2019-06-24 05:30

Нөхөн сонгууль гэдэг хошин жүжгээ одоо болих хэрэгтэй байна


УИХ-ын гишүүн Д.Гантулга 2018 онд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний суудлаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг ямар учраас ийм шийдвэр гаргасныг мэдэхгүй хүн байхгүй. Хүн байтугай ямаа ч мэдэх байлгүй.

Ямар ямар үйл явдал болж, дараа нь хэрхэн хэл ам гарч, эмэгтэйчүүд жагсч, хүн бүр түүнийг үзэн ядахдаа юу гэж хараан зүхэж байсныг энд бичихээс ч дургүй хүрч байна. Ямар сайндаа “Саарал ордон минь салтаа байцаах газар болоо юу” гэж цээрлэхэв дээ. Ингээд Д.Гантулга хэл ам дагуулсаар гишүүнээсээ чөлөөлөгдөнгүүт түүний оронд УИХ-д орж ирэх хүнийг сонгох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн сураг ил болж эхэлсэн. Юу юугүй л намар нь нөхөн сонгууль болно гэж байтал Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг “Төрийн албан хаагч бивээр нөхөн сонгуульд нэр дэвшиж чадахгүй болсон нь Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрх зөрчигдөж байна” гэсэн утгатай гомдлыг Үндсэн хуулийн Цэцэд гаргасан. Гэтэл С.Мөнхцэцэг гэдэг энэ иргэн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж нь болж таарч УИХ-ын чуулган дээр хүртэл энэ асуудлыг гишүүд хөндөж “У.Хүрэлсүх жолоочийнхоо хадам ээжээр Цэцэд гомдол өгүүлчихсэн мөртлөө өөрөө үгүйсгээд уурлаад байна. Хэнтийн сонгуульд МАН гарч ирэхгүй учир ямар ч хамаагүй аргаар нөхөн сонгуулийг хойшлуулахыг санаархаж байна” гэж ярьж байсныг хүмүүс мартаагүй байх. Цэцээс иргэний гомдлыг хэлэлцээд үнэхээр Үндсэн хууль зөрчжээ гэж үзсэн учраас нөхөн сонгуулийг хойшлуулсан билээ.

Үндсэн хуулийн Цэцээс гаргасан үндэслэлүүдийг арилгах гэж УИХ он дамнан хэлэлцэж яст мэлхий шиг удаан хуралдаж хуралдаж сая нэг юм Цэцийн гаргасан Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлүүдийг арилгаж нөхөн сонгууль зарласан. Ингээд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөх гэж байгаа юм шиг аяглаад Хэнтий аймагт өнгөрсөн сарын 5-10-ны өдрүүдэд ажиллаж Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн, Баянхутаг, Батноров, Норовлин сумдаар явахдаа шинэ сургууль, цэцэрлэг, Соёлын төв, хатуу хучилттай зам, хүлэмж барих, айлуудыг ипотекийн зээлд хамруулах, музей байгуулах, гүний худаг гаргах гээд амандаа орсон болгоныг амлаж Хэнтийн ард түмэнд 142.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар болсноо зарласан. МАН-ынхан Ерөнхий сайдаа нөхөн сонгуульд өрсөлдөж, УИХ-ын гишүүн болох гэж байгаа юм шиг дагалдан явж, сонгуулийн сурталчилгааны ажлаар очсон мэт маш үнэмшилтэй жүжиглэцгээсэн.

Тэгтэл яг тэр үеэр буюу өнгөрсөн сарын 06-нд иргэн Д.Ганхуяг тэргүүтэй хуульч, судлаачид Үндсэн хуулийн Цэцэд “Д.Гантулга хэдийгээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан. Нөхөн сонгууль зарлахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс Д.Гантулгыг гэм буруутай, буруугүйг тодорхой болгосны дараа нөхөн сонгууль зохион байгуулах ёстой” гэсэн гомдлыг гаргасан. Энэ гомдлыг Цэц хүлээн авч хэлэлцээд “Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй” гэж үзээд “Санал авах өдрийг сонгууль болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө тогтоох ёстой байтал УИХ Сонгуулийн хуулийг зөрчиж нөхөн сонгууль болохоос 148 хоногийн өмнө тогтоосон байна. Ингэснээр Үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн” гэж үзсэн билээ. Мөн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов, зардлыг тогтоосон УИХ-ын 22, 23 дугаар тогтоол нь Сонгуулийн тухай, Төсвийн хуулийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн. УИХ-ын 22 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийг энэ сарын 30-нд товлосон. Гэтэл Сонгуулийн хуулиар, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн дотор сонгууль зохион байгуулахгүй байдгийг нарийвчилсан тусгасан байдаг учир нөхөн сонгуулийг хориглосон шийдвэр гаргасан. МАН-ынхан Ерөнхий сайдаа Хэнтийд очиход нь Засгийн газраараа, бөөнөөр очиж бужигнуулсан шигээ Цэцийн хоригийг УИХ-аар хэлэлцэхдээ яг тэрэн шиг ажиллалаа.

УИХ-ын Байнгын хороод нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас бүгд татгалзаж, тэр дор нь асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж “Хоригийг хүлээж авахгүй. Пий, паа ийм муухай Цэц байх гэж дээ” гэж халаглацгаасан. Ингэж л эд нар наанаа өнөө маргаашгүй л нөхөн сонгууль болох гэж байгаа мэтээр жүжиглэж байна.

Дээрх шийдвэр бол Цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан хориг. Харин одоо Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар энэ асуудлыг дахин хэлэлцэнэ. Их суудлын хуралдаан тийм хурдан болохгүй. Хуралдлаа гэхэд бас л хугацаа орно доо. Тэгээд “Нөхөн сонгуулийг дахин зарласан нь хууль зөрчжээ” гэдэг дунд суудлын хуралдааны шийдвэр дээр бат зогсох нь мэдээж. Яагаад гэвэл заасан хуулиудыг зөрчсөн үндэслэлүүдийг одоо болтол арилгаж чадаагүй байгаа юм чинь. Тэгэхээр нөхөн сонгууль зогсоно. Энэ бүхний эцэст хамгийн их хохирсон нь, нэр дэвших гэж чадлаараа хичээж байсан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон МАН-ынхан мэтээр жүжиг тавьж, матрын нулимс унагаж худлаа уйлалдана. Ард түмэнд хохирогчийн дүрээр харагдаж, өрөвдүүлэхийн тулд бас л жүжгээ үргэлжлүүлнэ. Ийм л хошин жүжгийг улс төрийн тайзан дээр сүүлийн нэг жилийн турш эрх баригч нам тоглолоо.

“Нөхөн сонгууль” нэртэй хоёр бүлэгтэй, дөрвөн үзэгдэлт хошин жүжгээ одоо зогсоо! Хэн ч та нарын тавьж буй жүжигт үнэмшихээ байсан, та нарын тэрбум тэрбумын амлалтад итгэхээ байсан. Тэрний оронд жүжгийн тайзнаасаа бууж, Үндсэн хуулийг хэлэлцэх асуудалд анхаарал хандуулж сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүл. Жүжигчид нь жүжгийнхээ ажлаа хийг, та нар улс эх орныхоо өмнө тулгамдаж байгаа асуудлаа бодлогын түвшинд шийдвэрлэ. Элдэв янзын дүрд битгий тоглож хөдөөгүүр гүйгээд бай. Тэглээ ч дүр болгон эзэнтэй учир өөрийнхөө дүрд л сайн тогло гэдэг үг байдаг.

 

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно