2020-04-02 01:25

Б.Хурц нарт ял оноох бололтой


ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт ял оноож болзошгүй нөхцөл үүссэн талаар эх сурвалж мэдээллээ. Тэднийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, хохирогч Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн хэмээн буруутгаж, хэрэг нь эцэслэн шийдэгдэхгүй жил дамнаж буй юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ талаар “Шүүх дээр энэ хэргийг сунжруулах хуйвалдаан явагдаж байна. Шүүгч нар арьсаа хамгаалахын тулд хугацаа хожиж, яргалсан хүмүүст боломж олгох хуйвалдаан зохион байгуулж байна. Хуультай улсад Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг нэг ч цаг алдалгүй суллах ёстой” гэж удаа дараа мэдэгдсэн. “ХЗДХ-ийн сайд нь ингэж мэдэгдээд байхад уг хэрэгт ямар ч ахиц гарахгүй сонгуультай золгож буй нь олигтой зүйл биш” гэж эрх баригч намынхан үзэж, яаралтай нэг тийш болгох үүрэг дээрээс өгсөн гэнэ.

Сануулахад, НПГ-аас уг хэрэгт яллах дүгнэлт үйлдээд буй бөгөөд прокурорууд хэргийн бүрдэл хангагдсан, нотлох баримт хангалттай гэж үзээд, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Тус шүүхэд өнгөрсөн оны аравдугаар сард тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэн, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон билээ. Үүнийг нь Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын өмгөөлөгч нар үндэслэлгүй гэж үзэн Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд хяналтын шатны шүүхийн шүүгчид хянаж буй юм.
Үүссэн нөхцөл байдал, хууль, шүүхийн байгууллагын процессыг харахад уг хэргийг хэрэгсэхгүй болгох магадлал тун бага, өөрөөр хэлбэл, ял оноохоор байгаа гэнэ.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно