2020-05-11 04:20

С.Баяр: Би гэм буруугаа үүрээд ял эдлэхэд бэлэн байна


Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дөнгөж сая Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  өнгөрсөн баасан гаригт болсон.  Шүүх хуралд оролцогч Д.Ганболд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хангасан.

Улмаар хэргийг 2020.05.11-ны  өдрийн 09:00 цаг хүртэл хойшилсон. Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаанаас өмнө Ерөнхий сайд асан С.Баяр сэтгүүлчпийн асуултад хариуллаа. 


- Шүүх хуралд оролцогчид ямар хүсэлтүүд тавьж байна вэ?

-Нийтдээ долоо найман хүн байна. Уг найман хүнээ өмгөөлж, өмгөөлөгч нар нь хүсэлтүүд тавьж байна. Бидний олон хүнийг хууль бус мөнгө тогтмол олох зорилгоор гэмт бүлэг байгуулсан гэж эхэндээ буруутган, намайг 60 хоног саатуулсан. Гэтэл шүүхэд шилжүүлэхээсээ өмнө зүйл ангиа хүчингүй болгосон. Тэгсэн хэрнээ бидний 7-н хүн хамт сууж байна. Олон түмэнд эдгээр хүмүүс нийлж буюу Засгийн газраараа нийлсэн гэсэн ойлголтыг төрүүлсэн. Гэрээ байгуулахад Засгийн газар тэр чигээрээ оролцдог. 2015 онд Дубайн төлөвлөгөө гэдгийг баталсан гэдгийг би дуулсан. Миний оролцоо байхгүй. Учир нь тэр үед би сул иргэн байсан. Гэмт бүлэг байгуулсан гэдэг тогтоолоо хүчингүй болгосон хэрнээ биднийг нэг өрөөнд гэмт бүлэг байгуулсан юм шигээр байлгаад байна гэдэг буруу юм л даа. Энд байгаа хүмүүсийн заримыг нь би танихгүй. Бидний хооронд хамтраад, эсвэл тусдаа гэмт хэрэг хийсэн зүйл байхгүй. Зүйлчлэлээ зөв гаргаач гэсэн үндэслэлийг бүгд хэлж байна.

Биднээс нээлттэй явуулах уу, хаалттай явуулах уу гэж асууж байна. Бид нээлттэй явуулъя гэдэг саналаа хэлсэн. Ялангуяа биднийг олон түмэнд Засгийн газраараа мафи байгуулсан гэдэг ойлголтыг өгчихсөн учраас нээлттэй ил тод явуулж, биднийг яг юугаар яллаад байгаа юм, ямар гэмт хэрэг хийсэн гэж үзээд байгаа юм гэдгийг нь харуулах үүднээс нээлттэй явуулахаа илэрхийлсэн. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гээд байгаа. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Улсыг хохируулсан гэж үзэж байгаа бол улсаа төлөөлөөд нэг хүн ирээд ийм хэмжээний хохирол учирсан, би төлөөлж байна гээд хүн байх ёстой биздээ. Гэтэл хохирогчгүй хэрэг яваад байна. Хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирогчоо томилооч ээ.

Нотлох баримт дээр зөндөө асуудал байна.  Намайг Оюутолгойн гэрээ байгуулахдаа, энгийнээр хэлбэл, "Петровис" компанийн шатахууныг Оюутолгой компанид зах зээлийн үнээс өндөр үнээр, хэрэгцээнээс илүүгээр шахсан гэж байгаа юм. Энэ хоёр компани хоорондоо байгуулсан гэрээг харах маш амархан. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа нөлөө үзүүлсэн бол үр дүн нь Петровис компанид ашигтай болж хувирна. Тэр хаана байгаа юм бэ? Яаж өөрчлөгдсөн юм бэ? Петровис компани ямар давуу байдалтай болсон юм бэ. Оюутолгой компаниас огт  мэдүүлэг аваагүй байгаа юм. Намайг аль 2002 онд Москвад Элчин сайдаар ажиллаж байхад л эдгээр хоёр компани бензин шатахуунаа нийлүүлж ажиллаж байсан юм билээ. Тэр нь явсаар 2013 он хүртэл үргэлжилсэн. Оюутолгойн гэрээ 2009 онд байгуулагдсан. Гэрээнд ямар нэг өөрчлөлт оруулаад тэрэн дээр нь Петровис урьд өгч байснаасаа ашигтайгаар өгч байсан бол намайг буруутгаж болноо доо. Гэтэл тийм юм байхгүй байгаа. Энэ мэтээр олон асуудал байна.

-Ч.Давааням гэж хүн энэ шүүх хуралд оролцож байгаа юм байна. Энэ ямар учиртай хүн бэ?

-Петровис компанийн үүсгэн байгуулагч хүн. Миний бага залуугийн найз. Энгийн үгээр хэлбэл, Оюутолгойн гэрээ байгуулах далимандаа Петровис компанид шатахуун шахсан гэж намайг буруутгаад байна. Үүнийгээ нотлох хэрэгтэй. Хэрвээ тийм зүйл байгаа бол би гэм буруугаа үүрээд ял эдлэхэд бэлэн байна. Гэтэл огт гэм зэмгүй хүнийг миний найз байсных нь төлөө нотлох баримтгүйгээр буруутган шалгаж байна. Ерөнхий сайд надтай найз байсныхаа төлөө энэ хүнд давуу тал олгох нь битгий хэл, одоо нэг хэрэгт яллагдагчаар татагдаад явж байна. Хэрэг үнэн зөв шийдэгдэх байх гэж найдаж байна." гэв. 

 

Ё.Баяр, Ч.Давааням нарт  Эрүүгийн хуулийн 263.2, 18.6.2.3, 22.10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр буруутгаж буй юм. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно. 


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно