2019-10-17 02:27

Кино хийх нэрээр Ж.Мөнхбатын эрхэлж, зугаацах мөнгийг улсаас өгөх хүртлээ Монгол төр дампуурчээ


Өчигдөр Монгол Улсын Засгийн Газар ээлжит хуралдаанаа хийв. Энэ үеэрээ гаргасан нэгэн шийдвэр олны гайхшрал, дургүйцлийг зэрэг хүргэсэн гэхэд болно.

Тодруулбал Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавъяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны кино бүтээхэд зориулж, Монгол Улсын Засгийн Газар 500 сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар болсон явдал.

Энэ чинь юу болж байна аа?

МАН-ын ЕНБДарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын өөрийн ажил үүрэгт үл хамаарах хобби, чөлөөт цагаа өнгөрүүлэн хийж буй киноны зардлыг Монгол Улсын Засгийн Газар зүгээр л олгочихдог болжээ.

Гол нь ямар нэг нөхцөл, болзол үгүйгээр шууд л нөөц хөрөнгөнөөсөө "май" гээд л өгчихөж байна.

Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн шударга ёсны төлөөх уриа дуудлага, хатуу зарчим чухам хаана хугараад "нүүрсний хулгайч", "казиночинЖ.Мөнхбатын ( Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь тодорхойлж хэлсэнчилэн)  чөлөөт цагийг хөгжилтэй өнгөрөөхөд зориулж, иргэдээс татвар хэлбэрээр арайхийн цуглуулсан хагас тэрбум төгрөгийг өгөхөөр болчихов оо?

Сэдэв нь ач холбогдолтой шүү дээ, төрөөс дэмжих хэрэгтэй гэж мэтгэж болох л юм.

Үнэн.

 Ю.Цэдэнбал ч бай, хэн ч бай Монголын түүхтэй холбоотой сэдвээр сайн бүтээл хийж, түүнийг нь төрөөс дэмжих эрэлт шаардлага байгаа юу гэвэл мэдээж бий.

Гэхдээ үүнийг хуулийн хүрээнд буюу төрийн холбогдох байгууллага нь сонгон шалгаруулалт явуулж, хамгийн чадварлаг зохиолч, уран бүтээлчдийг цуглуулан, нээлттэй тендер зарлах хэлбэрээр шийдэх учиртай.

Түүнээс бус УИХ-ын хэн нэг дураараа гишүүн сайн дураараа кино хийж эхлээд, улмаар "мөнгө дутчихлаа" гэж эрхлээд, Засгийн Газрын нөөц сангийн хөрөнгөнөөс зүгээр л хагас тэрбум төгрөг авчихдаг байж таарахгүй ээ.

Харамсалтай нь Монгол төр кино хийх нэрээр хэн нэг УИХ-ын гишүүний эрхэлж, зугаацах мөнгийг улсаас  зүгээр л өгчихдөг болтлоо дампуурчээ.

Э.Мягмар

sonin.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно