2020-08-31 02:32

Б.Гарамгайбаатар: Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь хийж буй зүйл жинхэнэ төрийн эсрэг гэмт хэрэг


Та УИХ-ын 2020 оны сонгуульд яагаад нэр дэвшсэнгүй вэ? 

 

 Би АН-ын ҮБХ-ны гишүүн биш байсан учраас намын дүрмийн дагуу нэр дэвшээгүй.

 

АН  УИХ-ын сонгуульд 2020 оны сонгуульд ялагдлаа. Ялагдлын шалтгааныг та юу гэж дүгнэж байна? 

Миний бодлоор  АН УИХ-ын сонгуульд амжилт муутай оролцсон нь  1-т Нэр дэвшигчдийг тодруулах асуудал маргаантай байснаас болсон. 2-т АН үнэт зүйл болсон үзэл баримтлалаа  жирийн иргэдэд бүрэн гүйцэд ойлгуулж чадаагүй гэж. 3-т буюу хамгийн гол шалтгаан бол Ковид19 өвчнийг далимдуулж МАН-ын хийсэн булхайтай үйлдэл. Яагаад гэвэл УИХ-ын 2020 оны сонгуулиар Солонгост болсон сонгуулийн технологийг МАН ашигласан гэж  би үздэг.

Нэг ёсондоо МАН-аас бусад сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн хүчин, нэр дэвшигчид иргэд-сонгогчдод өөрсдийгөө таниулах, мөрийн хөтөлбөрөө бүрэн гүйцэд танилцуулах боломж гаргаагүй. Ийм л сонгууль болсноос  АН ялагдсан гэж би үздэг. 

АН-ын өнөөдрийн нөхцөл байдлыг ард иргэд, эрдэмтэд, судлаачид, улс төрчид дүгнэхдээ орших уу, эс орших уу гэсэн зааг дээр зогсож  байна гэж ярьж байна. Үнэхээр АН уналтад ороод байгаа юм уу? Эсвэл уналтын   мөчлөг тохиолдоод эргээд дээшээ өгсөх юм уу?

 

АН өсөж, дэвшиж байгаа. Шинэ залуучууд  АН-д түрэн орж ирж байгаа ийм цаг үе. Тэгэхээр АН-ыг би унаж байна гэж харахгүй  байгаа. Ер нь бол судлаачдын ярианаас сонсоход   дэлхий нийтээрээ ардчиллыг өөр өнцгөөс, өөр нүдээр хардаг болсон юм байна гэдэг нь маш тодорхой болж байна. Ардчилагчдын алдаа байсан уу гэвэл мэдээж зарим нэг алдаа байсныг үгүйсгэхгүй. Нөгөө талд ардчиллын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хүмүүсийг бас үгүйсгэж болохгүй.

Монгол гэрийн хоёр баганы нэг, сөрөг хүчин болсон АН-ыг чадавхжуулах ажлыг залуучууд эхлүүлжээ гэж ойлгож байна. Ам, ажил нь бүү зөрөөсэй. АН-ыг шинэ Ардчилсан нам, шинэ залуучуудаар эгнээгээ бэхжүүлсэн маш хүчтэй, Монгол төрийн нэг тулгуур болгохын төлөө АН-ыг дэмждэг, АН-ын үнэт зүйлсийг өөртөө шингээж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалдаг хүмүүс бүгд хоёргүй сэтгэлээр дэмжих байх  гэж  бодож  байна. 

Орон нутгийн сонгуулийн дараа АН-ын даргыг тодруулна. Ямар хүн гарч ирээсэй гэж бодож байна?

 

АН-ын хувьд орон нутгийн сонгуулийн үр дүнгээс бол гэрэл гэгээ харагдахгүй байна.    

Яагаад гэвэл МАН УИХ-ын 2020 оны сонгуультай адилтгасан нөхцөл байдлаар энэ сонгуулийг хийх гэж байгаа нь өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгаж байгаагаас   маш тодорхой харагдаж байна. Энэ нь ч МАН-д ашигтай байгаа байх. Гэхдээ бусад улс төрийн хүчнүүдийнхээ сонгуульд оролцох, шударга өрсөлдөх боломжуудыг хааж байгаагаараа МАН туйлын бүдүүлэг, Үндсэн хуулийг зөрчсөн үйлдлүүдийг өнөөдөр хийж байна, энэ сонгуулийг дуустал хийх ч бололтой.  Тийм учраас   энэ сонгуульд оролцох намууд, тэр дундаа АН ийм эрсдлийг маш сайн тооцоолж, зөв хүмүүсээ дэвшүүлж, олонхийг бүрдүүлж байгаа намын хийж хэрэгжүүлж байгаа ажилд хяналт тавих боломжийг бүрдүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Үүний тулд бид эв нэгдлээ бэхжүүлэх дээр онцгой анхаарах ёстой. Хоёрдугаарт, энэ зорилгын төлөө  чин сэтгэлээсээ ялах зорилготой хүмүүс нь сонгуульд нэр дэвшээсэй гэж бодож байна. Түүнээс бус сул орон зай хайсан, албан тушаалын төлөө явж байгаа хүмүүс дэвших юм бол АН-ын нэр хүндийг дахиад л унагаана.  Орон нутгийн сонгуулийн дараа АН-ын их хурал хуралдана. Намын дүрэмд тодорхой өөрчлөлтүүд оруулна гэсэн яриа яваад байна. Зарим өөрчлөлтүүд хийгдэх байх. Энэ бүгдийг хийгдсэний дараа намын даргын асуудал яригдах байх. Өнөөдөр намын даргад өөрсдийнхөө нэрийг дэвшүүлж байгаа нэлээд хэдэн хүн байгаа юм байна. Ямар ч байсан өөрсдөө хүсэл зорилгоо илэрхийлж байгаа юм байна. Эцсийн шийдвэрийг бол АН-ын гишүүд, түүний төлөөллийн байгууллагууд гаргана. АН Монгол гэрийн хоёр баганын нэг  л юм бол хүчтэй лидерийг гаргаж ирэх зорилго тавих ёстой.  Ингэж чадвал АН цаашдаа эрч хүчтэй, Монгол улсын нэг томоохон улс төрийн хүчин хэвээрээ оршин тогтноно гэж бодож байна. Залуучууд үүний төлөө өөрчлөлт, эрэл хайгуул хийж байгаа нь харагдаж байгаа. 

 

Та одоо ямар ажил, алба эрхэлж байна вэ? 

 

Одоо бол би жирийн л иргэн. АН-ын гишүүн,  гэхдээ АН-д ямар нэгэн сонгуульт ажил хийгээгүй.  

 

Та Хэнтий аймгаас УИХ-д сонгогдож байсан. ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилж, Хэнтий аймагт хэрэгжүүлж буй аялал жуулчлалын төсөл олны шүүмжлэлд өртөөд байна. Энэ төслийн талаарх таны сэтгэгдлийг сонсоё? 

 

Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг мөн үү гэвэл мөн. Санал нэг байна. Тэр төслүүдийг би үзсэн. Сошиалаар хүмүүс үзэл бодлоо уралдуулж л байна. Гэхдээ цар тахлаас үүдсэн эдийн засгийн энэ хүнд цаг үед төсвөөс хөшөө дурсгалд хөрөнгө оруулалт хийж, үргүй цацаж байгаа нь ирээдүйд асар их хортой. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ярьсан байна лээ. Энэ төслийг эсэргүүцсэн хүн бол төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэж. Би тэгж бодохгүй байна. Иргэд санал бодлоо хэлэх ёстой. Тухайн хөшөө барьж буй газруудад түүх сонирхдог хүмүүс очдог болохоос жирийн аялагчид очдоггүй. Дэд бүтцийн асуудал түүхийгээрээ, техник эдийн засгийн үндэслэлүүд огт боловсрогдоогүй байна. Мөн Бэрх рүү тавьж буй хорин километр зам, тэр зуун километрийг дахиад хэдэн жил барих юм бэ?     

Тэгэхээр тэр хөрөнгө оруулалтуудыг тодорхой хугацаанд зогсоох нь илүү зөв байх. Миний бас нэг үнэхээр эсэргүүцээд байгаа зүйл бол Чингис хааны төрсөн нутгийг Дадал, Дэлүүнболдог гэж тодорхойлоод цогцолбор барина гэсэн асуудал байна. 

Монголын түүхийг, Монголын нууц товчоог судалдаг олон улсын гадаад, дотоодын маш олон судлаач, эрдэмтэд өнөөдөр Чингис хааны төрсөн нутгийг яг Дадалын Дэлүүнболдог гэдэг дээр 100 хувь санал нэгдэж, чадаагүй байгаа. Жишээлбэл: Дэлгэрхаан, Хар зүрхний Хөх нуур гэх мэт  газрууд дээр цогцолбор эхэлж барьсан бол эдийн засгийн хувьд ашигтай байхыг үгүйсгэхгүй.

Түүнээс дэлхийн олон Монголч эрдэмтэд санал нэгдэж чадаагүй газарт хүчээр тулгалт хийж, социализмын үед Чингис хааны төрсөн нутаг энэ гээд хөшөө барьсантай утга ижил зүйл хийж байгаа нь буруу. Монголын нууц товчоон дээр бичигдсэн түүхэн баримт бичгүүдийг хүчээр зөрчин  элдэв хөшөө барьж байгуулж байгаа нь   жинхэнэ төрийн эсрэг гэмт.   Түүнээс хөрөнгө мөнгөтэй нь холбоод хэлж байгаа хүмүүсийн үг бол төрийн эсрэг гэмт хэрэг биш. Түүхийг гуйвуулж байгаа нь бол жинхэнэ төрийн эсрэг гэмт. Харин түүхэн аялал жуулчлалын бүс нутаг гэдэгтэй бол би хоёр гараа өргөөд санал нэг байна.

 

Баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

 

Sonin.mn-д ч гэсэн баярлалаа.

 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно