2020-08-17 04:14

Н.Мөнхбаясгалан: Дэлхийн дулаарал Монголын авто замын стандартыг өөрчлөх цаг болсныг сануулж байна


Монголын Авто Замчин Залуучуудын холбооны тэргүүн, авто замын мэргэшсэн инженер Н.Мөнхбаясгалантай ярилцлаа.


- Тантай уулзсан хэн боловч хамгийн түрүүнд “Дарханы замын ажлыг хятад ажилчдыг оруулж ирэхээс өөрөөр урагшлуулах боломжгүй” гэж ярилцлага өгөөд баахан хэл ам дагуулж байсныг тань асуух ёстой байх. Таны хэлсэн үнэн байжээ гэж харж байна. Гэвч тэр үед үндэсний компаниуд, инженерүүд, нийт замын салбарынхнаа үгүйсгэлээ гэж олон хүн ойлгосон байх аа?

- Өнөөдөр авто замын салбарын төдийгүй нийгмийн, цаашлаад улс төрийн хамгийн том сэдэв нь гацаад байгаа Дарханы замын ажил болоод байна. Ийм байдалд хүрсэн нь тус замын ажлыг гүйцэтгэх мэргэжилтэн, ажилчин, хүний нөөцийн чадвар чадавхийн асуудал огт биш. Харин уг ажлыг гүйцэтгэх менежмент, санхүүгийн эрхийг Хятадын тал хэрэгжүүлж байгаатай холбоотой хүндрэлүүд юм. Монголын замын компани, үндэсний мэргэжилтнүүдийг оролцуулж болох ч менежментийн болон санхүүгийн шийдвэр Хятад компаний талаас хамаарах учраас тэд Монголд орж ирэхгүй л бол ажил урагшлах боломжгүй. Иймд тэднийг хөл хорио, цээрийн дэглэмийн хүрээнд зохицуулалт хийгээд хилээр нэвтрүүлэх хэрэгтэй гэдэг ярилцлагыг би өнгөрсөн тавдугаар сард хэвлэлд өгсөн юм. Авто замчдынхаа чадвар, чадавхийг огт үгүйсгээгүй. Би тэр үед хэлсэн үг, хийсэн мэдэгдлийнхээ өмнөөс хэрэв буруу, худал байсан бол хариуцлага хүлээх ёстой. Гэвч нөхцөл байдал тэр үеийнхээс өөрчлөгдсөнгүй. Замын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх тохиромжтой улирал дуустал дахиад гурван сарын хугацаа байна. Энэ хугацаанд амжаад Хятадын гэрээт компаниуд, мэргэжилтнүүдийг яаралтай оруулж ирээд ажлаа урагшлуулья гэвэл бас ч хугацаа байна гэсэн үг. Засгийн газар, салбарын яам ямар арга хэмжээ авч, хэрхэн шийдэхийг мэдэхгүй юм даа. Ямартай ч саяхан Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүд замынхантай Дарханы замын ажлын явц гүйцэтгэлийн талаар уулзалт зохион байгуулсныг мэдээгээр харж байхад манай салбарын нөхдүүд бас л үнэн зөв мэдээлэл өгч чадаагүй бололтой байна лээ. Тэгэхээр дараа, дараагийн арга хэмжээ, шийдвэр зөв, оновчтой гарна гэхэд төдийлөн итгэхгүй л байна даа. Дарханы зам бол хойд, урд хөршийг холбосон, олон улсын чанартай стратегийн чухал авто зам. Одоо үүссэн нөхцөл байдлыг зөөлрүүлье гэвэл маш зөв менежмент хэрэгтэй. 

- Автозамын ажлыг улстөрчид угаасаа инженерийн барилга байгууламж гэдэг талаас нь биш “зам тавих” гэдэг сонгуулийн амлалт л гэж хардаг шүү дээ. Шинэ гишүүд маань чухам ямар үнэлэлт, дүгнэлт өгсөн юм бол доо?

- Тэр уулзалтад оролцсон хүмүүс “манай дотоодын компаниуд хийж чадахгүй ажил бас бий” гэсэн байна лээ. Хийж чадах ёстой шүү дээ. Дарханы замын ажлыг хийх 105 хятад иргэнийг оруулж ирээгүйгээс Замын цагдаагийн гүүр, Баянзүрхийн гүүр, Налайх-Чойрыг холбосон зам гээд хэд хэдэн ажил бас зогссон. Корона гээд хэцүү үе байсан. Гэхдээ амьдрал үргэлжилж байгаа биз дээ. Амьдрал баян, өвчин зовлон гээд өчнөөн үйл явдал тасрахгүй. Замгүйгээс болоод олон хүний бухимдал, хохирол үүний цаана яригдаж байгаа. Тэгэхээр тэднийг яаралтай оруулж ирэх ажлыг зохион байгуулж, үлдсэн гурван сар орчмын хугацаанд замын ажлаа хийлгэх хэрэгтэй байна. Эсвэл “хийхгүй” гэдгээ хэлээд иргэдийн хүлээлтэд хариу өгмөөр байна. Замын ажил хойшлох хугацааг заагаад иргэдээ галт тэргээр зорчоорой гэдэг ч юм уу ажил, амьдралаа зохицуулах боломжоор хангах ёстой. Ер нь үнэн бодит байдлыг төөрөгдүүлж, хөнгөн хуумгай, эсвэл бүр худал мэдээлэл өгч ард иргэдээ бухимдуулдаг, аль эсвэл дунд нь хагарал, хэрүүл үүсгэдгээ болимоор байгаа юм. Тухайлбал, замын салбарт гэхэд зам тавих, засах, арчлах хөрөнгийг төсвөөс гаргаж, хувийн компаниуд гүйцэтгэдэг онцлогтой. Төсөв батлахдаа замын арчлалт үйлчилгээ, засварын мөнгийг үргэлж гар татдаг. Хаана ямар зам дээр төсөв тавьж баталснаа гишүүд сайн мэдэж байдаг. Тийм мөртлөө зам эвдэрлээ гээд байдаг. Төсвийг нь тавиагүй зам дээрх эвдрэлээ хэнээр ямар хөрөнгөөр засуулах гээд замынхныг загнаад байдаг юм бүү мэд. Тэгээд замын компаниуд, замчид ажил хийж чаддаггүй гэсэн ойлголт өгч, бурууг өөрсдөөсөө зайлуулдаг, зүгээр байгаа хүмүүсийг нэгийг нь нөгөөгөөр нь үзэн ядуулдаг жишигтэй болчихлоо.

- Дарханы замыг хятадуудаас хамааралгүйгээр хугацаанд нь барих өөр шийдлийг инженерүүд, өөрөөр хэлбэл та бүхэн төр засагт санал болгох боломж байхгүй гэж үү?

- Ямар шийдэл шийдвэр гаргах боломж байв гэж манай салбарын төрийн бус байгууллагууд, инженерүүд ярилцдаг. Өөр шийдэл байсан. Тэр нь юу гэхээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр одоо хийгдэж байгаа хоёр эгнээ нэг урсгалтай хуучин замын их засварыг эхлүүлэхээсээ өмнө Европын сэргээн босголт, хөгжлийн банкны /ЕСБХБ/ санхүүжилтээр хийгдэх шинээр тавих боломж байсан. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр дахин хоёр эгнээ, нэг урсгалтай шинэ зам барихаар манай Засгийн газар гэрээ байгуулаад энэ ажил хэзээ мөдгүй эхлэх боломж уг нь бүрдээд байсан. Зургаан сар хүлээх л асуудал байсан юм билээ. Ийм тохиолдолд инженерүүд юу гэж харж байна гэхээр хуучин хоёр эгнээ замаа хуулж хаяхгүй байж байгаад ЕСБХБ-ны санхүүжилтээр барих нэг урсгалтай хоёр эгнээ замаа тавьчихсан бол өнөөдрийн энэ их бухимдал үгүй байх байсан. Шинэ замыг хоёр жил хүлээх хооронд хүмүүс хуучин замаараа зорчоод болоод л байх байсан даа.

Азийн хөгжлийн банк эхлээд өөрийнх нь санхүүжилттэй замыг тавихгүй бол цаашид санхүүжилтыг өгөхгүй гэдэг шаардлага тавьсан учраас ийм байдалд орсон гэж бодлого, шийдвэр гаргадаг хүмүүс ярьцгаадаг. Бас ЕСБХБ-ны гэрээ удаад байсан гэж ярьдаг.Зургаан сар хүлээж болох л байсан. Нэгэнт ийм үндэслэлээр шийдвэр гаргаад үр дагавар нь энэ юм бол тэдгээр байгууллага өөрсдөө энэ учраа иргэддээ сайн хэлж ойлгуулах ёстой. Гэтэл нөгөө сурсан зангаараа бурууг өөрсдөөсөө зайлуулаад манай замынхан чаддаггүй, Хятадаас өөр хүн байхгүй гэдэг ойлголт өгөөд сууж байгаа нь худал явдал. Олон нийтэд буруу ойлголт өгч, бухимдуулах хэрэг байхгүй. Монголын замчдын тавьсан хэдэн мянган км, бүх аймаг сумдыг, нийслэлтэй холбосон замаар иргэд маань өнөөдрийг хүртэл зорчиж ирсэн юм шүү дээ. 

- Авто замыг улстөрчид нь болохоор сонгуулийн амлалт гэж хараад, нэг хэсэг нь төсвийн хөрөнгөөр ашиг хийх бизнес гэж хараад яаруу түргэн, чанар муутай зам тавьдаг байсан үе бий байх аа. Өнөөдөр ер нь үндэсний компаниуд маань хэр өсч хөгжиж байна гэж Та хэлэх вэ?

- Монголд өнөөдрийг хүртэл ямар ч замыг тусгай зөвшөөрөлтэй үндэсний олон компаниуд барьж байгуулж ирсэн. Хамгийн гол нь авто зам гэдэг бол улсын хөрөнгөөр хувийн компаниуд барьж байгуулаад улсын өмчид хүлээлгэн өгдөг цор ганц салбар. Тэгэхээр улс, аймаг нийслэлийн төсвийн хөрөнгөөр ямар стандарт норм дүрэм ажлын даалгавараар захиалагч гэрээ байгуулсан түүнд нь таарсан технологиор компаниуд авто замыг тавьдаг. Нэгэн үе улс орны эдийн засаг хүндхэн байх үед бага төсвөөр замаа шийддэг байсан үе бий. Тэр үед бага өртгөөр замаа барьдаг байсан. Түүнээс биш компаниуд нимгэхэн, нарийн, чанаргүй зам бариад байдаг дураараа зүйл гэж байгаагүй. Зарим нэг хүмүүс замыг ашиг хийх боломж, бизнесийн байгууллага гэж харж, ашиг хонжоо хайх цөөн тохилдол байсан хэдий ч мэргэжлийн компаниуд л тавьсаар ирсэн. Гэхдээ өнөөдөр улс орны эдийн засаг харьцангуй тогтвортой, боломжтой болоод байна. Тийм учраас Монголд авто замын шинэ стандарт, шинэ технологи бий болгох буюу дэвшил хийх цаг нь болсон гэж боддог. Салбарын хэмжээнд стандарт шинээр боловсруулах, технологийн шинэ шийдэл гаргах цаг болсон. Манай залуу инженерүүд ирэх арав, хорин жилд замын хөгжлийг дэлхийн хөгжилтэй холбон харах, ирээдүйг тодорхойлох үүрэгтэй. Үүнийгээ ч ухамсарладаг. Харин салбарынхан нь залуу үеэ сонсох, төр засаг нь салбарын мэргэжилтнүүдийг сонсох, бодлого шийдвэрийг мэргэжлийн нүдээр харах асуудал манайд маш хангалтгүй, хойшоо улдсан шинжтэй байгаа. 

-Би зам, гүүрийн барилгын компаниудын хөгжил, чадвар чадавхийн талаарх асуултдаа эхлээд хариу авчихаад дараа нь төрийн бодлогын талаар таны байр суурийг сонсоё...

- Монголд замын компаниуд үйл ажиллагааны чиглэл, мэргэшлийн нарийн ялгаатайгаар хөгжиж ирсэн. Зарим нь зураг төсөл, тооцоолол, төсөв гаргадаг бол зарим нь техник технологийн хяналт хийдэг зөвлөх компаниуд байдаг. Зарим нь замын ажлыг гүйцэтгэдэгбүгд тусгай зөвшөөрөлтэй, хүн хүчний нөөц нь үүнд чиглэсэн компаниуд байдаг. Тус тусдаа мэргэшсэн чиглэлээр ажилладаг.Замын салбар гэдэг 100 хувь улсын төсвийн хөрөнгөөр хувийн компаниуд бүтээн байгуулалт хийдэг ганц салбар. Борлуулалт гэж байхгүй, яг улсын өмнө үүрэг хүлээдэг онцлогтой. Яг гаргасан зураг төсөл, төсвөөр нь барьдаг. Өнөөдөр хоол идчихээд маргааш хоол хэрэггүй юм шиг тийм ажил хийдэг компани байхгүй дээ. Харин 100 хувь улсаас хараат ажил хийж амьдардаг салбар мөртлөө яагаад төрд өөрсдийгөө ойлгуулах, мэргэжлийн ойлголт, мэдээллээр хангах, цаашлаад мэргэжлийн эрх ашиг, нэр хүндээ хамгаалах ажлаа манай салбарынхан хийдэггүй юм бол гэж гайхдаг. Мэргэжлийн холбоодыг хариуцаж байгаа улсууд нь хурлаа хийдэггүй. Энэ байдал маань бас бидний буруу шүү. Би авто замчин залуучуудынхолбоог найман жил удирдаж байна. Замын салбарыг ирэх 30 жилд авч явах залуусаа төлөөлөн ярьж байгаа юм. Өөрсдийгөө шүүмжлэх зүйл ч бий. Яам авто замын салбарын бодлого удирдлагын хэмжээнд дорвитой өөрчлөлт хийхгүй бол цаашид ажиллахад маш том эрсдэл, хүндрэл харагдаж байна. Залуу инженерүүд томоохон шинэ техник технологийн дэвшил хийж чадна. Тэдэнд тийм боломж өгөхгүй байгаа нь мэргэжлийн холбоодыг удирдаж байгаа болон төрийн бодлогын менежмент хийж байгаа хүмүүсийн алдаа. Энэ салбар өөрөө 90 жилийн түүхтэй. Энэ түүхийг авчирж, өнгөтэй өөдтэй явуулж ирсэн ахмад үеийн залгамжийг үргэлжлүүлэх ёстой.

- Энэ зун замын эвдрэл, асуудал их байлаа. Бүтэн зам урсчихсан ч байх шиг. Ер нь замын салбарынхан том шалгалт өглөө шүү дээ.

- Энэ жил замын эвдрэл хот хөдөөгүй их байлаа. Өмнөх жилүүдэд байгаагүйгээр бороо их орсон тохиолдол бий. Тэглээ гээд бороо ороод зам эвдчихлээ гэж хэлэхгүй. Бид өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Тэр нь юу вэ гэхээр байгалийн үзэгдэлд бурууг өгөхгүйгээр бид өөрсдөдөө дүгнэлт хийх, цаашдаа хэрхэх ёстой вэ гэдэг эргэн харах том шалтгаан мөн. Мэргэжлийн байгууллага зөвлөх инженерүүдын үзэж байгаагаар суурь шалтгаан, нөхцөл нь дэлхийн цаг уурын дулааралтай холбоотой гэж харж байгаа юм. Дулаарал нь хөрсний ус шингээлтэд нөлөөлж ус зайлуулах байгууламжид их хэмжээгээр ус цугларч замын эвдрэлийн нэг шалтгаан үүнтэй холбоотой. Энэ судалгааны ажлыг хийхээс авахуулаад шинэ стандарт, технологийг бий болгох шаардлага гарч байна. Бид өнөөдрийг хүртэл ОХУ-ын норм, дүрэм, стандартыг ашиглаж ирсэн. Одоо бид түүнийг өөрчлөх цаг ирснийг байгаль, цаг уурын нөхцөл шалгаад хэлээд өгч байна. Бид дараагийн 30 жилийн замын шинэ дэвшилтэт технологийн шийдэл рүү шилжих цаг болсон байна. 

- Шийдэл нь юу байх вэ. Инженерийнхээ хувьд ямар концепц дэвшүүлж чадах вэ?

Та анзаарч байсан бол хөдөөгийн замд ус зайлуулах байгууламж ихэвчлэн ус царцуулалт багатай дугуй хоолой байдаг. Үүнийг дөрвөлжин хоолой болгох шийдэл юм. Энэ мэтчилэн бид судалгааг сайн хийж, бодит асуудалдаа тулгуурласан шийдлийг олох ёстой. Мэргэжлийн байгууллага, холбоод,инженерүүд өөрсдөө шийдлээ дэвшүүлэх, хийж хэрэгжүүлэх цаг болсон. Аль аль талдаа хариуцлага ба үүрэг оногдуулах ёстой. Бодлого хэрэгжүүлэгчид нь бодит байдал, бодит мэдээллийг хүлээж авдаг байх ёстой... Залуучуудын бодож сэтгэж байгааг сонсох хэрэгтэй. 

- Нийслэлийн замууд энэ зун гол шиг үерлэлээ. Ус зайлуулах шугам бөглөрснөөс болсон, хогоо замбараагүй хаядагиргэд ч үүнд буруутай гээд л өнгөрсөн. Мэргэжлийн хүний нүдээр бол өөр алдаа харагдаж байгаа болов уу.

- Хотын замын хувьд бол мэргэжлийн удирдлага дутагдаж байгаа. Нэгдүгээрт, хотын замд засвар арчлалтад хангалттай хөрөнгийг нь тавьж өгөхгүй байна. Засвар арчлалтын мөнгө маш дутмаг. Үүнийг төрд ойлгуулах удирдлага дутаж байна. Замын эвдрэлийн гол үндсэн суурь бол засвар арчлалтаас үүдэлтэй. Зам өөрийн хугацаа стандарттай. Норм стандартыг нь хэтэртэл, арчилгаа засварын хугацааг нь үл хэрэгсэн ачааллачихаад эвдрэл гарахаар нь гайхдаг. Хоёрдугаарт гэвэл ус зайлуулах шугамыг ярих ёстой. Байгууламж маань нийслэлийн хүн амыг 500 мянга байх тооцооллоор анх баригдсан учир өнөөдрийн энэ их төвлөрөл, ачааллыг даах хүчин чадал нь хүрэлцэхээ больсон. Гэхдээ ус зайлуулах шугам маань асуудлын гол шийдэл нь бас биш. Одоо бид ус зайлуулах шугам тавья гэж ярьж байгаа боловч ус зайлуулахаар орсон усыг шингээх боломж байхгүй болсон. Хөрсөнд шингээдэг л технологитой. Одоо шингээж дийлэхээ байсан байна. Тэгэхээр тэр усыг хааш нь шингээх вэ гэдгийг судлах ёстой.

- Тэгээд ийм тохиолдолд ямар шийдэл байж болох вэ?

- Шийдэл бол байна. Дунд гол руу усаа зайлуулах ёстой. Уг нь Дунд гол байгалиасаа өөрийн зохицуулалтаар хотын усыг зайлуулах судал суваг байсан гэж боддог. Дунд голыгус зайлуулах шугам болгох, саарал усаа юүлэх байгууламж болгон ашиглах боломжтой.Гэтэл тийшээ усаа зайлууах гэхээр байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцогдоно. Үнэндээ тэнд одоо барилга бариад л эхэллээ.

- Тантай ярилцаж байхдаа өмнө нь анзаарч байгаагүй нэг зүйлийг л их сайн ойлголоо. Зам гэдэг бол төрөөс төсвийн хөрөнгөөрхийгддэг, нийтийн сайн сайхны төлөөх паблик үйлчилгээ юм байна гэдгийг. Харин төр нь үүнийг инженерийн байгууламж гэдгийг мартчихаад сонгуулийн амлалт болгож хараад сурчихсан юм байна. Үүнд мэргэжлийнхэн сэтгэл дундуур байна шүү гэдгийг ойлголоо...

- Замын салбарын хувьд сүүлийн хэдэн жилд яамнаас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд мэргэжлийн бус хүмүүс түрэх болсон. Бид ажил албан тушаал авахдаа биш мэргэжлийн хүмүүсийн маш нарийн тооцоолол, инженерчлэл дутаж байна. Тийм нарийн зүйл шаарддаг цөөхөн салбар байгаагийн нэг нь замын салбар юм. Мэргэжлийн хүмүүсийг бодлогын түвшинд оруулж, хийхийг нь хийлгэж, хийж чадахгүй бол хариуцлагыг нь хүлээлгэдэг болох ёстой.

Өнөөдрийн улс төрийн нөхцөлд дан мэргэжлийн хүмүүс яамыг удирдах боломжгүй л дээ. УИХ-ын гишүүд нь өөрийн тойрог, аймаг, сумын авто зам тавих асуудлыг л түрүүлж ярьдгаас биш бодлого, хуулийг хэрэгжүүлэх асуудлыг хөндөхгүй явж ирсэн. Уг нь УИХ-аар 2017 онд Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа сүүлийн хорин жилд болж өнгөрсөн зүйлсэд анализ хийж, амьдралд тохиолдож байгаа асуудалд тулгуурласан, мэргэжлийнхний саналыг тусгаж чадсан. Гэхдээ хуулийг мөрдөх, зөв хэрэгжүүлэх асуудлыг хөндөхгүй л байна. Үүнийг хэрэгжүүлэхээс л эхэлмээр байна.

- Та замын стандарт, технологийг шинэчлэх асуудлыг дэвшүүлж байна. Энэ шинэчлэлийг хаана, хэн хийх ёстой вэ. Хуулиар зохицуулах ёстой юу?

- Зам тээврийн хөгжлийн яаманд мэргэжлийн стандартын техникийн хороод ажилладаг. Тэд авто замын салбарт шаардлагатай ямар стандарт байна вэ гэдгийг судлах, боловсруулах ажлыг улсын төсвөөс санхүүжилттэй сангаар дамжуулан авч явдаг. Одоо бол стандартыг шинэ түвшинд гаргах шаардлага гарсан гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Бид гэдэг нь аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эрин үед ажиллаж, амьдрах залуусаа төлөөлөн хэлж байгаа юм шүү.

Ярилцсан : Боргилмаа


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно