2019-09-02 03:59

Цэц ямар ч шийдвэр гаргасан үр дүн нь ялгаагүй


-Нөхөн сонгуулийн тогтоол Цэцийн босгонд дахин бүдрэх үү-

Бүрэн эрхээсээ түдгэлзсэн УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын суудлыг нөхөх асуудал багагүй хугацаанд олны анхаарлын төвд байсан.

Аргагүй улсын тусгаар тогтнол, хөгжлийн баталгаа болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй болохоор дүйвээнд нь нөхөн сонгуулийн сураг чимээ хэсэгтээ тасрав.

Харин Үндсэн хуулийн Цэц нэг жил гаруй хугацаанд үргэлжилж буй Хэнтийн нөхөн сонгуулийн маргааныг эцэслэхээр Их суудлын хуралдаанаа энэ сарын 6-нд товлосноор энэ тухай дахин сануулахад хүрлээ.

Цэцийн Их суудлын хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолын төслийг хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ. Гэхдээ энэ нь 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой Цэцээр шийдвэрлүүлж буй анхны маргаан биш.

Эхнээс нь дурдвал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзсэний дараа буюу өнгөрсөн оны зургаадугаар сард УИХ Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тогтоол гаргаж байв. Ингэхдээ хуулийн дагуу нөхөн сонгуулийг аравдугаар сарын эхний ням гарагт явуулахаар төлөвлөж, сонгуульд зарцуулах зардал хөрөнгийг тогтоосон байдаг.

Харин нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхийн алдад УИХ-ын тогтоол нь хууль зөрчсөн гэсэн гомдол мэдээлэл Цэцэд очсоноор асуудал үүсэж эхэлсэн.

Улмаар уг мэдээллийг Цэц хянан хэлэлцэж, УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж байлаа. Үндэслэл нь нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчдын ажлаа хүлээлгэж өгөх хугацааг Сонгуулийн тухай хуульд тодорхой зааж өгөөгүйгээс үүдсэн хэрэг.

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших хүсэлтэй бол жилийн эхэнд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх улмаар сарын дараа ажлаа хүлээлгэж өгөх зохицуулалттай байсан. Тиймээс нөхөн сонгуульд оролцох төрийн албан хаагчдыг эрхийг хязгаарласан гэж үзэж байв.

Нөгөө нь сонгуульд оролцох нам, эвслийн зардлын дээд хэмжээг тогтоогоогүй нь УИХ-ЫН тогтоолын төсөл Цэцийн босгонд бүдрэхэд нөлөөлсөн. Харин УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авч, Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулсны дараа өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд нөхөн сонгууль явуулахаар дахин тогтоол гаргасан. Улмаар сонгуульд 11 нам оролцохоор батламжаа авч, нэр дэвшигчдээ тодруулж эхлэх үеэр Цэцэд дахин гомдол мэдээлэл ирснээр асуудал өдийг хүртэл үргэлжилж буй.

УИХ-ын тогтоолд нөхөн сонгуулийн зардал болох 287 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар тогтоосон нь хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэсэн байдаг.

Харин уг мэдээлэлтэй хамт ирүүлсэн гишүүн асан Д.Гантулгыг түдгэлзүүлсэн УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Цэц давхар хэлэлцэж, хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж байв. Үүний дараа нөхөн сонгууль явуулах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргасан нь хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй бөгөөд ийнхүү Цэц Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг эцэслэхээр болж байгаа юм.

Тэгвэл Цэц ямар ч шийдвэр гаргасан нөхөн сонгууль явуулах шаардлагагүй нөхцөл байдал хэдийнээ үүсчихсэн. Хэдийгээр ээлжит сонгууль болохоос нэг жилийн дотор нөхөн сонгууль явуулахгүй байх зохицуулалт одоогийн хэрэгжиж буй Сонгуулийн тухай хуульд байхгүй ч нөхөн сонгуулийг зургаа эсвэл аравдугаар сард зохион байгуулах хуультайг мартаж болохгүй.

Өөрөөр хэлбэл, нөхөн сонгуулийг зургаадугаар сарын сүүлийн ням гараг эсвэл аравдугаар сарын эхний ням гарагт явуулах хуультай учраас эртнээс нэр дэвшихээр бэлтгэсэн улстөрчид, УИХ-д төлөөллөө суулгах иргэдийн үлдсэн ганц боломж нь үгүй болсон гэхэд болно.

Тэгэхээр одоо Цэц ямар ч шийдвэр гаргасан үр дүн нь адилхан байна. Хэдийгээр нэн чухал биш ч Үндсэн хуулийн Цэц энэ удаа өмнөх шийдвэрээ үгүйсгэхгүй нь ойлгомжтой биз ээ.

Цэцийн эл шийдвэрүүдийг улс төрийн нөхцөл байдал, эрх мэдэлтнүүдийн хүсэл сонирхлоор гаргасан гэж үзэх хүмүүс ч цөөнгүй бий. Уг нь Цэцийн сүүлд гаргасан шийдвэрийг УИХ хүлээж авч, тэр даруй нь улсын төсөвт тодотгол хийх замаар нөхөн сонгуулийн зардлыг төсвөөс захиран зарцуулахаар хуульчлах боломж байсан. Харин ийм шийдвэр гаргахыг хүсээгүй зэргээс хүмүүсийн хардлага үнэн болохыг баталж буйг үгүйсгэх аргагүй.

Магадгүй энэ нь ирэх оны сонгуулийн өнгийг тодорхойлох сунгаа байсан учраас эрх мэдэлтнүүдийн хувьд ашигтай нүүдэл байсан гэхэд хилсдэхгүй.

Эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар гээд Хэнтийдээ өндөр рейтингтэй хүмүүс тэнд нэр дэвших нь тодорхой болж байсан.

Хэн нь ч ялсан өндөр шагнал хүртэж, харин ялагдсан нь шууд болон шууд бус асар их хохирол амсах нь ойлгомжтой байсан биз. Тиймээс л нөхцөл байдлыг өөрсдийн талд ашигтай байлгахын тулд УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн Цэцийн босгонд хоёр ч удаа бүдрүүлсэн байж болох. Үндсэндээ улс төрийн сонирхлоор хүсвэл сонгууль явуулж, хүсэхгүй бол явуулахгүй байж болдгийг хоёр дахиа харуулсан гэхэд болно. Цэцийн энэ удаагийн шийдвэрээр дахиад ч харуулах биз.

Үүний үр дүнд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 30 мянга орчим иргэн хоёр жилийн турш парламентад төлөөлөлгүй байсаар дараагийн сонгуультай золгох нь ойлгомжтой болсон. Зөвхөн энэ удаа гэлтгүй дараа дараагийн парламентад гишүүний орон гарах асуудал гарч дахиад ийм байдал үүсвэл яах вэ.

Ашигтай тал нь хүсвэл сонгууль явуулж, хүсэхгүй бол шат шатны шийдвэрүүдээрээ явуулахгүй байх боломжийг үүсгэсээр байж болохгүй. Тиймээс хуулиа улам төгөлдөржүүлэх, цаашлаад заавал зардал гаргаж, нөхөн сонгууль явуулахгүйгээр ээлжит сонгуульд дараагийн өндөр саналтай нэр дэвшигчийг оруулах гарц бас бийг бодолцох л хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ: Б.ЦЭНД-АЮУШ

 ҮНДЭСНИЙ ШУУДАН


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно