2020-06-23 06:23

Сонгуулийн санал хураалт 07.00-22.00 цагийн хооронд болно


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа маргааш болно. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ.

Тэрээр “Монгол Улсын иргэд, сонгогчид оо. Та бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа сонгох гэж байна. Санал авах ажиллагаа маргааш буюу зургадугаар сарын 24-нд 07.00-22.00 цагийн хооронд болно. Сонгуулийн ерөнхий хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороод, мэдээлэл технологийн баг, ажлын хэсгүүд байгуулагдаж, нийт 35 мянган төрийн албан хаагч ажиллаж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль УИХ-ын 2020 оны 14 дүгээр тогтоолд заасны дагуу автоматжуулсан системээр сонгуулиа зохион байгуулна. Цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. УБЕГ сонгогчдын нэрсийн жагсаалтыг нягтлан шалгах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар хоёр сая гаруй сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна. Саналын хуудас, санал авах машиныг сонгуулийн хэсгийн хороодод хүргүүлсэн. Сонгуульд нийт  606 нэр дэвшигч өрсөлдөхөөр үнэмлэхээ авч, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа. Нэр дэвшигчдийн ажиглагч нар санал авах байруудад ажиллаж байна. Санал авах 2070 байранд ариутгал халдвагүйтгэл хийгээд байна. Та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм.


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно