2017-10-11 02:45

“Цалингүй” сайд нарын зарим нь бүлэг дээрээ бүдэрчээ


-Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдана-

 

Шинэ Засгийн газрыг танхимыг бүрдүүлэх сайд нарын нэр үндсэндээ тодорхой болчихоод байгаа. Сайд нарыг томилохдоо МАН-ын хоёр бүлэглэл буюу У.Хүрэлсүх, М.Энхболдын талууудаас тодорхой тохироо хийж тоогоо тогтсон төдийгүй тухайн нэр дэвшигчдээ тус тусдаа хуралдаж олонхийн саналаар гаргаж ирсэн гэж мэдээлж буй.  Нэг намын “Эвслийн засгийн газар” анх удаагаа байгуулагдаж байна хэмээн сөрөг хүчний зүгээс тодотгож байна.

Энэ засгийн газрын өөр нэг онцлог гэвэл 100 хувь давхар дээлтэй байх бололтой. 

Зөвхөн өөрийг нь дэмжсэн нөхдөөсөө Засгийн газраа байгуулсангүй, эсрэг санал өгсөн гишүүдээс танхимдаа орууллаа гэх шүүмжлэлийг У.Хүрэлсүхэд хаягласан харагдана билээ. Харин үүнд тэрээр  “Намын гишүүдээ ялгаварлаж үзэхгүй” гэж байр сууриа илэрхийлжээ. Энэ ч зөв байх. Танай, манай хүн гэх талцлаас одоо холдож намын эв нэгдлээ хангах үүрэг У.Хүрэлсүхийг хүлээж байгаа. Засагтаа ингэж “хүний” өөрийн төлөөллийг оруулах нь намын эв нэгдлээ хангах цаашлаад  засгийн тогтвортой байдлыг хангах нэг боломж гэж харж байгаа байх.  Гэвч ингэлээ гээд асуудал ногоон гэрлээр явахгүй бололтой.

МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх 11 сайдыг хариуцах яамтай нь танилцуулсан байна.
 
Тухайлбал,  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ш.Раднаасэд, БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэлийг томилно гэж танилцуулсан гэсэн мэдээлэл байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан орой завсарлаад дахин үргэлжилсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь 32-ын “бүлэг”-ээс сайдад нэр дэвшүүлсэн зургаан хүнийх нь гуравыг танхимдаа ажиллуулах боломжгүй гэснээр дахин маргаантай байдал үүсч, хуралдааныг орхин гарчээ.  

Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг уул уурхай, бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр сайдад нэр дэвшүүлэхээс татгалзсан бол Н.Цэрэнбатыг цэргийн алба хаагаагүй хүн Батлан хамгаалахын сайд хийх боломжгүй гэж үзжээ. 

Харин “32”-ын бүлгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшсэн Ж.Цогзолмаа, Зам тээвэр, хөгжлийн сайдад нэр дэвшсэн Ж.Бат-Эрдэнэ нарыг мэргэжлийн хүмүүс учир салбараа мэднэ, бэлэн туршлагатай боломжтой нэр дэвшигчид гэж үзсэн байна.

Ингэснээр М.Энхболдын талаас нэр дэвшүүлсэн 6 сайдын гуав нь  “Ардын засгийн газрын” танхимд багтаж ажиллах эсэх нь эргэлзээтэй болж байна.

Нэгэнт нөхцөл байдал ийм дээрээ тулбал дахин нэр дэвшүүлэх шаардлагатай болно гэсэн үг.  Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлэг сайд нараа эцэслэн тохирч чадалгүй хуралдаанаа өндөрлөжээ.

Шинэ Засгийн газрын талаар дуулдаж буй өөр нэг мэдээлэл гэвэл давхар дээлтэй сонгогдож байгаа сайд нар цалингүй ажиллах ёстой. Эс зөвшөөрвөл сайдаасаа татгалзаж болно шүү гэсэн Ерөнхий сайдын шаардлага юм. Урьд нь давхар дээлтэй сайд нар УИХ-ын болон Засгийн газрын гишүүний цалинг давхар хүртдэг байсныг болиулж байгаа нь энэ юм байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ тухайд “Эдийн засаг хүнд байна. Бүсээ чангалах ажлыг сайд нараас эхлүүлнэ. Сайдын алба бол ажил хийх гэж очдог алба болохоос ахуй хангамж хүртэх гэж очдог алба биш. Хүлээн зөвшөөрч байгаа нь танхимд ажиллана, чадахгүй нь эртхэн татгалзаарай” гэсэн  байр суурь илэрхийлжээ.

Шинэ Засгийн газрыг бүрдүүлэх замд ийнхүү улаан гэрэл ассан учир өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан хийхээр болжээ.  

Хэрэв Удирдах зөвлөл сайд нараа эцэслэн тохирч чадвал УИХ-д өнөө маргаашдаа багтаж өргөн барихаар хүлээж байгаа аж.

М.Нэргүй

zaluu.com


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно