2020-08-19 02:20

“Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнийг баривчилсан шалтгаан нь Хөгжлийн банк уу, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат уу?


АТГ-аас “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт баривчилсан. Түүнийг 60 хоногийн хугацаатай ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулах талаар эх сурвалж мэдээлсэн.

Х.Бат-Эрдэнэ нь АТГ-т шалгагдаж буй хэргүүдэд холбогдогчоор тогтоогдож шалгагдаж байсан юм. Хэрэгт шалгаж эхлэх үед хил давж яваад ирэхгүй байсан учраас АТГ-ынхан түүнийг интерполоор эрэн сурвалжлахаар болж байв.

Гэсэн ч Х.Бат-Эрдэнэ 2020 оны тавдугаар сарын эхээр тусгай үүргийн нислэгт багтаж эх орондоо ирээд “COVID-19”-ийн тусгаарлалтад орсон байдаг. Х.Бат-Эрдэнийн тусгаарлагдах хугацаа дууссанаас бараг хоёр сарын дараа баривчилсан нь энэ ажээ. Нөгөөтэйгүүр АТГ-ынхан Х.Бат-Эрдэнийг хоёр ч хэрэг дээр шалгаж байсан юм.

Тэрээр Хөгжлийн банкнаас “Монгол драй милк” ХХК-иараа 47 сая төгрөг авсан. Барьцаа нь хүрэхгүй, бас зарцуулалт нь асуудалтай байсан учраас “Хөгжлийн банкны” гэх хэрэгт хамааран шалгагдах болсныг эх сурвалж мэдээлсэн.

Мөн саяхан шүүхээс зургаан жилийн ял шийтгүүлсэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хэрэгт түүнийг холбоотой гэдэг.

Тодруулбал, Х.Бат-Эрдэнэ нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “Улаан сайр 2” гэх нэртэй талбайг “Бэст лэнд майнинг” гэх шинээр байгуулсан компанидаа шилжүүлэн авсан байдаг.

Тэгэхээр Х.Бат-Эрдэнийг энэ хоёр хэргийн чухам альд нь холбоотойгоор саатуулагдсан тухай албан ёсны мэдээлэл одоогоор алга байна.

 

П.Мандах

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно