2019-10-25 01:58

“Саарал жагсаалт”-аас нэгмөсөн гаръя гэвэл МАНАН-г эвдэн устгах ёстой


Саарал жагсаалт ба хар гэмт хэрэг 

 

Манайхан “саарал жагсаалт”-аар маргаад сүйд. Төр засгийн зүгээс “гайгүй”, “онцгой хохирол байхгүй”, “айх сандрах зүйлгүй”, одоо хэдхэн хууль гаргаад, хэдхэн бичиг явуулаад л гарчихна гэх. Манайхан нэгэнт “саарал жагсаалт”-ын талаар “мэдлэг сайтай” болсон учир энэ удаад түүний цаана орших маш олон ноцтой асуудлыг хөндөх гэсэн юм…

 

Таван том гэмт хэрэг

 

Олон улсад: 1. Хүний наймаа, 2. Зэвсгийн наймаа, 3. Хар тамхины наймаа, 4. Мөнгө угаах, 5. Терроризм 5-ыг үндэстэн дамнасан том гэмт хэрэг гэж үздэг ба түүнтэй НҮБ-ээс эхлээд олон улсын бүх байгууллагууд тэмцдэг. Энэ талаарх хууль хуудсыг тоочих гэвэл барагдахгүй их.

Үүнийг хэлмэгц л гүндүүгүй тэнэг нь дэндсэн монгол баагий: “Өө, үхсэн хойноо, Наадуул чинь манайхаас “долоон уулын цаагуур” байгаа, маньд огт хамаагүй эд байна” гэж орилох нь гарцаагүй. Гэвч гэмт хэрэг тус бүрээр аваад үзвэл “ойлгож” магадгүй л юм…

 

1. Хүний наймаа

 

“Хүний наймаа манайд байхгүй, хаа хамаагүй зүйл” гэж хэлэх гээд олон хүний хэл ам загатнаж байгааг би мэдэж байна.

Дорноговийн Замын-Үүдээс алга болсон 8 настай Д.Сэржмядаг охиныг мартчихсан уу ? Энэ мэт хэдэн хүүхэд алга болсныг мэдэх үү ? Мэдэхгүй, тухайн үед нь мэдэж байсан ч одоо “мартчихсан”…

 

Улсын хэмжээнд: 2016 онд 4, 2017 онд 10, 2018 онд 8 хүн хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн. 2019 оны 1 дүгээр сарын байдлаар хүн худалдаалах 8 гэмт хэрэг бүртгэгдэн, 8 эмэгтэй хохирсны 6 нь 14-17 насны хүүхэд байв. 2010 оноос хойш нийт 25.501 хүн “алга болсон” гэж бүртгэгдсэнээс 478 нь олдоогүй, сураггүй болсон.

 

 

Цөөн хүн амтай Монгол Улс 10 хүрэхгүй жилийн дотор 478 иргэнээ ор сураггүй алдаж, тэр тусмаа хүүхдүүдээ олноор нь алдаж байгаа нь манайд хүний наймааны сүлжээ байгааг илт нотолно.

Сүүлийн 5 жилд бусдын биеийг үнэлүүлэх гэж гадаад руу гаргасан, хүн худалдаалсан 49 гэмт хэрэгт 67 хүн холбогдож, 138 хүн хохирчээ. 2018 онд 3, 2019 оны 1 дүгээр сарын байдлаар 1 хүн ял шийтгүүлсэн. 2017 оноос хойш хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9 гэмт хэрэгт 7 хүн холбогдож, 7 хүн хохирчээ. 2013-2017 онд нийт 104 хэрэгт 127 хүн холбогдож, 136 хүн хохирчээ.

Манайхан эх захаа алдсан, хөнгөн хялбар амьдрах дуртай охид бүсгүйчүүд “сайн дураараа” гадаадад гарч биеэ үнэлдэг гэж ойлгодог. Энэ дэлхийн бусдын биеийг үнэлүүлэх гэмт хэрэг дээд зэргийн зохион байгуулалттай, асар их мөнгө эргэлдүүлдэг сүлжээний бизнес байдаг. Хүний наймааны гэмт хэрэг гадаадад л зохион байгуулалттай, манайд “урсгалаараа” болдог гэж дүгнэх нь шууд утгаар тэнэглэл. Манайд хүний наймааны гэмт хэргийн сүлжээ ороод ирчихсэн ид “цэцэглэн хөгжиж” байна. Энэ нь манайд хамаагүй юу ?! Бас л “бага” тоо юу ?!

 

2. Зэвсгийн наймаа

 

ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг нарын хэргийг манайхан “мартчихсан” нь эргэлзээгүй. Генерал Т.Дашдэлэг нарын 3 хүн 2011 онд байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг задалж, моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан гэх хэрэгт холбогдож, түүнийг ТЕГ шалгасан. Гэхдээ энэ “операцид” тагнуулынхан өөрсдөө оролцсон юм чинь ямар үхснээ шалгах вэ дээ ?! Энийг цааш нь ярих уу, яахав ?!

Тэд Хойд Солонгосоос 1.5 сая ам.доллар (зарим тоогоор 679,8 мянга) авсан атлаа онгоцны мотороо өгөөгүй учир тэд манай Засгийн Газраас мөнгөө нэхснээр энэ хэрэг илэрсэн. “Бөөн юм” болж болж хэрэг замхарсныг бодоход генералд үүрэг өгсөн хүмүүс “их дээгүүр” зиндааных байж таарна.

1977-1984 онуудад Монголын Зэвсэгт хүчин Миг-21 ангиллын 44 онгоц Оросоос хүлээн авсан. 2011 оны байдлаар Монголд 11 ш Миг-21 онгоц байсан. Одоо хэд үлдсэнийг Бурхан ч мэдэхгүй. Хулгай дээрэм хийх болохоороо төрийн нууц мууц огт хамаагүй, харин хулгайг илчлэх, шүүх болохоор “төрийн нууц” болчихдог “монгол зүй тогтол” үйлчилж байгаа нь энэ…

Маш бөх, маневр сайтай, олон тоогоор үйлдвэрлэсэн Миг-21 онгоцыг одоо ч гэсэн Ази, Африк, Ойрхи Дорнодын орнуудад идэвхитэй ашигладаг. Ийм онгоцны мотор зарахаар чинь “зэвсгийн наймаа” гэсэн ангилалд орох нь гарцаагүй. Үгүй гэж үү ?!

Энд би 1990-ээд оны дундуур танк зарсан, АКА автомат “бөөндөж” зарсан г.м. “дээр үеийн” зэвсгийн наймааг огт яриагүй байна. Яривал ч их юм бий…

Ийм гэмт хэргийг Монголд “мартаж”, “мартуулж” болдог юмаа гэхэд дэлхий дахинд огт мартдаггүй юм. Гадаадын төр засаг, тусгай албадыг өөрсөд шигээ “маанаг лалар” гэж бодож болохгүй ш дээ…

 

3. Хар тамхи

 

Монголчууд “хамгийн эхний” Х.Лхагвасүрэнг аль хэдийн “мартчихсан”, “хамгийн сүүлийн” Б.Амархүүг л ярьж шуугих төдий. Тэгвэл хар тамхи чинь гамшиг болж, манай улсыг нөмрөн ирж заналхийлж байна. Албан ёсны тоо хэлье…

 

1999 онд хар тамхи, мансууруулах бодисын анхны судалгаа хийхэд өсвөр насны 1000 хүүхдээс 45 хүүхэд хар тамхины зүйл татаж байсныг тогтоож байв. Гэтэл 2013 оны 10 дугаар сарын судалгаагаар 1000 хүүхдээс 561 нь хар тамхи хэрэглэж үзсэн байв. 2019 оны эхний 9 сарын байдлаар хар тамхитай холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогджээ. Үүний 170 нь УБ хотод үйлдэгджээ. Үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн тоо 32.2%, холбогдогчдын тоо 21.9%-иар өсчээ. 2019 онд хар тамхины гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 85.4% нь 19-35 насны залуус, 5.1 % нь 15-18 насны хүүхдүүд байна. Холбогдсон 17 хүүхдийн 13 нь дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд. Холбогдсон хүмүүсийн 14.2 % нь гэмт хэргээ давтан үйлдсэн.

 

Манай хүүхэд, залуучууд олноороо ахуйн “газ” үнэрлэж, “анданте” зэрэг сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэж, тээврийн жолооч нар “мими” нэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэх, худалдах сүлжээ байгуулсан зэрэг мэдээг бид “цаг агаарын мэдээ” мэт тайван хүлээн авдаг болсон. Энэ нь хар тамхины тахал манай амьдралд хэр гүн, хэр өргөн нэвтэрсний баттай үзүүлэлт мөн.

Дээрээс нь манай дипломатууд хар тамхины гэмт хэрэгт “багц багцаараа” холбогдох болсон нь эдгээр гэмт хэрэг маш нарийн зохион байгуулалттай сүлжээ болсныг тод харуулдаг.

Саяхан ОХУ-ын Хар тамхитай тэмцэх байгууллага хар тамхины маршрут шинэчлэн гаргахад “Хятад-Улаанбаатар-Эрхүү-Красноярск” гэсэн шинэ чиглэл гараад ирж. Манайх хар тамхи хэрэглэдэг, дамжуулдаг дэлхийн сүлжээний нэг хэсэг болсон нь тов тодорхой байгаа.

 

4. Мөнгө угаах

 

Манайхан мөнгө угаах гэдгийг ганцхан “офшоор” гэж ойлгодог нь дэндүү гачлантай, дэндүү өрөвдөлтэй төсөөлөл. Олон улсад гэмт хэргийн арга замаар далд, албан бус эдийн засгаас албан ёсны эдийн засагт мөнгө шилжүүлэн хувиргах бүх төрлийн гэмт хэргийг “мөнгө угаах” гэж ойлгодог.

Харин бидний “мэддэг” оффшоор бол гэмт хэргийн замаар олсон мөнгийг зувчуулдаг цуврал технологийн сүүлчийн шат юм. Хэрэв хулгайлж, дээрэмдсэн асар их мөнгөгүй бол юугаа оффшоорт хийх билээ ?!

Харин бохир мөнгийг яаж олдог вэ ? гэвэл эсвэл хулгай дээрмийн замаар, эсвэл дээр дурдсан зохион байгуулалттай гэмт хэргийн замаар л олж болно. Аль аль нь мөнгө угаах гэмт хэрэг юм. Өөр хувилбар байхгүй…

 

5. Терроризм

 

“Энэ бол манайд ёстой хамаа байхгүй” гэж хэлэх гэж бэлтгэж байгаа биз ?! Үгүй шүү…

Терроризм санхүү мөнгөө хаанаас олдог вэ? гэсэн асуулт тавиад үз л дээ. Терроризм мөнгөө дээр дурдсан 1. Хүний наймаа, 2. Зэвсгийн наймаа, 3. Хар тамхины наймаа, 4. Мөнгө угаах гэмт хэргээс гаргаж авдаг юм. Олон улсад дээр дурдсан гэмт хэрэг хэзээ ч дан дангаараа байдаггүй, харин өөр хоорондоо маш нарийн холбогдсон сүлжээ болон хувирсанд гол аюул нь байгаа юм.

 

Манайд терроризмын аюул орж ирэхэд бэлэн болж, манай хаалгыг тогших болсон гэж бүрэн итгэлтэйгээр дүгнэж болно.

 

ФАТФ-ын шаардлага

 

Манайхан ФАТФ гэдэг нэрийг сая л мэдэж, том жижиггүй “ФАТФ манайд 40 шаардлага хүргүүлсэн” гэж “шаах” болов. Ингээд л аливаа юмыг сураг ажгаар, цуурхлаар шаадаг нь яах аргагүй “монгол” зан л даа…

1989 онд Парижад болсон “Их долоо”-гийн уулзалт дээр Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэрэгсэл боловсруулах Бүлэг байгуулсан юм. Энэ нь мөнөөх ФАТФ болно. (Financial Action Task Force on Money Laundering).

ФАТФ-ын цорын ганц үндсэн хэрэгсэл нь 40 үзүүлэлт бүхий стандарт шаардлага байдаг ба үүгээрээ л бүх улс орнуудыг “хэмждэг” ба түүнийгээ 5 жилд нэг удаа шалгадаг. Түүнээс биш, ганцхан Монголд зориулаад “аймаар олон” 40 шаардлага тавиад байгаа юм огт биш…

Тэгсэн чинь юу вэ ? Манай маш олон улс төрч, тэр ч байтугай Монголбанк хүртэл “ФАТФ манайд 40 шаардлага тавьсан”, тэрнээс бид “дөнгөж 4-хөнийг нь зөрүүлсэн” хэмээн “тайлбарлаж”, юу ч “ойлгох” чадваргүй тэнэг лаларууд гэдгээ нотлов. “Ойлгохгүй” ч гэж дээ, өөрсдөө мөнгө угаадаг баагийнууд “зориуд ойлгохгүй” байгаа нь энэ. Үүнийг монголоор “мэдэн будилна” гэдэг…

Одоо тавын таван том гэмт хэрэг байсаар байхад яагаад ганцхан мөнгө угаахтай тэмцэх, чингэхдээ зөвхөн санхүүгийн арга замыг яриад байгаа юм бэ? гэсэн асуулт зүй ёсоор үүснэ.

Яагаад гэвэл дээр дурдсан гэмт хэргүүд ганцхүү мөнгө угаалтаар дамжин санхүүгийн хувьд хэрэгжиж, биелж байдагт оршино. Иймээс ФАТФ мэтийн байгууллагууд гэмт хэргийг тэжээн тэтгэж байдаг санхүү банкны гол амин судлыг нь олж, түүнийг хаахыг хичээдэг юм. Түүнээс биш, бусдыг нь “мартчихаад” ганцхан мөнгө угаахыг яриад байгаа юм огт биш…

ФАТФ-ын анхааралд өртөж мөнгө угаадаг нэр зүүсэн олон улс буй. Тэд сайн муу ямар нэг байдлаар эдгээр гэмт хэрэгтэй тэмцдэг. Харин Монгол Улс ганцаараа ямар ч тэмцэл хийгээгүй, хийгээгүйгээр үл барам гэмт хэрэгтнүүдийг улс төр санхүүгийн системээрээ дамжуулан өөгшүүлэн дэмждэг, шууд оролцдог.

 

Гэмт хэргийн сүлжээ

 

2001 оны 9 дүгээр сарын 11-ний явдлын дараа АНУ-ын шаардлагаар ФАТФ 40 шаардлага дээрээ терроризмтэй холбоотой 9 заалт нэмж 49 болгосон. Ингээд ФАТФ-ын нэр нь “терроризм, мөнгө угаахтай тэмцэх” гэсэн агуулгатай болсон юм. Өөрөөр хэлбэл терроризм, мөнгө угаах хоёр бол “ах дүү хоёр” гэсэн үг.

Саяхан ОХУ-ын Аюулгүй байдлын Албаны дарга А.Бортников: “терроризм, мөнгө угаах хоёр гар гараасаа хөтөлцөн явж байна” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл АНУ, ОХУ хоёр яг адил дүгнэж байна.

 

Эдгээр гэмт хэрэг: 1. Олон улс дамнасан аварга том сүлжээ байдаг, 2. Асар их мөнгө эргэлдүүлдэг, 3. Санхүүгийн асар их боломжтой байдаг онцлогтой.

 

НҮБ-ын үнэлгээгээр хууль бус худалдаанд өртөж хохирсон хүний тоо жилд 4 сая хүрдэг ба үүний дөрөвний нэгээс багагүй нь бэлгийн мөлжлөгт өртдөг. Дэлхийн хар тамхины наймааны орлого жилд 800 миллиард доллар хүрэх ба түүнийг нефтийн зах зээлийн орлоготой дүйцүүлэн үзэж болно.

Манайд зэвсгийн наймаа байгаа юу ? Ийм оролдлого удаа дараа хийсэн. Манай “сайн эрс” эдүгээ гадаадаас авч буй зэвсэг техникээ ч “махалж зарахаасаа” сийхгүй гэдгээ олон улсад ил тод харуулсан.

Манайд хүний наймаа байгаа юу ? Байгаа, байх байхдаа байнгын ажиллагаатай ихээхэн том сүлжээ байгаа нь тов тодорхой.

Манайд хар тамхины наймаа байгаа юу ? Байхаар барах уу. Хар тамхины том том сүлжээ ажиллаж, цар хүрээгээ өдөр тутам өргөжин тэлж байна.

Манайд мөнгө угаах гэмт хэрэг байгаа юу ? Байгаа. Байх байхдаа том том улс төрчид нь оффшортой орооцолдсоноос гадна тэд ББСБ, Хадгаламж Зээлийн Хоршоо, ломбард, валютын “хар зах” зэрэг сүлжээгээрээ дамжуулан “өдөр болгон” мөнгө угаадаг.

 

Нэг талаас, олон улсын гэмт хэргийн сүлжээ Монголд нэвтрэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна, нөгөө талаас, Монголын төр засаг эл гэмт сүлжээтэй хамтарч, хавсарсан дотоод сүлжээ байгуулан мөнгө угааж байна гэсэн баттай дүгнэлт хийж болно.

 

Ганц “байхгүй юм” нь терроризм үлдэж байна. Одоохондоо манайд терроризм байхгүй, гэхдээ тун удахгүй орж ирнэ. Энэ бол баталгаатай. Учир нь хүний наймаа, зэвсгийн наймаа, хар тамхи, мөнгө угаах зэрэг нь гарцаагүй бөгөөд зайлшгүй байдлаар терроризм руу түлхдэг, түүнд татан оруулдаг. Монгол дахь энэ аюултай хандлагыг олон улсад мэдээд шаардаад байна…

 

Их мөнгө хаана байдаг вэ ?

 

Гэмт хэргийн сүлжээний асар их мөнгө банкинд байдаг, бас банкаар дамжин эргэлдэж “амь ордог”, үүнд нь Монголын төр засаг оролцдог, нэлээд тохиолдолд өөрсдөө зохион байгуулдаг. Үүнийг нотлох нь илүү зан.

Манайхан том гэмт хэргийн боссууд олсон асар их мөнгөө “шуудайд хийж үүрчихээд” гүйгээд байх юм шиг төсөөлдөг. Үгүй л дээ. Тэд бохир мөнгөө албан ёсны эдийн засагт оруулах гэж зүтгэдэг нь зүй тогтол.

Гэмт хэргийн хууль бус, бохир мөнгийг албан ёсны эдийн засагт оруулж, “албан ёсоор” эргэлдүүлж, зувчуулдаг газар нь банк. Чухам ийм учраас НҮБ, ФАТФ зэрэг олон улсын байгууллагууд банкуудыг онилж, бохир мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах арга, замыг нь хааж таслахыг хичээдэг. Манайд тавьж буй ФАТФ-ын шаардлага чухам үүнд чиглэсэн.

Гэтэл манай банкныхан ямар хөгийн “тайлбар” хийж, “боож үхэх” шахаж байгааг бид бэлхнээ харж буй. Жишээ нь: Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гэх лалар ФАТФ-ын “саарал жагсаалт”-ыг “юу ч болоогүй”, “юу ч болохгүй” гэж балайрч байна. Энэ бол өөрөө мөнгө угаадаг этгээдийн гаргадаг түгээмэл араншингаас өөр зүйл биш…

 

Олон улсын жишиг, манайд өгч буй сануулгаас үзэхэд манайд ажиллаж буй дээр дурдсан гэмт хэргийн сүлжээг “ивээн тэтгэгч” гол суваг, үндсэн механизм нь Монголбанк болон арилжааны банкууд юм. Иймээс Монголын банкуудыг өөрийг нь бохир мөнгөнөөс салгаж, “угааж цэвэрлэх” цаг тулж ирээд байна.

 

ОУВС-ын шаардлагаар манай арилжааны банкууд активаа 700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Гэтэл манай банкууд үүнийхээ 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотолж чадсан, бусад 500 тэрбумын эх үүсвэрээ “нотолж чадаагүй.” Энэхүү “нотолж чадаагүй” 500 тэрбум төгрөг гэв гэнэт “газраас ургаад” ирж байгаа юм. Энэ бол юу ч биш. 2016 онд Ил тод байдлын болон Өршөөлийн тухай хууль гарах үеэр 34 их наяд төгрөгийн хөрөнгө өөрөө “тэнгэрээс унаад” ирэх жишээний. Энэ бол манай сүүдрийн болон бохир эдийн засгийн цар хүрээг илтгэх нэг том үзүүлэлт мөн. Сүүдрийн болон бохир эдийн засгийн гол тулгуур, үндсэн хэсэг нь мөнгө угаах гэмт хэрэг байдаг.

 

Зарим судалгаагаар (жи: доктор Ойдовын Цэцэгмаа) Монгол дахь сүүдрийн эдийн засаг албан ёсны эдийн засагтайгаа дүйцэх хэмжээнд хүрч, зэрэгцээ (параллель) эдийн засгийн том салбар болжээ гэсэн дүгнэлт хийсэн. Миний багцаа тооцоогоор Монголын сүүдрийн эдийн засаг ДНБ-ний 50-60%-тай тэнцэх нэн аюултай түвшинд нэгэнт хүрсэн. Энэ үзүүлэлт Германд 14%, Францад 11%, Швейцарт 8%, ОХУ-д 37% орчим байдаг.

 

Монголын банкны систем бохир улс төртэй салшгүй, нягт холбоотой. Гадаадынхны: “чанаргүй, жижиг банкуудаа цөөл, дүрмийнх нь санг нэм” гэсэн шаардлагыг монголын улс төрчид “банк дээрэмдэх” гэж “орчуулан ойлгодог” чинь худлаа юу ?! 30 жилд 30 орчим банк дээрэмдсэн чинь мөнгө угаах гэмт хэрэг гэж биш юм уу ?! Эрдэнэтийг дээрэмдсэн чинь мөнгө угаах ангилалд орохгүй юу ?! Дампуурсан “Капитал” банкны будлиан мөнгө угаах бүдүүвчид багтахгүй юу ?! Энэ “үй түмэн” ББСБ, Хадгаламж Зээлийн Хоршоо, ломбард, валютын “хар зах” чинь мөнгө угаах газрууд биш юм уу ?!

Үүнийг гадаадынхан “хараагүй”, “үзээгүй” гэж ойлговол дэндүү их эндүүрэл. Монголын улс төрийн МАНАН бүлэглэл бол банк санхүүгийн дээрмийг гардан үйлдэгч, зохион байгуулагчид мөн. Жирийн ард иргэд мөнгө угаагаад гүйлдээд байхгүй нь мэдээжийн хэрэг…

Эндээс Монголын эдийн засгийг бүхэлдээ шахам гэмт хэргийн эдийн засаг гэж дүгнэж болно. Энийг л ФАТФ шүүмжлээд байгаа юм. Танай улс терроризмыг ивээн тэтгэх, өөгшүүлэн дэмжих боломжтой гэж сэжиглэж байна гэсэн ФАТФ-ын дүгнэлт туйлын үнэн бөгөөд зөв…

Эдгээр гэмт хэргийг өөгшүүлэн дэмжиж, ивээн тэтгэж, шууд утгаар өөрөө оролцож, гүн гүнзгий орооцолдсон Монголын төр, түүний дотор хууль хяналт, хүчний болон санхүүгийн байгууллагуудын нүгэл барагдашгүй их. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төр гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болж, тэднийг өөгшүүлж байгаагаараа гол гэмтэн болно.

Төр ч гэж дээ, дэлхий дахинаа Монгол Улсыг “нүдний булай” болгосон МАНАН-гийн гэмт хэрэгтнүүд энэ бүхний хариуцлагыг хүлээх ёстой.

 

Буруутан хийгээд арга зам

 

Манай дарга нарын ФАТФ-ын “4-хөн шаардлага” гэдгийг жирийн монгол хэлэнд хөрвүүлбэл:

“1. Терроризм, мөнгө угааж буй гэмт хэрэгтэйгээ тэмц, хэрэг үйлдсэн баагийнуудаа шийтгэ. 2. Мөнгө угаах гэмт хэргүүдээ мөрдөн шалгаж, буруутныг шүүхээр оруул, 3. Бохир мөнгийг хураан авч битүүмжил, холбогдсон хулгайч, луйварчдаа шийтгэ, 4. Терроризм, мөнгө угаахын эсрэг санхүүгийн болон бусад цогц арга хэмжээ ав” гэж шаардаж байна. Тоо нь “дөрөвхөн” ч агуулга нь асар өргөн бөгөөд гүн…

Ийм хүнд асуудлыг хэдхэн хууль өөрчлөөд, хэдхэн бичиг, тайлан явуулаад “саарал жагсаалт”-аас гаргачихна гэж солиорч балайрч байгаа Ц.Нямдорж мэтийн этгээдүүдийг шууд мөнгө угаах гэмт хэрэгтэн, эсвэл уг гэмт хэргийг өөгшүүлэн дэмжигч гэж нэрлэж бүрнээ болно.

 

Одоо бид мөнгө угаах гэмт хэргийн асуудлыг зөвхөн гэмт хэргийн сүлжээний түвшинд авч үзэх ёстой. Энэ түвшингөөс “доогуур”, “гадуур” байгаа ямар ч “яриа тайлбар” эдгээр гэмт хэргийг дэмжсэн, өөгшүүлсэн үйлдэл болно.

Одооноос эхлэн монголын улс төрчдийг: мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцдэг болон тэмцдэггүй өмгөөлөн хамгаалагч гэж хоёр ялган үзэх ёстой. Миний бодлоор тэмцэх хүн гарахгүй л болов уу…

 

МАНАН Монголбанкны Н.Баяртсайхан, СЗХ-ны С.Даваасүрэн хоёроор “туг тахих”-аар шийджээ. Дөнгөж саяхан 2019.05.22-нд УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкинд очиж, банкны “өндөр амжилтыг” дурдаж байсан нь “хүчингүй” болжээ.

Ингэлээ гээд хур асуудлыг шийдэж чадахгүй. Яг үнэндээ мөнгө угаах сүлжээ бол МАНАН-гийн үе үеийн УИХ, Засгийн Газар, Монгол банкны луйврын “хувь нэмэр“-ээс бүтсэн “хамтын бүтээл” бөгөөд эдүгээ системт-сүлжээний хорт хавдар болтлоо өргөжин тэлсэн үр дүнд хүргээд байна.

Иймээс “саарал жагсаалт”-аас нэгмөсөн гаръя гэвэл МАНАН-г эвдэн устгах ёстой гэсэн цорын ганц дүгнэлт гарна. МАНАН-г эвдэхгүйгээр “саарал жагсаалт”-аас гарна гэж ёстой гожгор нь.

Мөнгө угаах гэмт хэргийн сүлжээ Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлсэн үлэмж ноцтой түвшинд хүрч, энэ нь олон улсын анхааралд өртөөд байна. Гэтэл Монголын мөнгө угаагч адгийн лаларууд үүнийг үл тоон гэдсэндээ хөлөө хийлцэж, алалцаж, үхэх гэж байхдаа хүртэл Үндсэн Хууль өөрчилнө гэж зүтгэж байна.

Цагаа тулах юм бол Үндсэн Хууль биш, мөнгө угаалт л чухамхүү тулгамдсан аюул занал мөн. Олон улсын нэр хүндтэй ФАТФ байгууллага “танайх мөнгө угаадаг” гэж дүгнээд байхад Монголын эрх баригчид “манайд тийм зүйл байхгүй” гэж зүтгэж байгаа нь “бид цаашдаа ч мөнгөө угаана” гэж хэлсэнтэй агаар нэг.

“Шунал ханадаггүй, шуналтан зогсдоггүй”, түүнийг зөвхөн зогсоодог” гэж юутай үнэн үг билээ…

 

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: http://ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог http://ganaa.mn-ээс уншина уу?


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно