2020-05-20 02:13

Хавтаст хэрэгтэй нэр дэвшигчид


Ирэх дөрвөн жил төрийн жолоо атгалцахаар өрсөлдөж байгаа улстөрчдийн цөөнгүй хэсгийнх нь “түүх” төрийн сейфэнд хадгалагдаж байна. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эцэслэгдээгүй ч хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа нь үнэн.

Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө төр улсаа, бусдыг, олон нийтийг ямар нэг байдлаар хохироосон хэрэгт холбогдсон учраас хавтаст хэрэг нээн шалгаж байгаа юм. Тэгвэл сар гаруйн дараа болох Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшигчид бараг тодорлоо. Харин ээлжит сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртөлсөн эрхмүүдийн дунд гэмт хэрэгт татагдан шалгагдаж байгаа  нэр дэвшигчид хэн хэн байгааг тоймлоё.  

 

Сэлэнгэ Д.Эрдэнэбат

 

Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшиж буй Д.Эрдэнэбаттай холбоотой хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон хэрэгт  Засгийн газрын гишүүн асан Б.Болор, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын албан тушаалтнууд холбогдон шалгагдаж байна.

Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, тус яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэрэгт энэ оны гуравдугаар 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

 

Сэлэнгэ Ж.Эрдэнэбат

Дараагийнх нь мөн л МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат. Түүнийг Тост тосон бумбын орд газрын тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлж байв. Харин Ж.Эрдэнэбат тайлбарлахдаа "Тост, тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж байсан компани газар авч, хайгуул хийж үзсэн. Юм олдоогүй учраас өөр компанид шилжүүлсэн. Тэр нь миний ХОМ дээр байгаа компани болж таарсан. Би ямар нэг буруутай үйлдэл гаргаагүй. “Хэрх элч” ХХК нь миний тодорхой хувь эзэмшдэг, миний дүүгийн компани” гэсэн тайлбарыг өгч байв. Тэгвэл түүнийг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гараад байгаа юм.

 

Өвөрхангай Д.Тогтохсүрэн

-Өвөрхангай аймагт МАН-аас өрсөлдөж буй УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй холбоотой хахуулийн асуудал хуулийн байгууллагын чихэнд хүрсэн. Тухайн үед АТГ-аас мэдээлэл өгөхдөө "Д.Тогтохсүрэн 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулсныхаа төлөө бусдаар дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэх гомдол мэдээллээр иргэн АТГ-т хандсан байна. Энэ дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа” гэх мэдээллийг өгч байсан удаатай.

 

Хэнтий Э.Бат-Үүл

АН-аас Хэнтий аймагт нэр дэвшиж буй Хотын дарга Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг хүү Б.Чулуудайгийн “Бэрэнгрупп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан байдаг.

 

Архангай Н.Батбаяр

Архангай аймагт АН-аас нэр дэвшиж байгаа Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оноос хойш шалгаж байна. Хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон ч сэргээн шалгаж эхлээд байгаа юм.

 

Сэлэнгэ С.Баярцогт

2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт АН-аас өрсөлдөж буй Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэрэг шүүхийн шатанд явна. Түүнийг Ерөнхий сайд асан С.Баяр нартай нийлж, Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

 

Хөвсгөл Да.Ганболд

Үүнээс гадна Хөвсгөл аймагт АН-аас өрсөлдөх эрхээ авсан Да.Ганболд Дубайн гэрээ байгуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа. Да.Ганболд нь 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Оюутолгойн далд бүтээн байгуулалтын гэрээнд Монголын Засгийн газрыг төлөөлж гарын үсгээ зурсан бөгөөд энэхүү гэрээний улмаас Оюутолгойн орд газраас Монгол Улсад орж ирэх байсан ашиг 15 жилээр хойшилсон хэмээн буруутгагдаж байгаа юм. 

 

Дархан-Уул Б.Бямбасайхан

АН-аас Дархан-Уул аймагт “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эдийн засагч Б.Бямбасайхан нэр дэвшиж байгаа. Түүнийг  “Оюутолгой” компанид хэт давуу эрх олгосон хэргээр шалгагдаж саатуулагдаж байв. Түүнийг Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нартай хамт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан шалган яллагдагчаар татсан.

 

 

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно