2019-11-12 03:09

С.Эрдэнэ дарга аа, гишүүдээ мөнгөтэй мөнгөгүйгээр ялгаварлахыг Ардчилал гэдэг юм уу?


Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж төрийн эрхийг мөнгөөр худалдан авах тухай гайхмаар шийдвэрийг гаргаад байна. АН-ын дарга С.Эрдэнэ ирэх оны УИХ-д нэр дэвшихээр горьдож байгаа эрэгтэй гишүүн 100 сая төгрөг, эмэгтэй гишүүн 60 сая төгрөг төлж нэр дэвших эрхээ авах ёстой гэж мэдэгджээ. Гэхдээ нэг тойрогт 4 горилогч гишүүнийг бүртгэх бөгөөд 4 хүн дөрвүүлээ тус бүр 100 сая төгрөг төлнө. Эмэгтэйчүүд ч мөн 4 үүлээ 60 сая төгрөг төлөх аж. 

Нийт татваруудын үнийн дүнг тооцож үзье. Тус намын дүрмийн дагуу УИХ-ын 76 тойргийн 60 тойрогт эрэгтэй нэр дэвшигч өрсөлдөх боломжтой. АН-ын дүрэмд УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчиддээ 20 хувийн квот тогтоож өгсөн байгаа. Энэ нь 16 тойрогт эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн үг. 

Тэгвэл: 

УИХ-ын 60 тойрогт 240 эрэгтэй горилогч бүртгэгдэнэ.  240 эр тус тусдаа 100 сая төгрөг төлж парламентын сонгуульд нэр дэвших анхны боломжоо олж авах аж.

240 х 100.000.000 = 24.000.000.000 (24 тэрбум төгрөг)

Харин 16 тойрог ногдож буй эмэгтэйчүүд нэг тойрогт дөрвүүлээ бүртгүүлнэ гэвэл 64 эмэгтэй нэр дэвшигч тус тусдаа 60 сая төгрөг төлөх юм.

64 х 60.000.000 = 3.840.000.000 (3 тэрбум 840 сая төгрөг) 

АН-ын удирдлага ийм байдлаар 2020 оны сонгуулийн өмнө бараг 28 тэрбум төгрөг босгохоор төлөвлөжээ. Цаашлаад АН Засгийн эрх барих хэмжээнд хүрлээ гэхэд их хэмжээний татвар төлсөн гишүүд дарааллынхаа дагуу Төрийн өндөр албан тушаалд томилогдох юм. Ингээд гадаад, дотоодод сургууль төгссөн чадвартай залуучууд ахиад эрх мэдлийн хуваарилалтын гадна талд үлдэх нь ээ.

Иргэн Г.Доржзодовын санаачилж, Ц.Сандуйн хэрэгжүүлэх гэж үзээд алдсан 60 тэрбумын сүлжээг хамгийн их эсэргүүцсэн субьектын нэг нь АН. Гэвч энэ нам одоо хамгийн их улс төр хийж байсан схемээ бодитойгоор хэрэгжүүлэхээр шийджээ. “60 тэрбумын” гэх хэрэгт холбогдоод байгаа Ц.Сандуй, А.Ганбаатар нар энэхүү хэрэгт холбогдуулан 4 жилийн ял аваад байгаа юм. Тэгвэл С.Эрдэнэ даргын хийж буй энэхүү үйлдэл ч үүнтэй агаар нэгэн биш үү.

 

АН-ын дарга С.Эрдэнийн санаачилсан мөнгөний пирамидын энэ сүлжээ хамгийн наад зах нь намын гишүүдээ мөнгөтэй, мөнгөгүйгээр ялгаварлан гадуурхаж Үндсэн хууль зөрчиж буй хэрэг. Цаашлаад энэхүү шүүлтүүр, цэвэрлэгээ нь АН-ын мянга мянган гишүүдийг боловсролтой боловсролгүйгээр ялгаж мэдэхэд хүргэж байна гэсэн гомдлыг тээж эхлээд байна.  

Монгол Улс Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлнэ. Иргэнээ үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахгүй хэмээн заасан байгаа. Гэвч Үндсэн хуулийн энэ заалтыг Засгийн эрх атгаж явсан АН ноцтой зөрчиж, гишүүдээ ялгаварлан гадуурхахаар шийджээ. 

Эгэл жирийн гишүүддээ мөнгөтэй мөнгөгүйгээр, боловсролтой боловсролгүйгээр ялган, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох боломжгүйд хүргэж, Төрийн байгууллагад сонгогдох эрхийг боомилох нь Ардчилсан намын үнэт зүйл мөн гэж үү. Үүнийг тэгээд Ардчилсан нийгмийн үнэт зарчим мөн гэж үзэх үү. Энэ тэгээд ардчилал юм гэж үү С.Эрдэнэ дарга аа!  

О.Бат


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно