2020-07-02 02:10

Сайдын суудлын төлөөх марафон


Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хөл гишгэх зайгүй шахам байна. Хоёр, гуравхан хоногийн дотор хол, ойроос ирсэн гишүүдийнхээ хөлд МАН дарагдаж, Ерөнхий сайд, Ерөнхий нарийн бичгийнхээ өрөөний үүдэнд хэдэн арваараа дугаарлаж, нэр нөлөөтэй бүхэнд “Намайг дэмжээрэй” гэсэн нялуун үгс хаяглацгааж сууна.

Сонгуульд ялах нэг хэцүү, ялсан хойноо албан тушаал хуваарилах бүр хэцүү зовлонг МАН амсаж эхэллээ. Өнгөрсөн дөрвөн жил ч ийм л байсан. Ирэх дөрвөн онд ч үүнээс тойрч гарахгүйн бодит үнэнг өнөөдрийн үйл явцаас харж болно. 

Уг нь эрх баригчид бодлогоо үргэлжлүүлж, залгамж халаагаа алдахгүй явах чин хүсэл эрмэлзэлтэй. Иймдээ ч төрийн албанд халаа сэлгээ хийхгүй хэмээж буй ч бүх шатанд дарга, даамалгүй солигдохоор нөхцөл байдал үүсчээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ундуйцаж, “давхар дээл”-ийг тайлуулсанд уурссан нөхөд ч намын байраараа эргэлдэж байгаа аж. Шинэ бүрдсэн парламентын 76 гишүүний дөрөв нь л “давхар дээл”-тэй даналзах учраас МАН-ынхан ийн хуучнаа санагалзсан хэрэг. Товчхондоо, Ерөнхий сайдаас гадна хууль тогтоох байгууллагын дөрвөн гишүүн сайд болох боломжтой учраас “давхар дээл”-ний төлөө МАН-ын хуучцуул ил, далд өрсөлдцгөөж байна. 

Эндээс сонгуульд өнжсөн гишүүд нь намын даргадаа “Амласандаа хүрээрэй” хэмээн байн байн мессэж бичиж байгаа нь албан тушаалын хуваарилалт хийхэд У.Хүрэлсүхэд хүн чанар гаргах уу, улс орны эрх ашгаа эхэнд эрэмблэх үү гэх хүндхэн сорилттой нүүр тулгажээ. Гадаа нэмэх 26 градусыг зааж байгаа бол МАН-ын зарим гишүүний дотор үүнээс ч халуу шатам байна. Хэдийгээр намын даргынхаа амыг харж байгаа ч “Надад албан тушаал өгөхгүй бол УИХ-ын гишүүнд өрсөлдөх байсан юм” гэх бодлоосоо салж чадахгүй ийн тэвдэж яваа хүмүүс Төрийн ордон, намын байраар дүүрэв. 

Ямар боловч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ирэх онуудад эдийн засгийн амаргүй цаг үеийг даван туулахад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нараа улирааж, холын замд хамтдаа дөрөө харшуулахаар шийдсэн байна. Тэгвэл Сангийн сайдад Б.Чойжилсүрэн зүтгэж байгаа аж. Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Н.Учрал, шинээр байгуулах Эдийн засаг хөгжлийн яаманд Б.Баттөмөр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар нар зүтгэж буй гэсэн. МАН-аас энэ удаа 30 орчим шинэ гишүүн сонгогдсон.

Тэдний хувьд сайдын суудалд санаархаад ч нэмэргүй учир өрсөлдөөн хоёроос дээш сонгогдсон гишүүдийн дунд өрнөж байна. Үүгээр одоогийн парламентад хоёр буюу түүнээс дээш сонгогдсон дээр нэр дурдсан гурван гишүүнээс гадна Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, С.Чинзориг, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэл, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар сайдын суудал горилж байгаа аж.

Тухайлбал, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нар Хууль зүй, дотоод хэргийн сайдад, С.Чинзориг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад, Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдад, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар Гадаад харилцааны сайдад горилж байгаа гэсэн. Мөн Н.Энхболд Батлан хамгаалахын, Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болох сонирхолтой. Тэгвэл энэ удаа нэр дэвшилгүй өнжсөн гишүүн асан Ж.Энхбаяр Батлан хамгаалахын, Я.Содбаатар Зам, тээврийн хөгжлийн, Ө.Энхтүвшин Шадар сайдад, БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл салбарынхаа сайдад, УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат БОАЖ-ын сайдаараа улирч ажиллах сонирхлоо намын даргадаа илэрхийлжээ. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, энэ хэрээр Засгийн газрын сайдуудын эрх, үүрэг нэмэгдсэн. Нэг ёсондоо, өмнө нь УИХ-ын гишүүд хэмжээлшгүй их эрх мэдэлтэй байсан бол одоо байр нь солигдож гишүүн гэдэг зарим талаараа нэр төдий албан тушаал болсон. Хууль, дэг тогтоох үндсэн үүргээ биелүүлж, гишүүнийхээ ажлыг хийхээс өөрөөр улсын төсвийг батлах нэрээр дураараа нэмж, хасаж, сүйхээ самбаатай нь тойрогтоо ахиу хөрөнгө төсөвлүүлдэг байдал хумигдсан. Энэ нь гишүүдийг сайдын суудалд санаархаж, “давхар дээл” өмсөх хүсэл сонирхолд хөтөлж буй. Тиймдээ ч МАН-д албан тушаалын марафон өрнөж байна. 

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улируулан ажиллуулахаар 100 хувийн саналаар дэмжиж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр нэрийг нь өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгч зөвшилцөх саналыг хүлээн авч, УИХ-д нэрийг нь оруулахаа хэллээ. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетаа бүрдүүлэх хүндхэн сорилтын өмнө ирээд байна. Тэр хэр сайн баг бүрдүүлэхээс хамаарч ирэх дөрвөн жилийн улсын ирээдүй хамаарах юм. Үүнээс дутахгүй нэг зүйл нь намынхаа эв нэгдлийг хангах болчихоод байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно