рио Тинто компанид олгосон Монголын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлж, Рио Тинто компанитай үүсээд буй улс төрийн хурцадмал байдлыг намжаахын тулд Монгол Улс тус төсөл дэх өөрийн хувьцааг худалдах хэрэгтэй гэж хэлжээ.
Ч.Сайханбилэг Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жактай өргөтгөлийн гэрээг байгуулснаас 5 жилийн дараа ам нээхдээ, “омогтой Рио Тинто болон Монголын Засгийн газар хоёр үр дүнтэй яриа хэлэлцээ хийж, нэгэн завин дээр байсан гэдгээ ухаарах цаг нь болсон” гэж хэлсэн байна.
Монголын байгалийн баялагт үүсээд буй гадны хяналтыг бууруулах мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцсон Х.Баттулга 2017 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тус улсын Засгийн газар болон Рио Тинто хоорондын харилцаа муудаж эхэлсэн билээ. Талууд татварын маргаантай холбоотойгоор арбитрын шүүхээр орох ёстой бөгөөд Монголын тал 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа юм.
 
 
 
 
Монголын Засгийн газар Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг хэдий ч бүтээн байгуулалтын зардлын хувиа төлөхийн тулд Рио Тинто компаниас тогтмол зээл авдаг байна. Энэ талаар Ч.Сайханбилэг хэлэхдээ, Монголын тал хувьцаагаа зарснаар илүү ашигтай байх болно гэв.
 
 
 
Тэрбээр “The Australian Financial Review” сонинд ярилцлага өгөхдөө, “өнөөгийн цогц өмчлөлийн бүтцийг хялбаршуулах саналыг би хувьдаа дэмждэг. Миний бодлоор Монголын талд тохиромжтой бүтэц бол одоо эзэмшиж байгаа 34 хувийн хувьцаагаа Рио Тинто эсвэл гуравдагч этгээдэд худалдаж, татварын зохицуулалтыг дахин хэлэлцэх явдал юм. Ингэснээр Засгийн газар төслөөс татвараа авч, бусад үр ашгаа хүртэх боломжтой болно” гэж хэлсэн байна. Монголын Засгийн газар Рио Тинтогоос авсан зээлээ эргэн төлөх хүртэл хувьцааны ноогдол ашиг авахгүй бөгөөд энэ хугацаа 10 ба түүнээс олон жил үргэлжлэх магадлалтай юм.
Оюутолгой төслийн өнгөрсөн оны хэдэн тэрбум ам.долларын зардал, өргөтгөлийн ажлын зогсолт зэрэг нь монголчуудын бухимдлыг төрүүлж, хувьцааны ноогдол ашгаа хүртэх эсэхтэй холбоотой улс төрийн хурцадмал байдлыг бий болгосон билээ.
 
 
 
“Монгол Улсад үүсээд буй улс төрийн маргаан, буруу ойлголтуудын үндсэн шалтгаан нь 34 хувийн асуудал. Энэ хувьцааг Рио Тинто руу шилжүүлсэн тохиолдолд тус компанийн ажил илүү хялбар болоод зогсохгүй Оюутолгой ордын өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад асуудалгүй болно” гэж Ч.Сайханбилэг хэлэв.
 
 
 
Мөн тэрбээр, “2009 болон 2015 онд Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах үед Монголын ард иргэдийн дийлэнх нь энэ төсөл сайн гэдэгт итгэж байсан. Гэвч популист улс төрчид, байгалийн баялагийн төлөө гэсэн үндсэрхэг үзэлтнүүд энэ талаар зохиолоо туурвисан нь амжилттай болоод зогсохгүй бүр Рио Тинто Монголыг цөлмөж байна хэмээн ярьж байгаа” гэв. 34 хувийг эзэмших эрхээ тусгай роялтигаар солих талаар хэлэлцэхэд бэлэн байна гэж Монголын Засгийн газар 12 дугаар сард мэдэгдсэний дараахан сэтгэгдлүүд цуварч эхэлжээ. Оюутолгой ордын өргөтгөлийн ажлыг эхлүүлэх тухай гэрээг 2015 онд байгуулахдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэж Ч.Сайханбилэгийг Монголын эрх баригчид буруутгасан бөгөөд үүнээс хойш тэрбээр Хойд Америкт амьдарч байгаа юм.
Гэвч түүнтэй холбогдох хэргийг түдгэлзүүлсэн боловч гэрээг байгуулахад түүнтэй холбогдсон хэд хэдэн албан тушаалтны эсрэг адил хэрэг үүсгэжээ. Оюутолгой төслийн захирал Б.Бямбасайхан, Г.Даваадорж нар уг гэрээтэй холбоотой хэрэгт гэм буруутай нь тогтоогдож хоригдох ялаар шийтгүүлсэн байна.
 
 
 
Үүнтэй холбогдуулан Ч.Сайханбилэг хэлэхдээ, “хүмүүсийг ингэж яллаж байгаа нь туйлын шударга бус, хуульд халдсан үйлдэл юм. Энэ нь Монголыг буруу тийшээ яваад байгааг харуулж байна. Хамгийн анх гэрээг хэлэлцсэн улс төрч, мэргэжилтнүүдийг хорих замаар Рио Тинтог Монголоос хөөж, Оюутолгойн гэрээг өөрчилж чадна гэж одоогийн засаг бодож байна.
 
 
 
Харамсалтай нь Рио Тинто иймэрхүү үйлдлүүдэд хэзээ ч хариу үйлдэл үзүүлж, дуугарч байгаагүй. Тиймээс Рио Тинто болон Монголын Засгийн газар нэг завин дээр байгаа гэдгээ ухаарч, хамтран ажиллах хэрэгтэй. Рио Тинтогийн хувьд ихэмсэг зангаа орхиж, Засгийн газартай бизнесийн түнш хэлбэрээрээ ажиллах ёстой бол Монголын Засгийн газрын хувьд илүү ухаалаг байж, Оюутолгойд бизнес гэдгээр нь хандан уг төслийг улс төржүүлэхээ зогсоох хэрэгтэй” гэжээ.
 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно