2020-06-12 05:05

“Сураггүй” нэр дэвшигчид сонгогдвол гайхах хэрэггүй


УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болоход ердөө 12 хоног үлдлээ. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуулиудаас хамгийн олон хүн нэр дэвшиж байгаагаараа онцлогтой.

Тодруулбал, 13 нам, дөрвөн эвслийн 485, бие даагч 121, нийт  606 нэр дэвшигч өрсөлдөж байна.  Ингэж 76-хан суудлын төлөө 606-уулаа өрсөлдөж, ихэнх нь сонгогдохгүйгээ мэдсээр байж идэвхтэй гүйх нь цаанаа учир шалтгаантай. Хүчтэй өрсөлдөгчийнхөө саналыг хуваах зорилгоор өөр нэр дэвшигчийг өгөөшөнд хаядаг байсан технологийг энэ удаа сонгуулийн тогтолцоо, хуульд нийцүүлэн хувиргажээ. УИХ-ын 2020 оны сонгуулийн тухай хуулийн 72.1-т “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасан. Тиймээс нэг сонгогч өөрийн тойргийн мандатаас хамаарч 2-3 нэр дэвшигчийг заавал дугуйлах ёстой гэсэн үг.

Тиймээс тойргийн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгох хуулийн заалтад нийцүүлэн нэг нэр дэвшигч өөртэйгөө хамт сонгуулах запасны нэр дэвшигчийг өрсөлдүүлж байна.  Энэ нь хүчтэй өрсөлдөгчиддөө илүү санал өгүүлэхгүй байх арга юм. Ялангуяа  улс төрийн хоёр том хүчин, тэдний нэр дэвшигчид запасны хүн ашиглаж буйг улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

Нийслэлээс ч илүү орон нутагт хоёр том хүчний гишүүд дэмжигчдийн хөл сүлжээ тасрахын аргагүй үргэлжилдэг. Энэ утгаараа ялангуяа орон нутагт нэгээс хоёр хүчтэй нэр дэвшигчтэй хамт запасанд дугуйлагдсан нэр дэвшигч олон саналаар сонгогдоход гайхах хэрэггүй билээ. Магадгүй тойргоос хол тасархай саналаар нэр дэвшигчийг дэмжигчдээрээ дугуйлуулж болох ч тийм хүн тун цөөн байгаа энэ үед сураггүй нэр дэвшигчдийг л дугуйлах нь ойлгомжтой биз ээ.

“Царцаа”-нууд сураггүй нэр дэвшигчдийн боломж

Зөвхөн орон нутгийн гишүүд дэмжигчид гэлтгүй хаягийн буурь сэлгэсэн хүн "царцаа”-нууд олон байгаа нь запасны нэр дэвшигчдийн боломжийг өндөрсгөж байна. Хэдийгээр манай улс “царцааны нүүдэл”-ээс хамгаалж, томсгосон тойргоор сонгууль явуулахаар шийдвэрлэлээ гэсэн ч тойрог нь том байхын хэрээр “царцаа” нь ажиглагддаггүй сонгуулийн тогтолцоог сонгочихож. Анхнаасаа мэдсэн үү, мэдэн будилсан уу, мэдэхгүй.  Ямартай ч дүн өвлөөр эхэлсэн “царцаа”-ны нүүдэл овоо их газрыг эзэгнэсэн бололтой.

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний төрийн бус байгууллагууд УИХ-ын сонгуулийн үеэр хэд хэдэн чиглэлээр ажиглалт мониторинг хийж байгаагийн нэг нь сонгогчдын нэрсийн жагсаалт. Тодруулбал, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ, “Бодлогод залуусын хяналт” ТББ,  МИДАС ТББ хамтран сонгуулийн санал авах, санал тоолох үйл ажиллагааны ажиглалт болоод сонгогчдын нэрсийн жагсаалтад хяналт тавьж байгаа талаараа өчигдөр мэдээллээ.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад хяналт хийхээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороодод очиж, сонгогчдын хаягийг шалгажээ. Шалгалтаар нэг хаяг дээр олон сонгогч бүртгэлтэй байх тохиолдол их гарсныг төрийн бус байгууллагынхан баримттай нь тайлбарлав. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VIII хороо, Эрдэнэтолгой 50 дугаар гудамжны нэгэн хашаа байшинд 10 хүн бүртгэлтэй байсан ч тус хаягаар очиж үзэхэд байшин нь балгас маягийн,  хүн амьдардаг шинжгүй, эзгүй хашаа байсан гэнэ.

Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Монелийн 12 дугаар гудамжны нэгэн тоотод 20 хүн бүртгэлтэй байсан ч албан ёсоор хоёрхон хүн амьдардаг нь мэдэгдсэн байна. Үүнээс гадна олон сонгогч бүртгүүлсэн нэг хаяг дээр очиход эзэд нь “Ийм хүн байдаг. Энэ манай найзын нөхрийнх аав” гэж хэлсэн ч нарийвчлан шалгахад тухайн хүн нь бэрээсээ нэг насаар ах, хүүгээсээ нэг насаар дүү болж таарч эцэстээ биш гэдэг нь мэдэгдсэн байна.

Зөвхөн нийслэлийн хоёр дүүргийн нөхцөл байдлаас цухас дурдахад “царцаа”-ны нүүдэл ийм байна. Саяхан л гэхэд энэ сарын 10-наас өмнө нэр дэвшигчдийн туслах, албаныхан нь хуулийн хугацаанд сонгогчийн шилжүүлэг хийлгэж, багахан нүүдэл болоод амжив. Тэд “нүүлгэсэн” эзнээсээ гадна хамгийн сул 1-2 хүнд санал өгөхөөр төлөвлөж байгаа. Энэ хэрээр тойрогт нэр дэвшиж буй запасны улстөрчид сонгогдох боломж нь нэмэгдэж байгаа юм.

eagle.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно