2019-11-07 02:31

Ц.Элбэгдоржийн нэр холбогдсон, лиценз зарж Солонгос бизнесмэнийг залилсан хэргийг шалгаж эхэлжээ


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх асан Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ нар нийлж, Солонгосын иргэнийг залилсан тухай түүний өмгөөлөгч К.Манлайгийн яриа олон нийтийн сүлжээгээр тараад буй билээ.

Тодруулбал тэрээр :  “Би БНСУ-ын иргэн Ү Тэк Гуан гэдэг хүний өмгөөлөгч байна. Миний үйлчлүүлэгч 2019 оны есдүгээр сарын 11-нд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын ерөнхий прокурор зэрэг албан тушаалтнуудад хандаж өргөдөл гаргасан юм. Уг өргөдөлдөө гурван сая ам.доллароо Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудад залилуулсан талаараа дурьдсан. Яагаад одоо өргөдөл гаргаж буйн учир нь Монгол Улсад цаг эргэж, хэрэг нааштай шийдэгдэх боломжтой болсон. Өмнө нь өргөдөл өгөхөд огт шийдэгдэж байгаагүй” гэж тайлбарладаг.

Миний үйлчлүүлэгч өөрийнхөө нэг сая ам.доллароор Монгол Улсын гэр хорооллын иргэдэд шалны халаалтын систем нэвтрүүлэхээр болж төсөл хэрэгжүүлсэн.

Тэр үедээ Монгол улсаас Өмнөд Солонгост суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээтэй танилцаж,  улмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүмүүс болох П.Цагаан, Л.Пүрэвсүрэн нартай уулзсан байдаг. Тэр хоёр 10 сая ам.долларын ханштай алтны орд газрыг таван саяар өгөхөөр боллоо гэж миний үйлчлүүлэгчид хэлсний дагуу бизнесийн хувьд ашигтай санал гэж үзээд тэдний дансанд гурван сая ам.доллар шилжүүлсэн. Улмаар лицензийг нь авч 400 000 ам.долларын хөрөнгө оруулж хайгуул хийсний эцэст нөөц нь худлаа батлагдсаныг тогтоолгосон.

Ингээд ЦЕГ, ТЕГ-т өргөдөл гаргаж байсан юм билээ. Мөрдөн байцаах газар, тагнуулын байгууллага хэргийг удаа дараа хааж, прокурор ч үл мэдэгдэх шалтгаанаар төрийн нууцад авсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад Бодлогын зөвлөх асан Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ нар мөн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржийн сурталчилгаанд хандив болгож 700 000 ам.доллар нэхэж авсан" хэмээсэн юм.

Тэгвэл уг ярианд нэр дурьдагдсан Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр сууж байсан Ж.Сүхээг яллагдагчаар тооцон цагдан хорих тухай захирамжийг  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гаргасан аж. Ж.Сүхээг  ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног саатуулан шалгаж буй бөгөөд эх сурвалжийн өгүүлж буйгаар Ц.Элбэгдорж, П_Цагаан, Л.Пүрэвсүрэн, Ж.Сүхээ нарын нэр холбогдсон лиценз зарж, Солонгос бизнесмэнийг залилсан хэргийг шалгаж эхэлсэн гэнэ.

Э.Мягмар

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно