2019-08-19 01:26

МАН-ынхан тэрэлжид хуралджээ


Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудал улс төрийн гол сэдэв болоод байна.  Эрх баригч намынхан эцэг хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулан хэлэлцүүлж байгаа билээ.

Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс өөр нэг хувилбарыг оруулж ирсэн нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудалд  шинэ нөхцөл байдал үүсгэсэн юм.

Ерөнхийлөгч бол ард түмнээс сонгогдсон субъект. Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг байх учиртай. Тиймээс Ерөнхийлөгчийн оруулсан саналыг зөвшилцөх нь МАН-ын хувьд давуу талтай.  Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг батлахад хориг тавих эрх нь ч бий.  Тэгэхээр одоо МАН-ын боловсруулсан  Үндсэн хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналтай нэгтгэж, дундын хувилбар гаргах асуудал яригдаж байгаа.    Энэ асуудлыг  МАН-ын бүлэг хэлэлцэж эхэлсэн ч гишүүдийн ирц хүрэхгүй, зарим  асуудалд зөрчилтэй байгаа учраас тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна.  Өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанд  Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагчийн хувиар  Ерөнхийлөгч Х.Баттулга бүлгийн хуралдаанд оролцсон.  Гэсэн ч тэд учраа олж, санал нэгдэж чадаагүй. 

Ерөнхийлөгчийн зүгээс  гишүүдийн тоог 108 болгох асуудал  дээр хатуу байр суурьтай байгаа гэнэ.  Харин бүлэг энэ тоог “хүлээж авахгүй” гэдгээ  илэрхийлж, дундын хувилбар дээр 99 гишүүнтэй байх  асуудлыг оруулж иржээ.  Тэд энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт бүтэн хуралдаад санал нэгдэж чадаагүй.   Мэдээж төслийн цаана ганц энэ асуудалд ч байхгүй нь тодорхой.

 

Үндсэн хуулийн төсөл нь гацсан  МАН-ынхан хэд хэдэн албан бус уулзалтыг ч төлөвлөжээ.  Тухайлбал, МАН-ын гишүүд саяхан Тэрэлжид хуралдсан сураг байна.  МАН-ынхан  Тэрэлжид хуралдахаараа  жинтэйхэн шийдвэрийг гаргадаг тал бий.   Тухайлбал, одоогоос есөн жилийн өмнө МАН-ынхан Тэрэлжид очиж хуралдаад МАН нэртэй болохоор шийдэж байжээ. Үүнийгээ Тэрэлжийн тунхаг гэдгээр зарлаж, удалгүй намынхаа нэрийг сольсон байдаг.  Түүнээс хойш  олон ч шийдвэрүүд нь Тэрэлжээс улбаалж гарсан гэхэд болно.  Тэгвэл Үндсэн хуулийн төсөл яригдаж буй энэ чухал цаг үед тэд дахиад л Тэрэлждээ цуглажээ. Үндсэн хуулийн төсөл, сонгуулийн тогтолцоо болоод удахгүй болох сонгуулийн бэлтгэлийг ч ярилцсан сураг байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд  тухайлсан ямар шийдэлд хүрсэн нь тодорхойгүй ч  тэнд гарсан яриа  шийдвэрүүд нь  удахгүй яригдаад эхлэх нь бололтой.   Энэ долоо хоногт намын бүлэг, байнгын хороод, УИХ-ын  ээлжит бус  чуулган хуралдаж,  Үндсэн хуулийг төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно