2019-08-02 02:24

С.Ганбаатар: Төрд хулгайч үүрлэж, Үндсэн хууль тэдний “баянбүрд” болчихоод байна


МАХН-ын дэд дарга С.Ганбаатарыг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

-УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн  хэлэлцүүлгийг Төрийн ордонд  таван сэдвээр хэлэлцүүллээ. Та эдгээрээс  юуг нь  гол асуудал гэж үзэж байна?

 

-Гол сэдвийн нэг бол Үндсэн  хуулийн зургадугаар зүйлийн 6.2-т заасан байгалийн баялгийн тухай асуудал.Хуулийн нэг төсөлд   газрын хэвлий дэх  баялгийг төрийн өмч гэж заасан, нөгөө төсөлд нь “нийтийн өмч” гэж заасан байгаа.  Монгол орны уул уурхай, газрын хэвлийн баялгийг лиценз хэлбэрээр дээрэмдсэн дээрэмчдийн цуглуулга, найр, балмад хэрцгий  дээрэм 27 жилийн турш Монголын төрд нүүрлэлээ. Үүний захаас авам жишээг хэлэхэд, тухайн үед ярьж байсан, одоо хүн болгон мэддэг болсон Оюутолгой гэх дээрэм. Монголчууд баялгаа өгч өөрсдөө өрөнд орчихоод өнөөдөр яаж ч чадахгүй байна. Одоо нэмж 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нэрээр бидний ашиг авах асуудал бүр ч алсрах гэж байна. Энэ бол доромжлол. “Эрдэнэт”-ийн хулгай, Тавантолгой, Салхитын мөнгөний орд, Бороо гоулд гээд уул уурхайн баялаг тойрсон улстөрчдийн дээрэм 27 жил үргэлжиллээ. Би өнөөдөр яагаад үүнийг Үндсэн хуультай холбож ярьж байна вэ. Төрд гарсан гэмт хэргийн бүлэглэлүүдээс ард иргэдийн эрх ашгийг хамгаалах гэж  Үндсэн хууль зохиогдсон. Үндсэн хуулийн бий болсон үндэслэл нь энэ. Үндсэн хууль анх хаадын даварсан дарангуйллаас иргэдийг хамгаалах гэж, тэдний  хязгааргүй эрх мэдлийг хазаарлах гэж бий болсон. Дараа нь парламент  бий болсон.

 

Улстөрчдийн хязгааргүй шуналаас ард түмнийг хамгаалахын тулд Үндсэн хууль гэдэг зүйлийг хүн төрөлхтөн олж нээсэн. Гэтэл бид Үндсэн хуульгүй юм шиг, улстөрчдийн гэмт бүлэглэлүүд өнөөдөр хуулийн хүрээнд Монголын үнэт баялгийг дээрэмдэж ирлээ.

 

Үүнийг зогсоохын тулд Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.2-т МАХН-ын зүгээс санал болгож байгаа, бидний байнга хэлж анхааруулж ирсэн асуудал бол “Уул уурхайн баялаг төрийн өмч гээд заачих юм бол төрд гарсан 76 хүний өмч, түүнчлэн төрд гарсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, салбарын сайд нарын өмч гэсэнтэй адил болчихдог юм шүү” гэсэн сэрэмжлүүлэг. Яагаад гэвэл тэд тэгж ойлгодог, тэрийгээ хэрэгжүүлдэг. Тэгвэл бидний санал  байгалийн баялаг ард түмний дундын өмч, иргэдийн дундын өмч  гэж томъёолуулахад чиглэж байгаа.

 

-Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөлд  “байгалийн баялаг нийтийн өмч” гэж тусгасан байгаа. “Нийтийн өмч” гэдгийг юугаар хязгаарлаж, хэрхэн томъёолж, тодорхойлдог  юм бол?

 

-“Нийтийн өмч” гэдгийг тодорхойлж ярихаар иргэдийн өмч, өнөөдөр ч гэсэн төрөөгүй байгаа иргэдийн өмч гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ярьж байгаа. Би хэлэлцүүлэгт саналаа албан ёсоор гаргаж, бичгээр баталгаажуулж өгсөн. Мөн албан ёсоор асуултаа тавьсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад хандаж “Нийтийн өмч гэдэг нь тодорхойгүй, бүрхэг байна” гэдгийг хэлж, гурван удаа асуулт асууж тодруулахыг хүссэн. Бүдэг, тодорхойгүй, харанхуй бүрэнхийд л хулгай хийдэг шүү дээ. Ард иргэдийн өмч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр болох уул уурхайн энэ баялаг эзэн нь тодорхойгүй байх тусам төрд гарсан хүмүүс хулгай хийдэг. “Нийтийн өмч” гэдгээ тодорхой  болгож өгөөч гэдэг асуудлыг бидний зүгээс тавьсан ч огт хүлээж аваагүй.

 

Нийтийн өмч биш иргэдийн дундын өмч гэж томъёолж өгөөч гэдгийг бид байнга хэлж, шаардаж байгаа. Бидний энэ томъёоллоор Үндсэн хууль батлагдах юм бол маргааш нь Оюутолгойн асуудлаар ард  нийтийн санал асуулга явагдана гэсэн үг. Тавантолгой, Бороо гоулд, “Эрдэнэт”-ийн, улстөрчид  хоорондоо маргалдаж, зодолдож байгаа аймшигтай улс төрийн “дайн” юм уу, нарийн гудамжны зодоон юм уу тэнэг байдал зогсоно. Эд юуны төлөө зодолдоод байгаа юм бэ гэвэл уул уурхайн баялгийн төлөө үхэхээ мэдэхгүй алалдаж байна шүү дээ.

 

 -УИХ-аас оруулж ирсэн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтийн энэ төслийн тухайд та юу хэлэх вэ?

 

-Тэр төслийг яагаад оруулж ирсэн бэ гэхэд Засгийн газар, засаглал 1.8 жилийн дундаж настай байна.Засгийн газар тогтворгүй байна. Иймээс тогтвортой, үр дүнтэй болгомоор байна гэж тайлбарлаж байгаа. Тэгээд гаргалгаа нь юу вэ гэхээр Засгийн газрыг хэн ч хөдөлгөж болохгүй. Энэ нь УИХ-ын дөрөвний гурваар баталгаатай болж байгаа юм гэж хэлж байна лээ. Ер нь бол Засгийн газарт гарсан гэмт бүлэглэл хулгай хийгээд байсан учраас дараагийн улс төрийн гэмт бүлэглэл нь яаралтай хулгай хийхийн тулд тэднийг 1.8 жилийн дотор унагаж байсан. Тэгэхээр хугацааг нь автоматаар сунгана гэдэг нь тэднийг  тогтвортой хулгай хий гэсэн  үг болчихож байгаа юм. Үүний оронд бидний санал болгож байгаа зүйл бол уул уурхайн  баялгийг улстөрчдийн зодооны хоорондоо булаацалддаг хэрэгсэл биш ард түмний өмчлөлд оруулъя. Тавантолгой, Оюутолгой, “Эрдэнэт”-ийг ард иргэдийн санал асуулгаар шийдээч гэж байгаа юм. Хүмүүс хэлдэг, наадах чинь зардалтай шүү дээ гэж. Ард түмний өмчийг хулгай хийж будлиантуулж байгаа улстөрчдийн 30 тэрбум ам.долларын оффшорын мөнгөнөөс хэдэн сая дахин бага мөнгөөр сонгууль хийнэ. Тэгэхээр ийм алдагдалтай байдлаар өмчөө бид тэр чигт нь тавиад туумааргүй байна гэсэн санаа юм.

 

-Баялаг “төрийн өмч”, “нийтийн өмч”, “ард түмний өмч” гэсэн гурван өөр асуудал яригдаж байна. МАХН-ын зүгээс ард түмний дундын өмч болгож өгөөч гэсэн саналыг оруулсан. Та бүхний дэвшүүлж байгаа энэ саналыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах бол уу, үгүй  болов уу. Оруулах бол хэрхэн яаж тусгах бол. Төрийн ордонд болсон хэлэлцүүлгээс энэ талаар  шийдвэр гарав уу?

 

-Бид байдлыг харж байна. Харин тэдний зүгээс бидний дэвшүүлсэн саналыг оруулахгүй шинжтэй. Бид саналаа маш олон удаа албан ёсоор, бичгээр өгсөн. Энэ бол сүүлийн хоёр жил ард иргэдээр хэлэлцэгдэж, яригдаж ирсэн санал шүү дээ. Үндсэндээ бүлэглэлүүдийн хоорондох зодооны хэрэгсэл болсон баялгийг ард түмнийхээ дундын өмч болгоё. Ингэснээр ашиг нэмэгдэнэ, их дээд сургууль төлбөргүй, эмнэлгийн үйлчилгээ үнэгүй, иргэн бүр орон сууцтай болно. Иймд үүнийг улстөрчдөөс шаардаж, шахна. Үндсэн хуульд энэ заалтыг оруулахаас өөр арга байхгүй.

 

-62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд байгалийн баялгийг захиран зарцуулах асуудлыг тусдаа  хуулиар зохицуулна гэсэн заалт оруулж  байгаа. Хэрэв энэ байдлаар хуульчлагдвал одоо байгаа нөхцөл байдалд ямар нэг өөрчлөлт гарах уу?

 

-Тусдаа хуулиар оруулж ирнэ гэдэг бол нохой үг. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг нийтийн өмч гэдэг юм уу, төрийн өмч гэсэн бүрхэг байдлаар оруулж ирээд тусдаа хуулиар зохицуулна гэвэл 76 гишүүнийг “Рио Тинто” худалдаад авчихна. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнхан уралдаж  төсөл хэрэгжүүлээд тархийг нь угаачихна. Тиймээс бид Үндсэн хуульдаа хэлбэрэлтгүйгээр гагцхүү иргэдийн дундын өмч гэдгийг л  заагаад өгчих гэж хүсээд байгаа юм. Нүглийн нүдийг гурилаар хуурах нь нүгэл өөрөө ил байхаас аюултай. Өнөөдөр төрд гарсан улстөрчид ард түмний баялгийг цөм идэж, ууж Америкт хаус худалдаж авч, оффшор дансандаа хийж байгаа учраас бид тэмцэж байна. Үүнийг гурилаар хуурч  ямар нэгэн өнгөлөн далдлалт хийчихвэл бүр ч аюултай.

 

-“Байгалийн баялаг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцах бөгөөд татварын дараах  ашгийн 51-ээс доошгүй хувь нь  Монгол Улсын төрд ногдоно” гэсэн заалт Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд байгаа. Хэрэв энэ зохицуулалт Оюутолгой дээр хэрэгжвэл бид ямар ашиг хүртэх вэ. Цаашид ийм зохицуулалтаар явбал манай улс ашгийн 51 хувийг яаж авах бол. Өмнөхөөс ашигтай байж чадах уу гээд асуултууд байна. Энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг хүний хувьд та юу гэж дүгнэж байна вэ?

 

-Энэ ганц миний ч биш монголчууд бүгдээрээ өнгөрсөн  15-16 жил ярьж ирсэн асуудал. Оюутолгойн талаар ч цөмөөрөө ярьдаг. Монголчууд сэтгэхүй нь тааруу, үхээнц дорой, үр хүүхдийнхээ төлөө юу ч хийж чадахгүй бууж өгдөг хүмүүс биш ээ. Маргаашийн талхаа яая гэж байгаа, “Нарантуул” зах дээр тэрэг түрж яваа хүүхдийг “Чи Үндсэн хуульд санал бодлоо илэрхийлсэнгүй, тэмцсэнгүй” гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Гэтэл өөрийгөө нийгмийн дэвшилтэт иргэн, бизнес хийдэг, ажлын байр бий болгодог нийгмийн дэвшилтэт сэхээтэн, өөрийгөө боловсролтой, эрдэмтэй гэж үздэг  хүн болгон амиа бодохгүй байгаарай гэдгийг энд аминчлан хэлж байгаа. Би 14-15 жил Оюутолгой, уул уурхайн баялгийн талаар ярьсан хүний хувьд ингэж хэлэх эрхтэй гэж үзэж байгаа. Өөрөө ярихгүй атлаа бусдыг хэлээд  байх нь  зохимжгүй. Тэгэхээр таны асуултад  хариулахад, анхнаасаа роялти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ыг манайхан татвар гэж ойлгоод байдаг. Гэтэл тэр татвар биш шүү дээ, түрээсийн төлбөр. Манай ашигт малтмалыг ашиглаж байгаа бол хоёр талаасаа хөрөнгө оруулж байгаа гэвэл би нүүрсээрээ, алтаараа, зэсээрээ хөрөнгө оруулж байна. Нөгөө тал машин техник болон мэргэжилтнүүдээрээ, мөнгөөрөө хөрөнгө оруулж болно.Бидний оруулж байгаа байгалийн баялгийг 51 хувь, түүнээс дээш хэмжээтэй роялтитай тэнцэх хэмжээнд шилжүүлж бодооч гэдэг нь  саналыг би тавьж ирсэн. Энэ саналаа  саяын хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн саналыг оруулж ирсэн ЕТГ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарт хэлсэн. Хүлээж аваасай гэж хүсч байна. Яагаад гэвэл 51 хувиас дээш ашиг гэдгийн нэг аюултай зүйл нь зардлын дараа ашиг боддог. Жишээ нь сая ам.долларын нүүрс гаргачихаад зардал нь 900.999  ам.долларын зардал гарсан гэвэл  нэг ам.долларын ашиг гарсан гэсэн үг. Тэгвэл бид 51 цент авна. Энэ зардалд шингээж “Рио Тинто” дандаа луйвар хийдэг. Тэгвэл роялти буюу /АМНАТ/ түрээсийн зардал юу болдог вэ гэвэл нэгдүгээрт сая ам.долларын нүүрс гарвал харанхуйгаар 20 хувийн түрээсээ авна. 200 мянган ам.долларыг зүгээр л авна, танайх ашигтай эсэх, зардал чинь хэтэрсэн эсэх огт хамаагүй. Тэр бол чиний л асуудал гэсэнтэй адил. Богдын Засгийн газрын үед ч гэсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж байсан. Иймд энэ бүхэнд үндэслэн  51 гэдэг санааг оруулж өгөөч гэж  бид хүсч байгаа. Оюутолгойн гэрээн дээр ч гэсэн 34 хувь гэдгийг би анхнаас нь эсэргүүцэж байсан. Та нар үүнийг роялти болгож өгөөч гэж зөндөө хэлсэн. Гэтэл таван хувийн роялти гэдэг нь биднийг хуурч байгаа тоглоом. 34 хувь гэдгийг ашгаар нь тооцвол 10-15 хувь нь зардал гэж бодоход цаана үлдсэн 20 хувь нь ашиг. Түүнийгээ хуваахад доод тал нь 10 хувийн роялти гэсэн үг. 34 хувь бол 10 хувийн роялти. Тэгэхээр манай роялти 15-20 хувь байгаасай гэсэн хүсэлтийг Засгийн газарт удаа дараа бичгээр явуулж байсан. С.Баяр, С.Баярцогт гээд холбогдох хүмүүст бүгдэд нь хандаж байсан. Сая энэ санаагаа дахин хэллээ. 51 хувиас дээш ашиг гэж ярихын оронд роялтийг нэмээч. Энэ бодитой, ядаж 51-ээс дээш хэмжээний ашиг эсвэл түүнтэй тэнцэхүйц хэмжээний  роялтид хүргэж бодож болдоггүй юм уу гэсэн саналаа бичгээр өгсөн байгаа.

 

-Энэ талаар танд тодорхой  хариу өгсөн үү?

 

-Бөөрөнхийлөөд өнгөрүүлсэн, би тэндээс юу ч ойлгоогүй. Иймд би  санаа зовж байгаа. Ямартай ч асуулт асуухаар нэрээ өгсөн байсан, асуусан. Давхар бичгээр өгсөн. Төрийн ажил бичгээр баталгаажих ёстой. Би ганц өөрийн саналыг хэлээгүй. Биднийг дэмждэг иргэд, монголчуудынхаа санааг оруулж асуулт асуусан. Тиймээс хариуг албан ёсоор бичгээр авах ёстой, үүнийгээ шаардана.

 

-Үндсэн хуулийн талаарх хэлэлцүүлгийн үр дүнгийн талаарх таны дүгнэлт?

 

-Ямар ч байсан хэлэлцүүлгээс үр дүн гараасай гэж хүсч байна. Хэлэлцүүлэгт нийт ард иргэдийн саналыг аваасай. Монголын нийт ард иргэдийн гуравны нэг нь ядуу болчихсон гэдэг нь сая олон улсын байгууллагын судалгаагаар тодорхой болсон. Статистикийн газрын дарга ч үүнийг хэлж байгаа. Дээр нь би андуураагүй бол 16 хувь нь өнөө маргаашгүй ядуурал руу хальтраад орчиход  бэлэн байна. Үндсэндээ хүн амын 47 хувь нь ядуу байна гэсэн үг. Хоёр хүн тутмын нэг нь ядуу, ажилгүйдэл 40 хувьд хүрчихлээ. 10 хүн тутмын дөрөв нь ажилгүй байна. Улсын нийт өр 30 тэрбум ам.доллар болчихлоо. Энэ ноцтой асуудал. Ийм байдал яагаад бий болов гэвэл Үндсэн хууль хулгайч нарын “баянбүрд” болгочихлоо. Монголын төр хулгайч нарын үүр болчихлоо. Үндсэн хууль чадавхигүй болохоор төрд гарсан хулгайч нараас Монголын ард түмнийг хамгаалах ёстой Цэц нь ямар ч хамгаалалтгүй байна. Цэцийн гишүүнийг хэн тавьдаг вэ гэвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд төрийн гурван өндөрлөг, тэднийг тойрсон мафиуд  тавьдаг. Тэд цэцийн есөн гишүүнийг гурав гурваар нь хувааж аваад тавьдаг юм чинь өөрсдийг нь тойрсон мафиуд дархлагдсан хулгайч нар болно гэсэн үг. Энэ хүмүүс уул уурхайн баялгийг өм  цөм хулгайллаа гэхэд цэц тэднийг хамгаална гэсэн үг. Энэ утгаараа Цэц хараат бус байхын тулд,  ард иргэдийн өмчийг төрд гарсан хулгайч нараас хамгаалахын тулд тэднээс хараат бус байх ёстой. Цэцийн есөн гишүүнийг ард түмэн сонгодог байх ёстой. Тэгэхээр зардал гэж ярьдаг. Энэ чинь тэр хулгайлж байгаа мөнгөний дэргэд  хумсын толион чинээ зүйл шүү дээ. Монголчууд өнөөдөр ядуу, ажилгүй, орлогогүй байдалтай байгаадаа бухимдаж байна. Гэхдээ хамгийн их гутарч байгаа зүйл нь шударга бус байдалд маш их уурсч хилэгнэж байна.

 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд газрыг өмчлүүлэх тухай заалт орж ирж байгаа. Хэнд өмчлүүлэх вэ гэдэг бас бүрхэг байна? 

 

-Газрыг аймаг, хотын Засаг дарга , Ерөнхий сайд  мэднэ. Зөвхөн Засгийн газар аймаг, нийслэлийн Засаг дарга, захирагч шийдвэр гаргана гэж байгаа. Тэгэхээр нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх гэдэг заалтыг хасч өгөөч гэдэг саналыг би оруулсан. Монгол Улсын газар агуу том, маш баялаг. Харин бид цөөхүүлээ. Ийм цөөхөн хүнтэй улс том газартай байхад яаж хамгаалах вэ, яаж өвлүүлэх вэ, яаж ашиглах вэ, яаж эзэмших вэ гэдэгт  онцгой анхаарах ёстой. Өмчилнө гэдэг нь газраа барьцаанд тавина, захиран зарцуулна, худалдана гэсэн үг. Өмчилнө гэдэг дотор маш ноцтой зүйлүүд байдаг.

 

Бид газраа үр дүнтэй ашиглаад өнөөдөр төрөөгүй байгаа  хойч үеийнхэндээ өвлүүлж үлдээх үүрэгтэй. Үүнийгээ харин газрын тухай хуулийн заалтад оруулах ёстой. Ер нь Үндсэн хуулиар газрыг өмчлүүлнэ гэдэг хамгийн ноцтой асуудал. ОХУ, Казахстан Хятадад бүхэл бүтэн газрын яамд байдаг. Монголд ийм яам байдаггүй.

 

Энэ бол төрд байгаа хулгайч нарыг дасгалжуулдаг гадаадын олон улсын байгууллагуудын зааварчилгаагаар  хийгдсэн гэж би харддаг. Тиймээс маш их санаа зовдог. Өмчлүүлэх гэдгийг хасаад өгөөч гэж санал дотроо тодорхой хэлсэн ч надад хариу өгөөгүй.

 

-УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн зэрэгцээ өөр нэг чухал асуудал хэлэлцэх ёстой байсан нь Оюутолгойн гэрээтэй холбоотой. Гэвч ээлжит бус чуулган зарлаад Үндсэн хуулийн төсөл хэлэлцээд эхэлчихсэн. Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн тухайд та ямар байр суурьтай байна?

 

-УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гурав Монгол хүн л юм хойно нийлж нэгдээд зөвхөн энэ асуудал дээрээ төвлөрөөч ээ. Өөр олон юм руу битгий савчаач. Өнөөдөр Монгол Улсад хамгийн хэрэгтэй зүйл нь мөнгө. Цэцэрлэг байхгүй, 100 гаруй мянган хүүхэд цэцрлэгт орж чадахгүй байна. Сургууль, ажлын байр дутагдалтай байна. Иргэд орлогогүй, ажилгүй байна, тэтгэврээ нэмэх хэрэгтэй байна. Энэ мэтчилэн олон зүйлд мөнгө хэрэгтэй. Дандаа зээл хийж гуйлгачин царайлж явахаасаа ичих хэрэгтэй. Гаднаас мөнгө зээлэхийг дөрөвдүгээр ангийн хүүхэд ч хийж чадна. Тиймээс зээл хийчихээд том ажил хийсэн царайлах хэрэггүй. Гуйлга гуйж баяжсан орон дэлхий дээр байхгүй. Оюутолгойгоос жилд 2-3 тэрбум ам.долларын баялаг гарч байгаа. Эндээс ашиг олж чадахгүй өрөнд ороод байгаа явдлыг нэн тэргүүнд ярих ёстой. Ингэж хэлэхээр гадаадын бууны нохойнууд, хөлсний гар хөл бологчид нь баахан солиорох  байх. Энэ янзаараа чимээгүй байгаад,  хоорондоо үл ойлголцоод байвал   луйвардагчид биднийг тэнэг гэж бодно. Оюутолгойн асуудлаар  нийлж нэгдсэн байр сууриа илэрхийлэх хэлэлцээрийн ширээнд нэн яаралтай суух ёстой. Энд ичиж, айх юм  байхгүй. Гэтэл бүр дарамталдаг болсон байна шүү дээ, тэд. Одоо 1.9 тэрбум ам.доллараар зардлаа нэмэгдүүлнэ гээд байж байна. Би түрүүнд ярьсан, сая ам.долларын баялаг гарсан байхад зардал нэмэгдээд байвал бидний хувааж авах ашиг сүүлдээ нэг долларыг л хувааж авах болно гэж. Зардал нэмэгдээд байвал Монголд осолтой. Энэ утгаараа Оюутолгойн гэрээний асуудлыг УИХ яаралтай ярих ёстой. Үндсэн хуулийн төсөл УИХ-ын түвшинд ярьж байгаа байдлаар   батлагдвал Монголын төрд нүүрлэсэн хулгай улам гаарна. Өнөөдөр  монголчуудаас өнгөрсөн 27 жилийн хамгийн гол бэрхшээл юу вэ гэж асуувал хүүхдээ сургуульд сургаж чадахгүй байна, залхуу байна гэх мэт ямар нэг юм ярихгүй. Захын настан буурал, залуу хүн аль нь ч байсан төрд гарсан хулгайч нар цаддаггүй юм байх даа, ханадаггүй юм байх даа. Одоо болоо юм биш үү гэж хэлж  байна. Ядарсан хүүхдийн эцсийн тариаг тэд хулгайлж байгаа гэсэн үг шүү дээ. Хоол нь хүрэлцэхгүй байгаа хүүхдийн эцсийн хоолыг булааж байна тэд. Иймд бидний хэлж байгаа зүйл бол төр, засгийн оройд гарсан гэмт бүлэглэлүүд ард иргэдийн өмчөөс хулгай хийвэл,  уул уурхайн баялгийг оффшор дансанд хийж нүгэл үйлдвэл гарыг нь таслах хуулиа тодорхой болгох ёстой.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно