2020-08-19 03:48

УИХ-ын гишүүний үг хэлэх, хуралдаанд оролцох эрхийг хасаж, дэг сахиулах нь зөв үү?


УИХ-ын анхдугаар ээлжит бус чуулган нээлтээ хийж, улс орны төсвийн болон бусад тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж эхэлсэн билээ.

Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийсэн юм.

 

Эдгээрээс 2020 оны төсвийн хуулийг тодотгон хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг дэг зөрчсөн гэж үзэн, УИХ-ын чуулганд суух эрхийг нь 7 хоногоор хориглосон билээ. Тодруулбал Б.Пүрэвдорж өөрийн суудлаас босч, хуралдаан даргалагчийн индэрт гарч, УИХ-ын чуулганы хуралдааныг даргалж буй УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхантай барилцан авч, микрофон булаалдаж, чуулганы үйл ажиллагааг үймүүлэв.

 

Энэ үеэр хуралдаан даргалагч Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид хандаж, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж, бусдыг үл хүндэтгэсэн үйлдлээ даруй таслан зогсоохыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10, 17 дугаар зүйлийн 17.2-д заасны дагуу шаардаж анхааруулав. Гэвч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын дэд даргын сануулгыг үл хүндэтгэж, хуралдааны дэг зөрчин чуулганы хэвийн үйл ажиллагааг тасалдуулах үйлдэл гаргасан тул УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох түүний эрхийг дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу долоо хоногийн хугацаагаар хасах арга хэмжээ авч буйгаа мэдэгдсэн юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэг зөрчсөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн гаргасан үйлдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэлж, чуулганы дэгийн тухай хуулийг чанд баримталж ажиллахыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өмнөөс хатуу анхааруулав. “Хэд хэдэн удаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаа гишүүд хэлж, ярьж байгаа зүйлдээ анхаарч, хуралдааны дэгийг сахихгүй, хүнтэй зэрэгцэж яриад, хэрүүл үймээн гаргаад байж болохгүй. Шинээр орж ирсэн мэдлэг, боловсролтой залууст буруу үлгэр дуурайл болж байна. Б.Пүрэвдорж гишүүнийг ажиглаад байхад “хэл нь харлаад” эхэлчихсэн, удахгүй “хороо шахдаг” болох гэж байна. Туршлагатай ахмад гишүүд үүнд анхаарахгүй бол болохгүй нь ээ. Өмнөх парламентын үед баталсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн өөрчлөлтөөр чуулганы хуралдаан дээр гишүүд бие биенээ хэлэх, хэлэхгүй үгээр дайрч доромжилдог үг, үйлдлийг таслан зогсоосон заалтууд орсон. УИХ-ын үйл ажиллагаа хуучин маягаараа явах боломжгүй болсон. Сахилга харуцлага, ёс зүйтэй холбоотой соёлыг төрийн эрх барих дээд байгууллага УИХ өөрөөсөө эхлүүлэх учиртай. Хэдхэн хоногийн өмнө УИХ- ын гишүүн бүр тангараг өргөж, ёс зүй, хуулиа сахин мөрдөж, идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлсэн. Үүний дагуу дэгийн тухай хуулиа зөрчсөн, ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцох ёстой.” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Харин нийгэм үүнд хоёр янзаар хандаж буй бөгөөд ерөөс хуралдаанд оролцох эрхийг хасах хэлбэрээр УИХ-ын дэгийг сахиулах нь буруу хэмээж буй билээ.

Хэрэв ийм хууль гарсан бол өөрчлөх ёстой хэмээж буй юм.

 

Тодруулга. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн холбогдох заалтууд:

Уг хуулийн 16 дугаар зүйл. Хуралдаан даргалагчийн эрх, үүрэг

16.1.Хуралдааныг зохион байгуулах талаар хуралдаан даргалагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

16.1.3. саналаа ирүүлсэн дарааллыг баримтлан гишүүдэд асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх;

16.1.10. хуралдааны дэгийн биелэлтэд хяналт тавьж, гишүүдээс түүнийг биелүүлэхийг шаардах;

16.1.11. хуралдааны дэг зөрчигчид энэ хуульд заасан арга хэмжээ авах;

17 дугаар зүйл. Хуралдааны дэг сахиулах

17.1. Хуралдаан даргалагч энэ хуульд заасан хуралдааны дэгийг сахиулна.

17.2. Гишүүн хуралдааны дэг зөрчсөн, хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хуралдаан даргалагч түүнээс уг үйлдлээ зорсоохыг шаардах эрхтэй.

17.3.Энэ хуулийн 17.2-т заасан шаардлагыг гишүүн биелүүлээгүй бол хуралдаан даргалагч түүнд энэ хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

18 дугаар зүйл.Хуралдааны дэг зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлага

18.1.Гишүүн хуралдааны дэг зөрчсөн бол дараах хариуцлага хүлээлгэнэ:

 

18.1.1 .сануулах;

18.1.2. хуралдаанд үг хэлэх эрхийг хасах;

18.1.3. хуралдаанд оролцох эрхийг хасах.

 

18.2. Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуулт асуух, үг хэлэх, зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлсэн бол хуралдаан даргалагч түүний үгийг тасалж, эхний удаа сануулж, дараагийн авах арга хэмжээний талаар анхааруулна.

18.3. Гишүүн эхний удаа өгсөн сануулгыг биелүүлээгүй бол хуралдаан даргалагч гишүүний үг хэлэх эрхийг хасаж, тухайн асуудлын хэлэлцүүлгийн явцад дахин үг хэлэх эрх олгохгүй.

18.4. Гишүүн бусдад саад учруулсан, асуулт асуух, үг хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, гүтгэсэн шинжтэй үг хэлсэн бол хуралдаан даргалагч түүнд урьдчилан сануулахгүйгээр тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасна.

18.5. Гишүүн хуралдаан даргалагчийн хуралдааны дэг сахихыг сануулсан шаардлагыг үл биелүүлж, бусад гишүүний асуулт асуух, үг хэлэх, саналаа өгөх эрхэд саад учруулж, хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц нөхцөл байдал үүсгэсэн бол түүнийг хуралдааны танхимаас гаргана.

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно