2020-05-06 01:21

Захирлууд нь золигт гардаг “ЭТТ” буюу захирал асан Д.Ариунболдыг баривчиллаа


Энд шүтлэг, эсвэл бэлгэдлийн талаар ярих гэсэнгүй. Зүгээр л бодит байдал, болж буй явдал ингэж үргэлжлээд байгааг хэлж байгаа хэрэг юм.
 
 
Тавантолгойн орд газрын лицензийг Монголын төр, Монголын ард түмний өмнөөс хариуцдаг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын суудал суусан хүндээ үнэхээр халгаатай. Шулуухан хэлэхэд энэ компанийн захирал болсон хүн удалгүй ямар нэг байдлаар “золигт гараад” байдаг юм.
 
 
 
Дээр хэлсэнчлэн энэ нь шүтлэг, бэлгэдлийн аль нь ч бус. Харин бүтэн 12 жилийн турш тал талын улс төрийн нөлөөлөл, эдийн засаг бизнесийн ашиг сонирхлын дунд тэлчилж буй Тавантолгойн ордын баялагтай холбоотой ажээ.
Олон хүний хүсэл шунал гүйцэлдэнэ гэж юу байхав. Тиймээс л “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар залагдаж очсон эрхмүүд тун удахгүй тааруухан замналаар явдаг болчихсон юм. Энэ нууц биш. Бүгд мэднэ.
"Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийг УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны арванхоёрдугаар сарын сарын 23-нд байгуулжээ. Тэр үед Ерөнхий сайд Сү.Батболд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны захирлаар Б.Энэбиш томилогдож байв. Б.Энэбиш нь 2008 оны арванхоёрдугаар сараас 2011 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл гурван  жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Өөрөөр хэлбэл, түүнийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нь 2010 оны арванхоёрдугаар сарын 21-нд "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж гүйцэтгэх захирлаар Б.Энэбишийг түр томилох шийдвэр гаргажээ. Тэр үед "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга нь ТӨХ-ны дарга байсан Д.Сугар байжээ. Ингээд 2011 он гараад удалгүй Б.Энэбишийг жинхэлсэн байдаг. Б.Энэбиш нь 2012 оны УИх-ын сонгуульд МАН-ын тараасан “Эх орны хишиг”-ийг Хятадын Чалькогоос босгож, тэр нь тухайн үедээ гавьяа хэмээн яригдаж байлаа. Гэвч 2012 оны сонгуульд АН ялж, засаг авсны дараа буюу 2012 онд түүнийг чөлөөлсөн. Тэр зүгээр чөлөөлөгдсөнгүй. Хятадын Чалько компанитай маш хямдаар нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. Том даацын 10 машины дугуй бас таван тэрбум төгрөгийн дугуй "шахсан” зэрэг хэрэгт буруутгагдсан. Улмаар эх орноосоо дайжиж, харьд амьдрах болсон.
Б.Энэбишийн дараа АН-ынхан 2012 оны аравдугаар сарын 11-нд Я.Батсуурийг  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон. Уг нь Я.Батсуурь бол дипломатч, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан тулхтай нэгэн байсан юм. Гэвч түүнийг хоёр жил гаруйн дараа буюу 2015 оны хоёрдугаар сарын 25-нд Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэнгийн гэх хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Учир нь Я.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал байхдаа “хүргэн” Г.Дэнзэнгийн компанид 14 тэрбум төгрөгийг гаргаж өгсөн хэрэгт буруутгагдсан. Улмаар Я.Батсуурь, хүргэн Г.Дэнзэн нарыг шүүсэн. Шүүхээс Я.Батсуурьт 2.0, “хүргэн” Г.Дэнзэнд 3.6 жилийн хорих ял оноосон. Тэд одоо суллагдсан.
 
 
 
Я.Батсуурийг баривчилсны дараа 2015 оны дөрөвдүгээр сарын 8-нд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томилов. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан энэ эрхэм Тавантолгойн ТУЗ-ийн дарга нь байсан. Харин тэрээр "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар 20 хүрэхгүй хоног ажилласны дараа ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байдаг. Яагаад, ямар учраас ийм хурдан чөлөөлөгдсөн нь тодорхойгүй үлдсэн.
 
 
 
Дараа нь 2015 оны тавдугаар сарын 7-нд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Батбилэгийг гүйцэтгэх захирлаар томилов. Б.Батбилэг нь тус компанийн Борлуулалт, Маркетинг, Ложистикийн газрын захирлаар 2013 оноос ажиллаж байсан юм.  Б.Батбилэг бас л удсангүй. Түүнийг 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд "Эрдэнэс Тавантолгой” компанид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхийг эсэргүүцсэн "Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн ТУЗ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн юм. Ингээд шинэ гүйцэтгэх захирал томилогдтол  "Эрдэнэс Монгол” ХК-ийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан Т.Билгээ гүйцэтгэх удирдлагыг түр орлохоор болсон байдаг. 2016 оны есдүгээр сарын 2-нд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, Д.Ариунболдыг гүйцэтгэх захирлаар томилсон юм. Д.Ариунболдын хувьд мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга байсан. Хувийн бизнесээ ч амжилттай хийж явсан. Ер нь л маш сайн менежер юм. Үүнийгээ ч "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа харуулж байсан.
 
 Д.Ариунболд нь ажлаа аваад хэдхэн сарын дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 30-нд Чалкогийн өрийг өлж дуусгасан тухайгаа зарлаж байлаа. Энэ үеэрээ Тавантолгойн нүүрсийг сонгон шалгаруулалтаар олборлуулах болсон тухайгаа дуулгаж байв. Дараахан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Эрдэнэс Тавантолгой” ХК, жижиг "Тавантолгой” ХК хоёрын дундын мөргөцгөөс сонгууль, наадам дамнуулаад хулгайгаар нүүрс олборлосон. Төлбөр мөнгө нь сураггүй алга болсон. Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээллүүд гарах болсон. Удалгүй Д.Ариунболд ажлаа өгч, оронд нь дэд захирлаар нь ажиллаж байсан Б.Ганхуяг дээшилж томилогдсон юм.
Тэгвэл Д.Ариунболдыг уржигдар буюу 2020 оны тавдугаар сарын 4-ний үдшийн 22:00 цагийн орчимд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн баргивчилжээ. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээллээр Д.Ариунболдыг баривчилсан нь гурван жилийн өмнөөс яригдаж байгаа нүүрсний хулгайн хэрэг гээчтэй холбоотой юм байна. Түүнчлэн Д.Ариунболдын асуудалд УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн холбогдож буй бололтой. УИХ-ын ээлжит сонгууль ойртсон ийм цаг үед болсон гэнэтийн баривчилгааны ард юу ч байж мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс бас хэлж байна. Юутай ч энэ баривчилгаа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын суудал эзнээ золигт гаргадаг гэж дэмий ч нэг яриагүйг бас нотоллоо.
 
 
Өмнөх захирлуудынхаа туулаад гарсан амьдралыг Д.Ариунболд их бага хэмжээгээр туулах нь тодорхой боллоо.
 
 
Ерөөс Тавантолгойн орд тойрсон шунал л “Эрдэнэс Тавантолгой”-н захирлуудыг ийм болгож байна гэвэл зохино. “Зууны мэдээ” сонин яг энэ сэдвээр “Захирлуудыг золигт гаргасаар байх тогтолцооны гажиг” нэртэй нийтлэлийг 2016 оны аравдугаар сарын 18-нд нийтэлж байлаа. Хэдийгээр бараг дөрвөн жил өнгөрч, дараагийн сонгууль хаяанд ирсэн ч энэ гажиг засагдалгүй “Эрдэнэс Тавантолгой”-н дахин нэг захирал хоригдлоо.
 
Шулуухан хэлье. Дараагийнх нь ч болгоомжлогтун!
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно