2019-06-18 03:57

Засгийн газрыг огцруулах өртөг 195 ширхэг “Ланд”-ын л үнэтэй


Үндсэн хуулийг өөрчлөх үе үеийн УИХ-ын амбиц, бас улс төр энэ парламентыг тойрсонгүй. Нэг намын багцалсан товчлуурын тоогоо харвал батлагдах магадлалтай. УИХ-ын энэ бүрэлдэхүүний легитим шинж (нэр хүнд, чадавх)-ийг харвал унах ч магадлалтай. Энэ нь Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлтийн сайн, муугаас бус, УИХ-ын нэр хүнд, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлаас болж төсөл унаж мэдэх. Одоо бол улс төрийн харьцангуй тайван цагт, зуны уртын амралтаар нийтийн анхаарлыг 

эзгүйчлэн зүтгүүлж буйгаа нийгмийн хүлээлт, дэмжлэг гэж андуурч болохгүй. Хэлбэрийн хувьд Үндсэн хуулийг өөрч­ лөх, батлах эрх нь УИХ-д бий. Гэвч энэ нь хэнтэй ч үл хуваалцах онцгой эрх биш. Үндсэн хууль бол хууль гэхээсээ илүүтэй нийгмийн гэрээ, монгол хүн бүрийн эрх чөлөөний тунхаг. Үндсэн хууль бол ардчилсан Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, цаасан дээрх хилийн багана. Тийм учраас нийгмийн дуу хоолой, Монголын ард түмний олонхын саналыг нэгтгэж, нэг зүгт дагуулж чадаж байж Үндсэн хуулийн өөрчлөлт болгон батлах, батламжлах техник ажиллагаа хийх үүрэг л УИХ-д бий. Парламент Үндсэн хуулийг товчлуурын олноор хүч түрж батлах онцгой эрхгүй, ард түмнээсээ асууж батлах онцгой үүрэгтэй гэсэн санаа.

Өргөн барьсан төслөөс гурван заалт үнэхээр чухал. “Давхар дээл”-ийг цөөрүүлэх, гишүүдийн ирцийг нийт гишүүдийн олонх болгох, мөн сонгуулийн тогтолцоог хуулиар шийдэх боломжийг нээж байгааг нийгмээрээ дэмжинэ. Энэхүү гурван өөрчлөлтийг “дутуудуулсан байна уу гэхээс биш, илүүджээ” гэж хэн ч шүүмжлэхгүй, эсэргүүцэхгүй.Гэхдээ Үндсэн хууль салаа утгагүй байх ёстой. Өргөн барьсан төсөл дотор ийм агуулга, ойлголт өгөх заалт байгаагаас заримыг өгүүлье.

НЭГ 

Төсөлд “…Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэжээ. Ингэснээр Засгийн газарт таваас илүү сайд “давхар дээл”-тэй байх боломжгүй, УИХ-ын гишүүдийг сайд болгохын тулд яамдын тоог нэмдэг байдал хаагдаж байгаа нь сайн хэрэг. “Болно” гэсэн нь заавал гэсэн үг биш бөгөөд зөвшөөрсөн утгыг илэрхийлнэ. Гэвч амьдрал баян, манай улстөрчид хуулийг хүссэнээрээ, эрх ашигтаа нийцүүлэн тайлбарладаг, тэгж хэрэгжүүлдэг. УИХ-ын гишүүн болоогүй топ нэгнийг Ерөнхий сайдаар томилох болбол яах вэ. Зарим нь Ерөнхий сайд заавал УИХ-ын гишүүн байна гэж зөрүүдэлнэ. Хэрвээ Ерөнхий сайдыг парламентын гаднаас томилбол Засгийн газарт байх “давхар дээл”-тэй гишүүдийн тоо дөрөв үү, тав уу гэдэг маргаан гарна. Зарим нь тав гэж улс төр хийнэ. 

ХОЁР 

Төсөлд “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавивал УИХ гурван хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно” гэжээ. Энд заавал “шинэ Ерөнхий сайдыг томилох саналыг хамтад нь албан ёсоор тавих” шалгуур тавьсныг юу гэж ойлгох вэ. Дарааллын хувьд өмнөх Ерөнхий сайдыг огцруулснаар дараагийнхыг томилох нөхцөл үү­ сэх нь тодорхой байхад, заавал “хамтад нь албан ёсоор тавих” гэсний цаад учир юу вэ. Үүнийг олон хүн “шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хамт санал болгох” гэж ойлгоно. Гэтэл Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрх бол УИХ-ын гишүүнд бус, УИХ-д олонх болсон намд олгосон эрх мэдэл. Парламентын засаглалын гол мөн чанарын нэг нь сонгуульд ялсан нам Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх онцгой эрхтэй. Гэтэл ялсан намд олгосон энэ эрхийг УИХ-ын 19 гишүүн эдэлж болох мэт салаа утга, санаа оржээ. Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүд нам харгалзахгүйгээр 19-үүлээ нийлж гаргаж болно. Тэр тохиолдолд сөрөг хүчнийхэн нь дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүү­ лэх ялсан намынхаа дотоод хэрэгт оролцох уу. Өнөөдрийнх шиг сөрөг хүчин нь 19 байтугай найман хүнээр бүлэг байгуулах босго давахгүй суудал авч болно. Тэр тохиолдолд олонх нь нам дотроо хуваагдан ордны эргэлт маягийн улс төр хийх, бүр ялсан намын даргыг намын даргаас огцруулж болох нэг гарцыг Үндсэн хуулиар нээж өгч байгаа ч юм шиг их л олон янзаар уншигдаж байна. Их товчхон хэлэхэд, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрх УИХ-д биш, сонгуульд олонх болсон, хамгийн олон суудал авсан нам, эвсэлд л байдаг. Хэрвээ 19 гишүүн шинэ Ерөнхий сайдын нэрийн хамтаар Засгийн газрыг огцруулах санал өргөн барина гэвэл гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал харин ч эсрэгээрээ, илүү хэврэг болж магадгүй. Монголын улс төр дараагийн Богд тодорсон л бол ямар ч сайн Засгийн газар огцордог, дараагийн Богдоо тодруулж чадаагүй бол ямарч муу Засгийн газар огцордоггүй технологитой. Энэ нь өнөөх 39-хөн гишүүн буюу 195 жийпний хямд өртөгтэй холбоотой юм. Жишээ нь, өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газарт нэр нь сэвтээгүй, огцор гэж яамных нь үүдэнд жагсаал болоогүй сайд цөөхөн үлдлээ. Үүгээр бол энэ засаг дэ-факто огцорчихсон ч юм шиг. Гэтэл улстөрчийн рейтинг, харизмаараа У.Хүрэлсүхийг давж, Ерөнхий сайд болох дараагийн Богд нь МАН дотор одоогоор байхгүй учир түүний танхим тогтож байгаа хийгээд цаг хугацааны хувьд шаардлагагүй харагдана.

ГУРАВ 

Төсөлд, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 55 болгож, нэг удаа зургаан жилийн хугацаатай болгожээ. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар 55 нас бол эмэгтэйчүүдийн хувьд тэтгэвэрт гарах нас. Тэгэхээр эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвших, Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох боломжийг нэг талаар хаасан мэт заалт болжээ.

Үндсэн хуулийг өөрчлөөд үзэх сэтгэхүй өмнөх жилүүдийг бодвол нэмэгджээ. Сайн хэрэг. Энэ УИХ-ын хувьд нэг зүйл тун тодорхой. Тэд Үндсэн хуулийг өөрчилсөн ч, эс өөрчилсөн ч уг асуудлаар муу нэр дуулна. Өөрчилж чадвал “Нэг нам олонхоороо өөрчиллөө” гэнэ, эс өөрчилбөл, “64 кнопоо ашиглаж чадсангүй” гэж шүүмжлүүлнэ. Үндсэн хуулийг өөрчилж чадахыг гавьяат үйл гэж үзвэл тэр нь УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-гаас зээл авсныг уучлах, сэвтсэн нэр хүндийг цайруулах шалтгаан болохгүй. Тиймийн учир “их идсэн ч өмхий…” гэдэг шиг нэг зориглосных, нэн шаардлагатай өөрчлөлтийг онож хийх, нийтийн эрх ашгийн төлөө нэгэнт унасан нэр хүндээ нэмж золиослох нь харин ч хожмоо эергээр дуурсагдахын шалтгаан болж үлдэх юм. Жишээлбэл, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг зориглох л байсан юм. 1.5 сая хүрэхгүй хүн амтай байхад 76-гаар тогтоосон УИХ-ын гишүүдийн тоог одоо байгаа гурван сая хүндээ тэнцүүлэхэд буруугүй. Засгийн газрыг ойр ойрхон солиод байгаа нь, парламент нь Засгийн газраа хянаж чадахгүй, халаасанд нь багтаад яваа нь, мөн бүлэглэлүүд хүссэн хуулиа захиалж батлуулаад буй нь нэг талаас УИХ-ын гишүүдийн тоо цөөнтэй холбоотой. Цөөхний сул тал. Буруу үйлдлийг хүсэгчид ихдээ 39 гишүүнтэй тулж ажиллахад л хүссэн шийдвэрээ гаргуулж чаддаг. Ерөнхийлөгчийн хэлснээр УИХ-ын 39 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан нь үнэн бол, зарим хүний хардсанаар өмнөх Засгийн газрыг огцруулах товчлуур дарсны төлөөсөнд энэхүү зээлийг хуваасан нь ортой бол бүхэл бүтэн Монгол Улсын Засгийн газрыг огцруулах өртөг ихдээ 39 тэрбум төгрөгт л хүрчээ.

Өнгөрсөн 20 гаруй жилийн авлигын жишээнээс харахад манай улстөрчид гарын үсэг, долоовор хуруугаа голдуу жийп машинаар л үнэлдэг бололтой юм. 2017 онд улсын хэмжээнд “Таванбогд”, “Мөнххада” гэж хоёрхон компанийн борлуулсан цоо шинэ “Ланд” жийпний тоо 2200 байна. Шинэ жийпний үнэ дунджаар 200 сая төгрөг. Үүнээс арай хямд, бүр илүү үнэтэй нь ч бий. Дундаж үнэ 200 саяар нь бодоход нэг тэрбум төгрөг бол таван жийпний л үнэ. Хэвлэлээр бичээд байгаагаас үзвэл 39 гишүүний тус бүр нэг тэрбумаар авсан ЖДҮгийн 39 тэрбум төгрөг бол 195 жийпний үнэ. Монголд Засгийн газрыг огцруулах, мөн хүссэн хуулиа батлуулах өртөг нь 195 жийпний л үнэтэй байна гэсэн үг. Өмнө нь ч ийм байсан, цаашдаа ч иймээр нь үлдээхийн тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн үзжээ.

Мөн хувь хүний эдийн засгийн эрх чөлөөг хамгаалсан заалт, тухайлбал, “Газрын доорх баялаг бүх ард түмний өмч” гэх ерөнхий заалтыг тодруулах нь нийгмийн захиалга байхад бас л орхижээ. Лиценз гэх ганц хуудас цаасаар газрын доорх баялгийн эзэн болдог алдааг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр залруулахад илүү баталгаатай.

Бас нэг өнцөг бий. 2020 оны УИХ-ын сонгуулийн амжилтынхаа төлөө Үндсэн хуулийг өөрчлөх замаар сонгуулийн тогтолцоог хүссэнээрээ сонгох улс төрийн сонирхол МАН-д давхар байж магадгүй. Ерөнхийлөгчид бас үүнтэй адил улс төрийн сонирхол бий. Эцсийн мөчид Ерөнхийлөгчийн сонирхлыг хаах чадамж, хангах барьцаа хоёрын аль нь энэ УИХ-д илүү бий билээ, бодох л асуудал. Бодит байдал дээр Ерөнхийлөгч, УИХ хоёрын хэн нь өнөөдөр илүү хүчтэй байгаа вэ гэдгээ үнэлэх ёстой. Хоёр зүйлийг хатуу хэлье. УИХ өнөөдөр үндсэндээ бүхлээрээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Хуулийн хэлтэс” шиг ажиллах болсон. Хууль тогтоох эрх мэдэл бүхий УИХыг бүтнээр нь “ажлын алба”-аа болгосон ийм хүчирхэг Ерөнхийлөгч ардчилсан жилүүдийн түүхэнд Монголд байгаагүй юм. Тийм учраас хуулийн засаглалаас ҮАБЗ-ийн зөвлөмжийн засаглалд алгуурхан шилжиж байгаа, мөн ЖДҮ-гээс эхлээд олон зүйлээр барьцаалагдсан УИХ-ын энэ бүрэлдэхүүний үед Ерөнхийлөг­ чийн сонирхол зуун хувь хангагдаагүй төсөл Үндсэн хууль болж батлагдах бараг л боломжгүй. Цааш дэлгэрүүлж, задалж бодох ёстой өнцөг! Бусдаар нийгмийн дэмжлэггүйн, цаг хугацаа болоогүйн, товчлуур дутахын зовлон хийгээд саад алга!

Эх сурвалж: Өнөөдөр сонин


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно