2019-09-25 00:33

“…Хөлгийн ахмад нөхдөө орхидоггүй”


Богд хаант тусгаар Монгол Улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн томилогджээ. Тэрээр 1912 оны долдугаар сараас 1919 оны дөрөвдүгээр сард таалал төгстлөө Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллажээ.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж байна.

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 30 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. У.Хүрэлсүх бол Ардчилсан хувьсгалаас хойшхи 15 дахь Ерөнхий сайд юм.

Тэгэхээр Монгол Улсын 30 Ерөнхий сайдын 15 нь 1912-1990 оныг хүртэл 78 жилийн хугацаанд, үлдсэн 15 нь сүүлийн 30 жилд тодорсон байх юм. Өөрөөр хэлбэл, хоёр жил тутамд нэг Засгийн газар сэлгэж байсан статистикийг бид түүхэнд үлдээж байна.

Гэхдээ 1996-2000, 2004-2008, 2012-2016, 2016 оноос хойшхи УИХ-уудын үед Монгол Улсын Засгийн газар тогтвортой ажиллаагүй байгаа юм.

Ялангуяа, 1996-2000, 2012-2016 онд АН-ын байгуулсан Засгийн газар, Ерөнхий сайд нар хэрхэн унаж, томилогдож байсан жишгийг МАН-ынхан 2016 оноос хойш яг хуулбарлан дагаж байна.  Одоо У.Хүрэлсүхийн дараах 31 дэх Ерөнхий сайдын нэр сураг гараад эхэллээ.

Ийм явдал хэндээ байдаг, юунаас болдгийг нь түүх дараа нь шүүнэ. Одоо ч шалтаг шалтгааных нь  хагас хугас ил болж байна.

Гэхдээ Төрийн минь сүлд өршөөж Ерөнхий сайдаар яахын аргагүй шилээний улстөрчдөө томилж ирсэн байгаа юм.

Харин сүүлийн үеийн Ерөнхий сайд нараас жудаг, тулх үнэртэх нь ховор болсныг нийтээрээ анзаарах болсон. Улс төрд хамгийн их байх ёстой эр хүний чанар үгүй болж, Ерөнхий сайд нь танхимынхаа сайдыг, танхимынх нь сайд Ерөнхий сайдаа “нударчихдаг” байдал газар авлаа. Танхимд нь сууж байгаад түлхэж унагаад Ерөнхий сайд болчихсон хоёр ч тохиолдлыг хоёрхон жилийн зайтай бид харсан. Бас өөрөө унахгүйн тулд хэн нэг хүч муутай, нөлөө багатай сайдаа хөөж явуулчихаад гал дардаг Ерөнхий сайд нарыг ч бид мэддэг.

 

Тиймээс Монголын төр цаашид Ерөнхий сайд мэтийн тэргүүн эгнээнд улс төр хийх өндөр дээд албан тушаалтнуудыг томилж сонгохдоо хүн ёсны жудаг, тулхыг стандарт болгох арга саам олмоор байгаа юм. Цаасан дээр бичихгүй ч хууль болгон мөрдөж бас болдог.

Сүүлийн хэдхэн жилд тохоогдсон 5-6 Ерөнхий сайдыг анзаараад үзлээ. Монгол Улсын Ерөнхий сайдаар ердөө нэг жил хоёр сар ажилласан Ж.Эрдэнэбатаас дээр хэлсэн чанар нэлээд үнэртдэг байсныг олон хүн хэлж байна.

Угаасаа Сэлэнгийнх, эдийн засагч мэргэжилтэй Ж.Эрдэнэбат 1997 оноос хойш төрд зүтгэж иржээ. Тэрээр 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч, 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2014-2015 онд Сангийн сайд, 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй юм.

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ынхан 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр Ж.Эрдэнэбатыг 97.1 хувийн саналаар Ерөнхий сайдаар томилсон юм.

Харин жилийн дараа нам дотор нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах хөдөлгөөн өрнөж, 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын нэр бүхий 30 гишүүн огцруулах саналыг өргөн барив. Улмаар 2017 оны есдүгээр сарын 7-нд ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд 57.5 хувийн саналаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсан.

Тухайн үед Т.Аюурсайхан тэргүүтэй 30 гишүүний гарын үсэг зурсан огцруулах шаардлагад Засгийн газар УИХ-аас зөвшөөрөл авалгүйгээр хууль зөрчиж концессын гэрээ байгуулсан, хүүхдийн мөнгийг хууль зөрчиж олгосон, ОУВС-тай гэрээ байгуулж эдийн засгаа хямраасан гэх үндэслэлүүд багтсан байв. Харин УИХ дахь АН-ын бүлгээс “…Төрийн албаны 22 мянга гаруй албан хаагчийг халсан, айлган сүрдүүлж, өөрөөр нь өргөдөл өгүүлэх замаар ажлын байрыг нь булаан авсан, 60 тэрбум гэх бохир системийг зохиосон, 800 тэрбум төгрөгийн концессын гэрээ нь Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, өр нэмэх хөнгөн сонголт хийсэн учраас Засгийн газар хариуцлага хүлээх ёстой” гэсэн дүгнэлтийг гаргасан байлаа.

Энэ чуулган дээр Ж.Эрдэнэбат “…Тэргүүлсэн танхимынхаа болон сайд нарынхаа алдаа оноог хэнтэй ч хуваалцахгүйгээр Монголын ард түмэн,  УИХ-ын өмнө Ерөнхий сайд миний бие бүрэн хариуцна. Бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяган дор нь явсан танхимаа болон хажууд нь сууж, хамтарч ажилласан нөхдөө огцруулах ажлыг өрдөж яваа эрхэм журмын нөхөр минь ажлын алдаа гаргасан байвал мөн Ерөнхий сайд миний бие хүлээнэ. Ерөнхий сайд бол энх цагт ч, хүнд үед ч нөхдөө орхиод гүйдэг хөлгийн ахмад байх ёсгүй. Миний зүгээс тийм үйлдэл хэзээ ч гаргахгүй гэдгээ та бүхэнд хэлье. Гэхдээ хамгийн гол нь хэн байхаас нь үл хамаараад Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулахад хуулийн бодитой, баттай үндэслэл байх ёстой” гэж хэлсэн. Түүнийг огцорсны дараа хэлсэн үгийг нь хэвлэлүүд ч, улстөрчид ч онцолж байсан юм. Учир нь Ж.Эрдэнэбат шиг “…Эрхэм журмын нөхөр минь ажлын алдаа гаргасан байвал мөн Ерөнхий сайд миний бие хүлээнэ. Ерөнхий сайд бол энх цагт ч, хүнд үед ч нөхдөө орхиод гүйдэг хөлгийн ахмад байх ёсгүй бөгөөд миний зүгээс тийм үйлдэл хэзээ ч гаргахгүй” гээд хэлчихсэн Ерөнхий сайд сүүлийн жилүүдэд байгаагүй юм.

Мөн 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “…Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, дээр нь Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч гэсэн энэ хүмүүсийн амнаас нь унаж байгаа үг бүрийг ард түмэн чинь дээр нь одоо гадаад дотоодын удирдлагууд, хөрөнгө оруулагч нар анхааралтай ажиглаад байж байдаг юм. Та хэд маань алдаатай үг үсэг огт үйлдэж гаргаж болохгүй ээ” гээд өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлчихэж байв. Мөн 60 тэрбумын асуудал дээр “…Хүрэлсүх та манай Засгийн газарт орж ажилласан. Та хэдэн төгрөг төлсөн юм бэ” гэж одоогийн Ерөнхий сайдаас асууж байлаа. Хариулт аваагүй байх.

Эндээс Монголын төрд зүтгэж буй хүнд заавал байх ёстой чанар 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас үнэртээд байгаа юм. Ж.Эрдэнэбат бол хүн удирдаад, ажиллаад сурчихсан.

Хэрвээ тэр 2017 онд Ерөнхий сайдаас унахгүй гэж тэмцсэн бол концесс “хусчихсан” Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр хоёрыг танхимаасаа явуулаад галыг намдааж болох л байсан. Нөгөө хоёр үндэслэл нь угтаа шалтаг төдий байсан болж таарсан. Учир нь Ж.Эрдэнэбатыг унагах үед байсан нөхцөл байдал өнөөдөр улам дордсон. Ам.долларын ханш л бүгдийнх нь хариулт болно.

Үүнээс гадна мэргэжил эзэмшиж очоод Засаг дарга болох хүртлээ ажилласан Сэлэнгэ аймгийнх нь ажил, албан хаагчдынх нь хандлага “зөв” байдгийг энд бас дурдах хэрэгтэй биз ээ.Ер нь тэгээд хийсэн хүн шүүмжлүүлдэг. Энэ бол амьд организмд ирдэг үйлчлэл юм.

Төгсгөлд нь хэлэхэд улсаа нистэл хөгжүүлж, их гүрний дайнд аваачина гэж үлгэр ч юм шиг, мөрөөдөл ч юм шиг хөтөлбөр ярьдаг улстөрчдөөс Монголын төр зайгаа барих цаг болсон байна.

Бас “..Би” гэж цээжээ дэлддэггүй, хариуцлага ярихаар хэн нэгний “хар толгой” руу чихдэггүй, унахаас айдаггүй, уначихаад уйлдаггүй Ерөнхий сайдыг цаашдаа сонгож, томилох учиртай.

Ер нь бол сүүлийн хэдэн жилд ойр ойрхон солигдсон Ерөнхий сайд нараас жудаг, тулх хоёр илүүтэй, арай дөнгүүр нь Ж.Эрдэнэбат ажээ.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно