2019-06-20 01:31

АН-ын дарга Онц их хурлаас айгаад байна уу?


Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд УИХ-ын чуулганыг орхин гарч ирэнгүүтээ хэвлэлийн бага хурал хийж, дөрөвдүгээр сарын 4-нд намынхаа Онц их хурлыг хуралдуулах болсныг зарлаж байв.

60 тэрбум, ЖДҮ, концесс, тендерийн хэрэгт холбогдсон МАНАН бүлэглэл, “Хонгил”-ын шүүхийг өөрчлөхийн өмнөх энэ үйл явдалд АН-ын дарга байж ядталаа бухимдсан нь сонирхол татдаг л юм.

Тэрээр энэ үеэр “АН-ын Онц их хурлаар өнөөдөр үүсээд байгаа нийгэм, эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлыг авч хэлэлцэнэ. Ардчилсан Үндсэн хууль, ардчиллын ололт амжилтыг хамгаалахын төлөө тууштай тэмцэх болно” хэмээн мэдэгдсэн билээ.  Гэвч  АН-ын дарга ийнхүү намынхаа Онц их хурлыг зарласнаа дөрөв хоногийн дараа цуцалсан. Онц их хурлын оронд УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн дөрөвдүгээр сарын 5-нд “Онц их хуралдай” нэртэй эсэргүүцлийн жагсаал хийж, маргааш нөгөөдөр нь баярын, хүлээн авалт, бөхийн барилдаан зохион байгуулав. Харин АН-ын Онц их хурлыг цуцалсан шалтгаанаа нэг ч удаа тайлбарлаагүй юм.

Харин өнөөдөр эргээд харахад бүх учиг нь тайлагдлаа гэж намынх нь гишүүд яриад эхэллээ.

Мань хүний нэр хүнд нийгэмд төдийгүй нам дотроо унасан, гишүүд нь бухимдал, эсэргүүцэлтэй байгаа. Ийм үед Онц их хурал зарлан хуралдуулбал АН-ын дарга өөрийнхөө сууж байгаа мөчрийг хөрөөдсөнтэй адил болох аж. Угаасаа АН-ын Онц их хурал болсон бол намынхан нь даргаа огцруулахаар “цахилгаан дайны төлөвлөгөө” гээчийг боловсруулчихсан байсан гэх мэдээлэл ч бий.

Мөн АН-ын гишүүд аль эртнээс даргынхаа бүдүүлэг үг, үйлдэл, гаргасан буруу шийдвэрүүдийг эсэргүүцэн, бослого хөдөлгөөнд бэлдэж эхэлсэн гэдэг. Тэгэхээр Онц их хурал дээр энэ их бухимдал тэсэрч магадгүй гэсэн үг.

Намын дарга болмогцоо Их хурлаараа баталсан Үндсэн дүрмийг Улсын дээд шүүхэд аваачиж батлуулах замд нь хэд хэдэн заалтыг хасч, засч орхисон. Тэр нь дандаа өөртөө эрх мэдэл олгосон гэхээр засварууд байжээ. 

Ингээд дүрмээ засчихсан хүн дүрэмгүй тоглолтууд хийж, АН-ын дунд шатны дарга нарыг гишүүд нь сонгох ёстой байтал намын дарга нь шууд тавьж эхэлсэн гэдэг. Энэ мэт олон үйлдэл хийж, парламентын танхимд МАНАН бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах болсноор АН-ын рейтингийг долоохон хувь болтол унагаад байгаа билээ.

 

Тиймээс АН-ын дарга үнэнтэй нүүр тулахаасаа айж Онц их хурлаа яаран цуцалжээ гэж уншигдаж байна. Гэвч АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн өнгөрсөн тавдугаар сарын 6-нд хэвлэлийн бага хурал хийж, Онц их хурлыг зарлан хуралдуулах, АН-ын даргыг өөрөө сайн дураараа огцрох 15 үндэслэл бүхий шаардлага тавьсан байдаг. Ийнхүү гишүүд нь шаардлага тавьж, шүүмжлэл өрнүүлээд эхлэнгүүт АН-ын дарга баахан жагсаал, цуглаан зохион байгуулж, олон нийтийн анхаарлыг сарниулахыг хичээж байна гэж тэд үзэж буй ажээ.

Энэ бүхэн нь л АН-ын дарга Онц их хурлаас айгаад байна уу гэж асуухад хүргэж буй юм.

З.Баттөмөр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно