2019-09-10 01:47

Хаан шалдан байна!


Манай Баттулга багаа хуулав. Хэмжээ хязгааргүй шунал хүслээ ичиж нэрэлхэлгүйгээр, хууль зөрчин байж дэлгэв. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд "Монгол ялна" уриатай оролцсон мань эр замын дунд мурьж, зангаа хувирган хулхиддаг зуршлаараа "Монгол хамаагүй ээ, Баттулга ялна" хэмээн хоолой мэдэн бархирч эхэллээ.

Түүний энэ шунал хүсэл С.Баярын Засгийн газарт Зам тээврийн сайдаар ажиллах үеэс нь эхэлсэн. Гэхдээ хэдэн тн спирт, төмөр зам тавихаар төсөвлөсөн хэдэн сая доллар, утаагүй түлшнээс туусан хэдэн тэрбум төгрөгөөр дууссангүй.

Хэмжээлшгүй их эрх мэдэл атгахаар тэмүүлэв. Үнэндээ бол энэ хүн Монголын төрд Монголын ардчилсан холбоогоор дөрөөлөн орж ирсэн байдаг. Харин одоо ишиг эврээ ургахаар ээжийгээ мөргөнө гэгч болж байна. Шүүх эрх мэдлийг хараа хяналтандаа авсан Элбэгдоржийн шунал яван чангарсаар ийнхүү засаглалын хямралд хүргэж буйг зориуд дурдъя. Товчхон хэлбэл АН-ын бойжуулсан хоёр Ерөнхийлөгч Монголын ардчиллыг боомилон унагааж байна. Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэсэн асуулгатай зэрэгцүүлэн Ерөнхийлөгчийн засаглалын дор толгойгоо тушаах уу, үгүй юү гэдэг хоёр дахь хувилбараар олон нийтийн дунд санал асуулга явуулахаар манай балчир дарангуйлагч санаархаж эхэллээ. Үндсэн хуулийн өөрчлөлт үгссэн хуйвалдаанд нам цохиулахтай зэрэгцэн чоно борооноор гэж чухам үүнийг л хэлэх биз. Нэмж хэлэхэд Баттулга болон түүнийг тойрон хүрээлэгчдийн үнэн дүр төрх, нүүр царай, эрх мэдлийн төлөөх эрээгүй шунал хүсэл ийнхүү ил тод болчихлоо.

Үүний араас дараагийн асуулт гарч ирнэ. Ерөнхийлөгчийн буюу авторитар дэглэмийг дэмжих үү, үгүй юу, цаашдаа Баттулга руу ханарах уу, ардчиллын талд зогсох уу гэсэн асуулт Оюун-Эрдэнэ, Занданшатар, Сумъяабазар нарын хоёр хүн түшиж, хоёр нам дагаж, хоёр замаар шогшоод удсан залуусын өмнө тулгарч байна. Яг энэ асуултанд олон ч хүн хариулах шаардлагатай болно. Хариултаа ил тод өгөх хэрэгтэй болно. Олонх нь бөлдөгөө атгуулаад, хулгайгаа илчлүүлчихсэн юм чинь бичлэгээсээ айгаад бэл бэнчингээсээ зууралдаад дагаж намирна, далдайж давхина гэж мөрийцөх үү?

Тэгэхээр ХААНТАН ШАЛДАН БАЙНА, шалдан хааны араас ноёд тайчиж эхлэх нь. Харцгаа, шөнө дундын стриптиз! Нөгөө одтой дээл, онгироо бүрх малгайны чинь цаана бууны ам, бугуй холгосон гав гинж нуугдаж байсныг харах өдрүүд айсуй. Ордныхон нүцгэн гүйлдэх ховор мөчүүд ирж байна. Харин дараа нь хэлсэн үгнийхээ төлөө хоригдоход, эрхээ хязгаарлуулахад бэлдэгтүн.

Р.Эмүжин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно