2019-10-25 01:15

“Сахал” Д.Эрдэнэбилэг “Хаан” банкны 54.4 хувийг авахаар хэлцэл эхлүүлжээ


Худалдаа Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Улаанбаатар хотын Банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга "Сахал" хэмээх Д.Эрдэнэбилэг нь гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн онц ноцтой хэрэгт яллагдагчаар татагдан, шалгагдаж буй билээ.

Гэвч тэрээр шүүхийн шийдвэр ямар гарах буюу өөрийнх нь холбогдоод буй хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх зэрэгт төдийлөн санаа зоволгүй ердийн байдлаар ажил хэргээ явуулж буй ажээ.

Тэр бүү хэл "Сахал" Д.Эрдэнэбилэг "Хаан" банкны хувьцааны дийлэнхийг авахаар сүүлийн хоёр сар орчим хэлцэл хийж буй юм байна.

Японы улс төр, бизнесийн салбарт идэвхтэй ажилладаг эх сурвалжийн өгүүлж буйгаар "Таванбогд" группийн Ерөнхийлөгч, "Хаан" банкны 36.28 хувийг эзэмшигч Ц.Баатарсайхан "Сахал" Д.Эрдэнэбилэгийг дагуулан, өөрийн биеэр "Хаан" банкны 54.4 хувийг эзэмшигч Хидео Савадатай уулзсан бололтой.

 

Гэвч ноён Х.Савада "Сахал" Д.Эрдэнэбилэгт "Хаан" банкны хувьцааны дийлэнхийг зарахаас татгалзсан хариуг эхний байдлаар өгсөн бололтой. Мөн зарим эх сурвалжуудын хэлж буйгаар тэрээр уг багц заавал дэлхийн нэр хүндтэй аж ахуйн нэгж буюу Монголын ард иргэдийн нийтлэг эрх ашгийг эрхэмлэдэг хүнд байх ёстой гэсэн тайлбар хэлсэн байж мэдэх гэнэ.

"Хаан" банкны нийт хувьцааны 41.30 хувийг Японы “Савада Холдингс” компани, 13.10 хувийг нь Эйч Эс Интернэйшнл компани буюу нийт 54.4 хувийг нь ноён Х.Савада юм. Мөн олон улсын санхүүгийн корпораци 9.32 хувийг нь,  36.28 хувийг "Таван Богд" группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, түүний гэргий Д.Хулан нар эзэмшдэг.

Харин "Хаан" банкны  54.4 хувийг авахаар  хэлцэл хийж буй "Сахал" Д.Эрдэнэбилэг нь Худалдаа Хөгжлийн Банк, Улаанбаатар хотын банкны хувьцааны дийлэнхийг эзэмшдэг билээ.

Б.Гянт

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно