2017-10-04 02:33

У. Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газрын хүрээ, хязгаар


Монгол Улс 30 дахь Ерөнхий сайдаа хүлээж авлаа. Одоо ажиглагчдын хувьд хамгийн их анхаарал татаж буй зүйл шинэ Засгийн газар ямар бүтэцтэй ажиллах, хэн хэн сайдаар томилогдох вэ гэдэг асуудал л хамгийн чухал байгаа нь ойлгомжтой.  
 
У.Хүрэлсүх 16 сайд, ерөнхий чиг үүргийн 5, чиглэлийн 8, нийт 13 яамтайгаар буюу хуучин Засгийн газрын бүтцийг хадгалж үлдэх бололтой.Намынхаа Бага хурлын үеэр ерөнхийд нь бүтцийн хувьд өөр шинэ хувилбар санал болгоогүйгээс үзэхэд дээрх хувилбараар явах болов уу. Олон нийтийн зүгээс өөр нэг хэлэлцүүлэг өрнүүлж буй нь У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэртэй байх вэ гэдэг тийм ч чухал биш сэдэв. Зарим эх сурвалж түүнийг танхимаа “Ардын Засгийн газар” гэж нэрлэх тухай таамаг дэвшүүлж байгаа ч олон нийтийн цахим сүлжээнийхэн тун товчхон байр суурь илэрхийлж буй. Тэр нь “Зүгээр л ажилла. Ямар ч хээнцэр нэр зүүх хэрэггүй” гэх тодорхой хүсэлт юм.
 
Үнэн хэрэгтээ олон түмэн юу хүсч байгаа вэ гэдэг энэ бүхнээс илүү чухал. Тэд ердөө л тогтвортой засаг, шударга засаг, ил тод засаглалыг хүсч байгаа. Тогтвортой гэх томъёолол яагаад нэгдүгээрт эрэмбэлэгдэх болсныг бид хэнээр ч тайлбарлуулахгүйгээр сайн мэдэж байгаа. Тэгэхээр үүнийг тайлбарлаж, өмнөх үеийнхний алдаа завхрал болгоныг тайлж тоочих утгагүй биз ээ.
 
Тэгвэл У.Хүрэлсүхийн толгойлох Засгийн газар тогтвортой байя гэвэл юун дээр илүү анхаарал хандуулах ёстой вэ. Товчхондоо хэд хэдэн зүйлд онцгой анхаарах хэрэгтэй болов уу. Шуудхан хэлэхэд, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн засгийг огцруулахад гарын үсэг зурсан, зураагүй хэмээн хэмлэлдэж талцахаа болиод, УИХ-д жин дардаг, засгийнхаа тогтовортой байдлыг хангаж чадахад бодит нөлөө үзүүлж чадах гишүүдийг танхимдаа багтаах хэрэгтэй.  Тэд тэгвэл хэн байх вэ. Мэдээж эхний ээлжинд парламентад 2-3 сонгогдсон, ажлын туршлагатай, улс орны өмнө тулгамдаад байгаа томоохон асуудлыг барьж аваад шийдэх чадвартай мэргэжлийн хүмүүс байх ёстой  гэсэн үндсэн шалгуур тавих  хэрэгтэй. Чухамхүү ингэж үздэг нийгмийн хүлээлт асар их байгааг тооцож үзээсэй.
 
Энэ шалгуураас гадна үе үеийнхний төлөөллийг багтаах нь чухал. Тэд нь тухайн Засгийн газарт өөр өөрийн хүлээсэн үүрэгтэй байна гэдэг нь ойлгомжтой. Ийм байр сууринаас авч үзэхэд шинэ засаг 1960-аад оныхон голлож, ачааны хүндийг өөр дээрээ авч засгийг тогтворжуулахгүйгээр  хол явахгүй гэдэг нь  болж өнгөрсөн үйл явдлаас харагдсан гэдгийг хэлэхэд илүүдэхгүй. Шинэ Засгийн газрын ноён нурууг  тэд авч явах нь тодорхой. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн  Д.Хаянхярваа, Д. Дамба-Очир, Ч. Хүрэлбаатар, Х. Баделхан, Ц.Даваасүрэн нарыг сайд болгоход маргаж үгүйсгээд байх боломж бас бодит байдал дээр хомс. Тэдэнд хэд хэдэн давуу тал байгаа. Д.Хаянхярваа гэхэд С.Батболдын засагт зургаан сар Сангийн сайд хийсэн, Түүнээс өмнө Дархан хотыг удирдаж байсан хүн. Дархан хот тухайн үед бүтээн байгуулалтаа ч явуулж, хотын өнгө төрх ч өөдөлж, орсон гарсан хүмүүсийн аманд цэвэр цэмцгэр байдлаараа шагшигддаг байсан гэж тэр үеийн дарханчууд ярих юм билээ. Түүнээс гадна УИХ-ын гишүүнээр удаа дараа сонгогдон ажиллахдаа  асуудалд ул суурьтай ханддаг, хүнийхээ хувьд ноён нуруутай, багт ажиллах чадавх туршлагатай хүн гэдгээ олонтой харуулсан.  Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах тухай хэлэлцэж байхад, өөрийнхөө байр суурин дээр айж бэмбийхгүй,гуйвалтгүй зогсож, туршлагатай улстөрч гэдгээ ахин нотолсон.  Д.Дамба-Очир ч УИХ-д удаа дараа сонгогдсон, 1990 оноос эхлэн хүнд хэцүү бүхий л он жилүүдэд намаа байнга дэмжиж тусалж ирсэн хуучны гишүүн. Нэг онцлог нь тэр УИХ-д хэд хэдэн удаа сонгогдохдоо албан тушаалд шунаж байгаагүй. Нэг ч удаа сайд болж байгаагүй нь үүний баталгаа. Одоо түүний хүчийг үзэх  хэрэгтэй.Түүнд бизнес, аж ахуй хөтлөх арга ухаан бий.Эрдэнэтийн цахилгаан станцид цахилгаанчаас дэд захиралыг нь хүртэл хийж, Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрт ажиллаж, хүнд үеүдэд зүтгэж явсан туршлагатай.
 
 Хамгийн сүүлд гэхэд Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан асуудал дээр эхнээс нь л өөрийнхөө хатуу байр суурийг маш тодорхой илэрхийлж  байсан.
 
Ч.Хүрэлбаатарын тухайд Засгийн газарт заавал орж ажиллах ёстой хүний нэг гэдэгтэй хүмүүс санал нэг байдаг нь сүүлийн үед олон нийтийн дунд өрнөсөн яриа хөөрөөнүүдээс мэдрэгдсэн биз ээ. Түүний тухай хэвлэл мэдээллийн томоохон лидерүүд ч байр сууриа хоёргүй утгаар илэрхийлсэн харагдана лээ. Х.Баделхан ч гэсэн олон удаа сонгогдсон, тулхтай гишүүдийн нэг. Үндэсний цөөнхийн төлөөлөл байх ёстой гэж үздэг бичигдээгүй нэгэн хууль манайд үйлчилдэг. Энэ ойлголтоор авч үзвэл өнөөгийн төрд түүнтэй өрсөлдөх хүн байхгүй л дээ. Ц.Даваасүрэнг зарим нь урвагч шарвагч хэмээн цоллож л үзэгддэг. Гэхдээ түүний үнэ цэнийг УИХ-д гурван удаа сонгогдсон, бараг намын дэмжлэггүй мачийтлаа тэмцэж гарч ирж байсан, зарчим барьдаг, шударга шулуун зан төрх нь бүрдүүлж буйг бид бэлхэнээ мэднэ.
 
Засгийн газар эдгээр гишүүдээр голлох зүтгүүрээ хийгээд 1950-иад оны Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин зэрэг УИХ-ын хамгийн туршлагатай гишүүдээр тулгуураа хийж, У.Хүрэлсүхийн хүрээллийн буюу 1970-аад оныхныг энэ удаа төрийн төв байгууллагын “тогоон”-нд чанах хэрэгтэй гэж үе үеийн төлөөллүүд үзэх юм. Бас л чихний гадуур өнгөрөөж боломгүй мессеж дээ. Нөгөө талаас төрийн “тогоо”-нд залуугаасаа удаан чанагдана гэдэг бол ирээдүйд тэртээ тэргүй улс орны ачааны хүндийг үүрэх 1970-аад оынхны хувьд маш чухал байгаа юм.
 
Я.Содбаатар, Ш.Раднаасэд, Ж.Энхбаяр, Б.Батзориг, мөн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт гаршиж яваа Н.Номтойбаярыг хүрээний гадна орхиж болохгүй санагдана.
 
Шинэ засаг эмэгтэйчүүдийг тойргийн гадна орхиж болохгүй гэдгийг сануулах нь илүүц биз. Эмэгтэйчүүдгүйгээр дан эрчүүд засгийг авч явдаг цаг ард хоцорсон гэдгийг мартаж болохгүй.
 
У. Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар байгуулагдах энэ мөчид сэдрээж гаргаж ирж болохгүй хоёр том зүйл байна. Түүний нэгийг дээр цухас дурьдсан. Тэр бол засаг огцруулахад гарын үсэг зурсан, зураагүйгээ улстөрчид сэргээн санах, нөгөө нь сүүлийн хоёр ч Засагийн газар шинээр байгуулагдахад сүүдэр мэт дагаж гарч ирж байсан давхар дээлний асуудал. Түүнийг бол бүр мартах ёстой юм. Хэрэгжүүлэх ёстойгоо хэрэгжүүлж, тойрох ёстойгоо тойрон гарч чадсанаараа шинэ Засгийн газын нас  урт, 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар ард түмэнд  амлаж гарч ирсэн амлалтаа хэрэгжүүлж 2020 оны УИХ-ын ээлжит сонгуультай нүүр тулах шаардлагатай  болж байна. Хэрэв ингэж чадахгүй, тамын тогоондоо эргэлдвэл өмнөх өмнөхөөс илүү хохирол амсах болно. Ийм тохиолдолд унасан сайд нар, унагасан УИХ-ын гишүүдийн хэн хэн нь хохирохгүй. Харин улс орон ард түмэн хамгийн том хохирогч нь болно. Үүнийг бүү март... Мартвал засаг дахин огцрох аюултай. Ахин хэлье. Энэ бүх улс төрийн хэмлэлдээн, бодлогогүй түншлэлүүд, бүлэглэлүүдийн дайны төлөөсийг зөвхөн ард иргэд үүрч байгаа шүү. Хамгийн том хохирогч нь Монгол, монголчууд бид байх болно.
 
У. Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газрын цар хүрээ, хязгаараас их зүйл хүлээж байна. Цаг хугацааны тоолуур гүйж эхэлсэн шүү.
 
Сэтгүүлч Г.Эрдэнэбат
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно