2019-07-03 05:00

Нүцгэн үнэний даашинз өмссөн тамтаггүй худалчууд


Олон түмэн үнэн мөнийг олно гэж НҮЦГЭН ҮНЭН хүлээн худагтаа суусаар байгаа
 
 
Хүн төрөлхтний амьдралын хамгийн төвөгтэй бөгөөд зугаатай хэсэг нь нүцгэн үнэнийг хайж олох гэж хамаг цагаа барсаар өнөөг хүрсэнд байдаг юм. Энэ нь хоёр талтай. Үнэний дүрд хувирсан чөтгөрийн жүжиглэлд итгэсээр цагийг бардаг нь хамгийн том эмгэнэлтэй тал нь юм. Харин жинхэнэ үнэнийг олж тогтоогоод түүндээ баясан, ахархан хугацаанд дэвхцэх нь амьдралын хамгийн аз жаргалтай, өөдрөг тал нь. Эртний нэгэн домгоор нийтлэлээ эхэлье. Францын нэрт зураач Жан Леон Жером 1896 онд энэхүү домгоос сэдэвлэн “Нүцгэн үнэн” гэдэг бүтээлээ туурвисан байдаг юм.
“Нэгэн цаг дор ХУДАЛ ҮНЭН хоёр уулзан, тохиолоор гадуур зугаалжээ. Өнөөдөр тогтуун дулаахан сайхан өдөр байна шүү гэж ХУДАЛ үнэнийг л хэлж. ҮНЭН эргэн тойрон ажаад тийм байна гэж үнэнээ л хэлж. Тэд гангар гунгар хэмээн үнэнийг ярьсаар худгийн дэргэд ирлээ. ХУДАЛ худгийн усанд хуруугаа дүрж үзээд, ус үнэхээр гоё бүлээхэн байна шүү гэж үнэнийг хэлэв. ҮНЭН бас хуруугаа дүрж үзээд тийм байна гэж үнэнээ л хэлэв. Хоёулаа тэгвэл усанд шумбая, чи эхлээд орчих гэж ХУДАЛ худлаа хэлэв. ҮНЭН юу ч бодсонгүй тэгье, тэгье гэж үнэнийг өчин хувцсаа тайчин шумбан оров. ХУДАЛ тэр дор нь ҮНЭН-ий үзэсгэлэнт гоёмсог даашинзыг өмсч зугтаав. ҮНЭН уснаас гаран даашинзаа олж авахаар ойр байсан бургасан шүүр барьж аваад ХУДАЛ-ын араас элдэв. ХУДАЛ цааш гүйхдээ энэ ХУДАЛ намайг балбах гээд байна гэж хашхиран тойрон бүчсэн олон түмэнд үнэмшүүлэв. Нүцгэн биетэй, шүүр барьсан НҮЦГЭН ҮНЭН-ийг олон түмэн ХУДАЛ гэж бодон нүцгэн биенээс нь жигшин нүүр буруулан зэвүүцэж чулуу шидэв. НҮЦГЭН ҮНЭН олон түмнээс зугтаан эргэж худагт очин нуугдав. ХУДАЛ  одоо болтол ҮНЭН-ий хувцсаар гангаран худлаагаа ярьсаар, олон түмэн түүнд нь итгэсээр. Харин НҮЦГЭН ҮНЭН олон түмэн үнэн мөнийг олно гэж хүлээсээр худагтаа суусаар байгаа" гэдэг.
 
УИХ-аар үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэцүүлэгийг хийж дуусган гишүүд сум орон нутгаар таран бэлчиж, төсөл гээд байгаа юмаа ухуулах үүрэг даалгавар аван бэдэрцгээв. Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт заалтуудаа элдвээр чимэн гоёж, маш их мэрийж байгаа нь илт байлаа.
 
Олон түмэнд ухуулж байгаа яриа нь гоё ганган, үндсэн хуулийн агуулга үндсэн үзэл санааг сайн мэдэхгүй жирийн иргэдэд таалагдаж байгаа гэж жигтэйхэн. Гэтэл тэр гоё заалтууд нь бүгд худлаа, ард нь байгаа үнэнийг тас нуусан, туйлын бусармаг үйлдэл байлаа. Яг л дээрх домог шиг. Эндээс ганц нэг заалтыг ил болгон хэлье!
1. Улс орон эзэнгүйдлээ, төр эзэнгүй болсноос улс орон хямарсан, эндээс гарах гарцыг дэлхийн суутнууд үндэслээд өгчихсөн юм. Энэ бол Монтийскийн (Монтескьё бололтой юм) үндэслэл. Тэр үндэслэлээр бол гүйцэтгэх засаглал улс орноо удирдах ёстой юм байна. Тиймээс Засгийн газарт илүү их эрх мэдэл олгож, Ерөнхий сайд нь сайд нараа өөрөө мэдэн томилж байх эрхийг үндсэн хуулиар баталгаажуулж байна хэмээн өнгөц харахад үнэн гоё юм ярьцгаав.
Гэтэл нүцгэн үнэнийг нь тас нуулаа. Монтескьёогийн үндэслэл гэдэг нь аливаа засаг төр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гэсэн гурван өндөрлөгөөс бүрдэнэ. Өндөрлөг тус бүр нь хариуцсан чиг үүргийн дагуу давуу эрхийг эдэлнэ. Төр нэгдмэл удирдлагатай байна, тэр нь хаан эсвэл Ерөнхийлөгч байна гэсэн байдаг. Мөн шүүх засаглал нь ерөнхий хяналтыг тавина, шүүх нь өөрөө ард түмний хөндлөнгийн хяналтад байна гэсэн үндэслэлийг хэлсэн байдаг. Орчин үед төлөөллийн ардчилал улам бүр утгаа алдаж, улс орнууд ч үүнийг мэдэрсээр байна. Улс орон эзэнтэй, нэгдмэл удирдлагатай байх ёстой юм байна. Энэ үнэний даашинзыг хулгай хийж нөмрөөд, УИХ-ын нэр бүхий хэдэн гишүүн гүцэтгэх засаглалд эрхийг нь өгөөд хариуцлага тооцоход улс орон үнэхээр хөгжих боломж нээгдэнэ хэмээн олон түмний сонсголон дээр бадамдовжид ургуулан ухуулав. Олон түмэн ч учрыг нь сайн ухаарсангүй, алга ташин угтав. Гэтэл гүйцэтгэх засаглалд эрх мэдэл түлхүү өхдөө ард түмний хяналтын маш нарийн танхим байгуулах заавал шардлагатай байдгийг дэлхий даяараа Вaймарийн БНУ, Гитлерийн фашизмаас нэгэнт мэддэг болчихсон билээ. УИХ-д ард түмний танхим заавал оруулж суулгах ёстой, өөрөөр бол гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг өчүүхэн ч нэмэгдүүлж болохгүй гэсэн зүй тогтолтойг тас нуув.
 
Улс орнүүд гүйцэтгэх засаглал давамгайлах үндэслэлийг хэрэгжүүлсээр ирсэн. Харин гүйцэтгэх засаглалын давуу эрх мэдэл төрийг бүхэлд нь хэлтийлгэх эрсдэлээс болгоомжилж парламентын хоёр танхимтай тоголцоог эрхэмлэсэн байдаг. Гэтэл МАН хоёр танхимтай тогтолцооны асуудал цоожтой гэсэн хариулт өглөө. Ойлгомжгүй эсвэл маш ойлгомжтой.
 
2 . УИХ-ын гишүүд хариуцлагагүй байгаа тухай шүүмжлэл их гарч байгаа. Үүнийг үндсэн хуулийн өөрчлөлтөөр залруулж байна хэмээн цугласан, сонссон бүхний хулхин дээр бас л бадамдовжид цэцэглүүлэв. Ашгүй дээ гэж ард түмэн санаа алдан тайвшрав. Гэтэл сонсголонтой сайхан ярианы ард аймшгийн худлаа, аюултай технологи нуугдаж байв. Ард түмэнд мэдээлэл байхгүй, өөрчлөөд байгаа юмыг нь сайн ухаж ойлгоогүй болохоор сурсан зангаараа аялдан дагалдаж дэмжиж байна. Нам нь төрөө удирдаж, төр ажлаа хийж чадахгүй байсаар дампуурч байгаа. Гэтэл цаашид ч нам нь төрөө удирдах, бүр үйл ажиллагааны бүх чиглэлд удирдах заалт сэмхэн шургуулчихснаа тас нуув. Тэр нь “нам үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн жижигхэн хөөрхөн заалт. МАН цаашид төрийг дангаар удирдах зорилгоо бас ган утас шиг нарийн механизмаар бэхэлсэн байна. Сум, орон нутгийн захиргааны удирдлагыг нам сонгохоор оруулж байгаа юм байна. Дээр нь засаглалд тавих хөндлөнгийн хяналт нь намын зөвлөл байхаар оруулжээ. Соц үеийн НХШХ гэдэг шиг. Намын хэмжээгүй эрх мэдлийг үндсэн хуулиар хуульчлаад өгчихөж байгаа юм байна. “Хуулийн хүрээнд” гэж бүхнийг бамбайлдаг байсан намын бүлэг хэмээх хачин механизмаа шат ахиулж, “үндсэн хуулийн хүрээнд” гэж тулгах боломжтой болчихож байгаа юм байна. Бусармаг хууль олноор нь үйлдвэрлэчихээд түүнийгээ тулгадаг байсан нь чамлагдаж, бусармаг үндсэн хуулийн заалт бодож олчихоод түгээмлээр тулгах боломжийг олж авч байгаа юм байна. Энэ бол аймшиг!
3.Улс орон хоёр эзэнтэй байж болохгүй. Эндээс л хамаг муу муухай бүхэн үүсч, төрийн өндөрлөгт зөрчил гараад байна. Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалд хэтэрхий их ордгоос болж төр хямарч байна хэмээн тайлбарлав. Цугларсан олон түмэн ч уухай хашхиран хувь хувийн бодлоор хүлээгээд авав. Энэ утгаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг нэг удаа зургаан жилээр гэж тогтоохыг зөв гэж үзэцгээв. Энэ нь Ваймарын БНУ-ын загвар гэж хэн мэдэх юм бэ. Ерөнхийлөгчийг эрх мэдэлгүй болгосnоор Гитлер гарч ирээ биз дээ. Канцлерийн буюу Ерөнхий сайд нь гүйцэтгэх засаглалд давуу эрх мэдэлтэй байдаг тогтолцоонд Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа томилдог учиртайг тас нуув. Насыг нь 55 гэж тогтоож байгаа нь бүр ч утгагүй юм. Манлайлагч мундаг эмэгтэй гараад ирвэл яах вэ? үндсэн хуулиар эрх нь цоожтой, тэтгэвэрт гартлаа хүлээ гэх юмуу? ийм л эргүү хүмүүс үндсэн хууль өөрчлөх гээд улайраад байна.
Энэ удаад гурван заалтын ард юу оршиж, ямар нүцгэн үнэнийг ард түмнээс үхэлдэн нуугаад байгааг товч тайлбарлалаа. МАН-д ганцхан зорилго байгаа. Тэр нь Зөвлөлдөх ардчилал хэмээх үгээр бамбай хийж 2016 онд хийсэн үндсэн хуулийн төрийн эргэлтээ 20-30 жилээр баталгаажуулах. Өөрсдийн албан тушаал, эрх мэдэлд аль болох удаан тогтохыг бодсон болохоос ард түмнээ бодсон юм огтхон ч байхгүй. Ийм л дүгнэлт аяндаа гарч байна.
Нүцгэн үнэн мэдээж ил болох нь тодорхой. Тэр үед өнөөдрийн энэ худалчууд амьд байх хувьтай бол толгой руугаа шаах нь ойлгомжтой. Энэ бол бадрангуй бодол.
Нүцгэн үнэн худаг дотор суугаад байхгүй л дээ, хэзээ нэгэн цагт ил гарч ирнэ. Би энд өөр нэг домгийн тухай урд нь бичиж байснаа орууллаа.
 
НҮЦГЭН ҮНЭН ГЭЖ ЮУ ВЭ
 
Ард түмэн олон асуудал дээр хуваагдмал байна. Тэд гайхшралаа барж, зарим хэсэг нь үнэндээ залхаж байна. ХУДЛАА-гаас залхаж байна. Хулгай, луйвар, дээрэм, тонуул, шударга бус байдал, доромжлол, басамжлал, үл тоомсорлол, наaзгай хариуцлагaгүй...муу муухайгаас залхаж байна. Ард түмэн НҮЦГЭН ҮНЭН-ийг эрж хайж, хүлээж байна.
Ус нь бялхсан худагт унасан хүн хуурай гарч ирж чадахгүй. Энэ бол эрүүл ухаантай хүний ҮНЭН үг. Худаг дотроос хуурай гарч болно, гагцхүү худгийн устай энх тайвнаар зохицох ёстой. Энэ бол ХУДАЛЧ хүний үг. Худал, үнэний заагийг эндээс олж харж болно. Оросын яруу найрагчид энэ тухай бичсэн байдаг юм.
Истина нагая В колодезь убралась тайком И, дружно воду выпивая Кричали "Здесь ее найдём" ( А.С.Пушкин)
 
НҮЦГЭН ҮНЭН гэгчийн тухай эртний Грекийн домогт бас бий. “Нэгэн нартай сайхан өдөр бурхны үзэсгэлэн төгөлдөр гүнж ҮНЭН нуурын усанд шумбаж жаргахдаа эрэг дээр тайлж орхисон хувцсыг нь ХУДАЛ чөтгөр хулгай хийж аваад одохыг анзаарсангүй. ҮНЭН гүнж өчүүхэн ч санаа төвдсөнгүй, хувцсаа алдсан нь үнэн л юм чинь гээд олны өмнө нүв нүцгэнээр гарч алхав. Гайхширч бүчсэн хүмүүст үнэнээ өчиж, НАДАД НУУЖ ХААХ ЮМ АЛГА ДАА гэж хэлэв. Хүмүүс бишрэн гайхаж хоцров”.
 
Эртний Грекийн алдарт яруу найрагч Гораци ...элдвээр чимж гоодоогүй үнэнийг НҮЦГЭН ҮНЭН гэнэ. Бид тийм л үнэнийг өгүүлэх ёстой... гэж бичсэн байдаг. Энэ үеэс эхлэн элдэв хачиргүй үнэнийг НҮЦГЭН ҮНЭН (naked truth) гэнэ гэсэн илэрхийлэл афоризм болон үлджээ.
НҮЦГЭН ҮНЭН гэхээр түйлшрахгүй, нэг талыг барихгүй гэсэн үг огт биш. Бараг эсрэгээр ХАРЫГ ХАРААР нь, ЦАГААНЫГ ЦАГААНААР нь ямар ч хачир чимэггүй, байгаа байдлаар нь өгүүлнэ л гэсэн үг. Худгийн уснаас хутгаж аваад дотор нь зоос хийхэд зоосоороо, чулуу шидэхэд чулуу л харагдана. Пушкиний сюжетээр сэдэвлэхэд нүцгэн хүн худаг руу ороод хувцаслахад нүцгэн биш хувцастай хүн л харагдана. Энэ бол ҮНЭН. Одоо ид яригдаж байгаа ШИЛЭН ДАНС бол НүЦГЭН үНЭН-ий шалгуур жишиг. Хар нь хараар, цагаан нь цагаанаар.
 
НҮЦГЭН ҮНЭН ШААРДАГДАЖ БАЙНА
 
Улстөрчид, олон түмэн өөр хоорондоо талцан маргалдах нь улам л их болж, сэдэв нь өргөжсөөр байна. Энэ нь НҮЦГЭН ҮНЭН-ийг хэлдэггүй, хэлэх нөхцөл муу байдагтай холбоотой байх. Сонгууль болдгоороо л болно. Гэхдээ арай ч өнгөрсөн, өнөөдөр цагийн хэдэн мунхаг шиг цайчихсан нөхдүүд сонгогдохгүй байх гэж ард түмэн их том юм хүлээж, бэлтгэж байгаа. СОНГОЛТ ТЭДНИЙ ГАРТ гэх нь нүцгэн үнэн биш. Монголчууд чөлөөтөй, ил сонгох эрхээ бүрэн эдлэж чадахгүй байгаа гэвэл харин нүцгэн үнэн болох байх. Ямартай ч парламентаа сонгож чадах нь гарцаагүй. Шинэ парламентын өмнө хэд хэдэн том реформ цагаа хүлээгээд зогсож байгаа.
-Улс төрийн алгоритмыг зайлуулж, жинхэнэ засаглал тогтоох
-Улстөржсөн нийгмээс нийгэмжсэн улс төр рүү шилжих
-Ядуу давхарга дийлсэн байдлаас дундаж давхарга зонхилсон нийгмийг босгох
-Нийгмийн бухимдлыг арилгаж амьдралдаа, ирээдүйдээ итгэлтэй амьдрах материаллаг болон оюун ухаан хөгжих нөхцөлийг бий болгох
-Хүн төвт нийгмээс ХҮН ДЭЭД үзэл рүү аажмаар шилжих
 
-Соёл иргэншлийн түвшинд шат ахих...гээд том том зорилтыг ажил үйлс болгох ТОМ ШИЛЖИЛТ гэмээр өөрчлөлтүүд хүлээгдсэн нөхцөлд байдал конъюнктураа НҮЦГЭН ҮНЭНЭЭР нь нэрэлхэлгүй, одооноос зөвөөр хэлж ярьж ойлголцвол ирээдүйг цогцлооход тулгуур нөхцөл болж орж ирнэ гэж итгэж байна. Аль ч талаас нь бодсон ирэх цаг руу ХУДЛАА-тай л орж болохгүй, дэндүү хариуцлаггүй юм болно. ИРЭХ ЦАГИЙН ДУУГ ИРЭЭДҮЙТЭЙ, ҮНЭНЧ, ШИНЭ ХҮМҮҮС Л ДУУЛЖ ЧАДНА!
 
 
И.Цэрэнхүү

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно