2020-02-19 00:49

Айсуй сонгуулийн чимээ: Говь-Алтай


“Сонгууль-Анализ” булангаараа  аймаг бүрийн сонгуулийн өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын сонгуулийн арванхоёр, арвангуравдугаар  тойрог болох Говь-Алтай аймгийг онцолж байна.

Говь-Алтай аймагт энэ жилийн тухайд хоёр мандаттай сонгууль болно. Он цагийн дарааллыг харахад аймгийн сонгогчид МАН-д давамгай ялалт өгч байжээ.  Долоон удаагийн сонгууль болоход бүгдэд нь МАН-д  итгэл үзүүлсэн.  Тиймээс тус аймгийг МАН-ын буюу улаан өнгийн тойрог гэж  ярьдаг. Говь-Алтай аймгийн УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөний тухай тоймлон хүргэж байна.

 

1992 он: МАН

 

1992 оны анхны ардчилсан УИХ-ын сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан.Сонгуулийн арванхоёрдугаар тойрогт  МАН/МАХН/-аас нэр дэвшсэн В.Алзахгүй 11541 хүний санал авч, анхны ардчилсан парла­ментын гишүүн болж байв. Мөн Говь-Алтайн арвангуравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн  А.Базархүү олонхийн санал авч парламентын гишүүнээр сонгогдон ажилласан байна.

 

1996 он: МАН

 

Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан.

 

 

 

76 тойрогт  таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Говь-Алтай аймгийн сонгогчид энэ удаа МАН-ыг багаар нь сонгож гаргажээ. Тухайлбал, арванхоёрдугаар тойрогт  МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн П.Жасрай, арвангуравдугаар тойрогт А.Базархүү ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болж байв.

 

 

 

Тэдэнтэй одоогийн АН-аас Л.Бямбажаргал, Д.Лхагвасүрэн нар өрсөлдөж байв. Тухайн оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан АН УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ. Ийнхүү улс даяар цэнхэртсэн ч говь-алтайчууд эсрэгээрээ цэнхэр сонголт хийсэн жил байлаа.

 

2000 он: МАН

 

УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Багасгасан мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа Говь-Алтайд хоёр мандаттай сонгууль болсон.  Арванхоёрдугаар  тойрогт П.Жасрай, Л.Бямбажаргал, Ж.Галиндэв нар өрсөлдөж П.Жасрай хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна. Харин арвангуравдугаар тойрогт Р.Цогтбаатар /МАН/,  Л.Галбадрах /АН/ өрсөлдсөн байдаг.  Үүнээс Р.Цогтбаатар олонхийн санал авсан юм.  Ийнхүү говь-алтайчууд хоёр дахь удаагаа МАН-д итгэл үзүүлэв. Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчийн 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.

 

2004 он: МАН

 

Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан. Говь-Алтай  аймагт тухайн оны сонгууль хоёр мандаттай явагдав. Арванхоёрдугаар тойрогт  МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Т.Очирхүү ялалт байгуулсан бол арвангуравдугаар тойрогт А.Цанжид олонхийн санал авсан байдаг. Тэдэнтэй Эх орон ардчилал эвслээс С.Алтангэрэл, Л.Галбадрах нар өрсөлдсөн билээ. Энэ удаад ч Говь-Алтайн  сонгогчид МАН-д давамгай ялалт өгсөн юм.  Тэд улаан тойрог гэдгээ баталсаар байв.

 

2008 он: МАН

 

Тухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид дахин МАН-д итгэл үзүүлсэн. МАН-аас Ц.Дашдорж   УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн МАН-аас Ж.Энхбаяр олонхийн санал авсан байдаг. Тэдэнтэй О.Ариунсан, О.Сэмэр нар  өрсөлдөж байсан билээ. Тухайн оны сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан  АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.

 

2012 он: МАН

 

УИХ-ын сонгууль анх удаа холимог  системээр явагдсан.  Тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлигатай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт байв.  Булган аймагт МАН-аас Ц.Дашдорж өрсөлдөж, УИХ-д сонгогдов.  Харин АН-аас Б.Ариунсан өрсөлдсөн юм.

 

2016 он: МАН

 

МАН олонхи тойрогт ялалт байгуулав. Говь-Алтайчууд ч МАН-д итгэл үзүүлсэн. Арванхоёрдугаар тойрогт МАН-аас Ш.Раднаасэд, АН-аас Засаг дарга асан О.Амгаланбаатар, МАХН-аас А.Бүргэдаа нар өрсөлдсөн. Үүнээс Ш.Раднаасэд олонхийн санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Түүнчлэн хамгийн олон буюу гурван хүн  тус тойрогт бие даан нэр дэвшсэн билээ. Тухайлбал, Б.Наминчимэд, Г.Нэргүй, Ш.Эрдэнэбат нар өрсөлдсөн юм.

 

2020 он:

 

Энэ удаагийн сонгууль 2008, 2012 онтой адил томсгосон тойргоор явагдана.  Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна.  Говь-Алтайн тойрогт энэ жил хоёр мандат хуваарилсан.  МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд,  МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар явах нь бараг л тодорхой болсон.  Харин АН-аас Засаг дарга асан О.Амгаланбаатар, А.Дэлгэржаргал, Л.Болормаа нарын нэр албан бусаар яригдаж байгаа гэнэ.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно