2017-09-27 02:18

У.Хүрэлсүхийн Засгийн газрын өмнө тулгарах ХҮНД СОРИЛТУУД


-ТЭРБЭЭР ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙГ ХӨНДӨХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ-

МАН-ын Бага хурлын гишүүдийн 64.9 хувь нь У.Хүрэлсүхэд итгэл үзүүлж, Ерөнхий сайдаар ажиллах “виз” атгууллаа. Үндсэндээ наадмаас хойш ил цагаандаа гарсан МАН-ын хэрүүл, уруул ч цэгцрэх тийшээ хандаж байна.

Үе үеийн сонгууль дамнан хүчтэй оршсоор ирсэн хотын фракцийн нөлөөлөл суларч, Бага хурал нь харьцангуй эрүүл, нийгмийн хүлээлтэд нийцсэн шийдвэр гаргалаа гэж дүгнэж болох. Гол нь асуудал У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод зогсчихгүй.

Зудтай өвлийн цагаар орон нутгаар хэрэн хэсч, түймрийн голомтод цахилж явсан Шадар сайдын чиг үүргээс илүү том асуудлууд өнөөдөр У.Хүрэлсүхийг хүлээж байна. Холбогдох хуулийнхаа хүрээнд Засгийн газрын танхимыг ирэх сарын 7-ны өдрийн дотор бүрдүүлэх учиртай. Тиймээс ч ирэх даваа гаригт намрын чуулган нээлтээ хийнгүүт Ерөнхийлөгчтэй зөвшилцөх замаар Ерөнхий сайдаа яаравчлан батлах хүлээлттэй байна.

Ерөнхий сайдыг албан ёсоор батламжилсны дараа тэрээр бүрэн эрхийнхээ хүрээнд сайд нарын нэрийг УИХ-д оруулж ирэх учиртай. Эрх баригч намын гишүүд өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд намдаа ядарсан үед нь хандив өргөсөн хүмүүс сонгогдсон гэж шүүмжилдэг.

Ж.Эрдэнэбатыг өөрийн хүслээр ганц ч сайд томилж чадаагүй гэлцдэг. Харин энэ удаа У.Хүрэлсүх төрөлхийн гөжүүд, мужик зангаараа сайд нарынхаа ядаж тал хувийг өөрөө сонгох болов уу гэсэн хүлээлттэй байна.

Тэрээр Бага хурлын үеэр тавьсан илтгэлдээ Засгийн газрыг бүтцийг хөндөхгүй. Шуудхан ажилдаа орно гэж онцолсон нь сайшаалтай. Хүйтэн өвөл хаяанд ирчихээд байхад яамдын бүтцэд гар дүрвэл дахиад л баахан тамга тэмдэг, сандал ширээ ийш тийшээ хөдөлнө. Дээрээс нь У.Хүрэлсүх өөрөө нийгмийн хүлээлт байсан юм бол сайд нараа мөн тийм хүмүүсээр бүрдүүлж, чигч шударга ажиллах болов уу гэсэн горьдлого буйг тэмдэглүүштэй.

-ОУВС-ТАЙ УЧРАА ОЛОЛЦОХ, БОНДЫН ТӨЛБӨРИЙГ ХИЙХ, БАГШ НАРТАЙ ОЙЛГОЛЦОХ 
ХҮНД СОРИЛТУУД ТЭДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА-

Шинэ Засгийн газар нэг талаараа их азтай. Учир нь тэд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг бодвол харьцангуй эерэг хөрсөн дээр буух төлөвтэй эдийн засаг хүлээн авч байна. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болонгуутаа “Яаж мөнгө олох вэ” гэдэг асуудалтай нүүр тулгарч байв. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар “Яавал гаднаас орж ирэх санхүүжилтүүдээ хэвээр хадгалах вэ” гэсэн асуулттай хөрсөнд буулаа. Орж ирэх гарц нь нээгдсэн, одоо тэд хадгалж үлдэх учиртай.

Нөгөө талаараа бас их азгүй. Эгзэгтэй, эмзэг үед засаглахаар болж байна. Хамгийн түрүүнд шинэ Засгийн газар ОУВС-тай учраа маш хурдан хугацаанд ололцож, хөтөлбөрийг үргэлжлүүлэх асуудлаа бат араанд нь хийх ёстойюм. Ингэснээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон донор орнуудаас орж ирэх санхүүжилтүүд хугацаа нь сунжрахгүй байх сайн тал үүснэ. Хөрөнгө оруулагчид ч Засгийн газрын байр суурь тодорхой болохыг хүлээж байна.

Дараа нь бондын төлөлтийн асуудал. Чингис бондын 500 сая ам.долларыг төлөхөд ердөө 68 хоног үлдээд буй. Гэрлийн хурдаар төлөгдөх хугацаа нь ойртож буй  бондын төлөлт шинэ Засгийн газрын хамгийн эхний хүнд сорилт болохоор байна. Сангийн яамны зүгээс шинээр бонд босгох замаар төлөх гарц боловсруулсан гэдгээ тодотгосон. Валютын нөөцөөсөө төллөө гэхэд ам.долларын ханш тэнгэрт хадах эрсдэлтэй.

Тэгэхээр яг өмнөх Засгийн газрын жишгээр ОУВС-тай учраа ололцонгуутаа олон улсын зах зээл дээрээс бонд босгохоор мэргэжилтнүүдээ илгээх шийдэл л харагдаж буй юм. Бондын хүү мэдээж 10 хувьд тулахуйц хүнд нөхцөл үүссэн гэдгийг шинээр бүрдэх танхим хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Бондын төлөлтийг сунгах өөр нэг ядмаг арга байгаа ч энэ нь эргээд Монгол Улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Харин төлж чадахгүй бол дефолт зарлагдана.

Яг энэ сорилтыг шинэ танхим давж гарч чадахгүй бол байр сууриа тавьж өгсөн намын нөхөд нь ч тэднийг зүгээр хараад суухгүй. Маш амарханаар тонгороод шидчих аюултай. Нэмээд багш нарын асуудал. Хугацаагүй ажил хаялт хийхийн зэрэгцээ өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа багш нартай Засгийн газар ойлголцохгүй бол ЕБС-иудын хичээлийн танхим тэр чигээрээ эзгүйрэх нь.  

Нэгэнт яамнаас шахалт үзүүлж, сургуулийн удирдлагууд нь дарамтлаад ч багш нарын эсэргүүцлийг зогсоож чадахгүй нь тодорхой боллоо. Өмнөх сайд нар шигээ зугтаад байлгүй, У.Хүрэлсүх шинээр томилогдох Боловсролын сайдаа дагуулаад очиж уулзах хэрэгтэй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж үг бий. Нүүр нүүрээ харж суугаад ярилцахад элгэн халуун сэтгэлтэй багш нартай ойлголцох гарц олдох мэт санагдана.

-ИТГЭЛ ҮЗҮҮЛСЭН ШИГЭЭ ХАТУУ ЗАГНАХ ЦАГ-

Олон нийт У.Хүрэлсүхэд хайртай. Намын нөхөд нь ч элдэв хайрцаглах аргачлалаас тойрч, түүнийг сонголоо. Итгэл үзүүлж болсон юм чинь эргүүлээд ороолгох эрх бас тэдэнд бий гэсэн үг. Цөөн хэдхэн хүнээр өөрийгөө хүрээлүүлж, хэт вакумжсан орчин бий болгох, албан тушаал эрх мэдэлдээ сагсуурахыг нь хүлээн зөвшөөрч болохгүй.

Сайд нартаа хэлэх үгээ хэлдэг, хариуцлага тооцдог, улстөрч хүний ноён нуруутай байдлаар асуудалд ханддаг байх учиртай. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан хэдийнхээ захиаст дарагдаж, ахуйн ажил эмхэлж суудаг Ерөнхий сайд болохгүй биз ээ гэх итгэл хэн хүнд бий. Үүнийг өндөрт өргөж, хичээн зүтгэх болов уу гэсэн хүлээлт ч байна.

Бас нэг зүйл зориуд онцлоход, Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барих үеэрээ “Би сайд болохгүй” гэж ам алдсан хэд хэдэн нөхөд бий. Шинэ танхимд эдгээр хүмүүс орж ажиллах аваас эхнээсээ л олон нийтийн шүүмжлэлийн бай болно. Мордохын хазгай үүсгэж байхаар хэн хэн нь хэлсэндээ хүрч, ард түмний цухал дургүйцлийг бага төрүүлээсэй гэж хүснэ.

Ж.МЯДАГБАДАМ

medee.mn


Сэтгэглдэл: 6

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Зочин (66.181.164.136 / 2017-09-28 07:20 )

    Хүрэлсүхэд амжилт хүсч хэлсэн ярьсандаа байж шударга ажиллахыг хүсье. Элбэгдорж анх ерөнхийлөгч болохдоо шударга ёсыг тогтооно, хуулийн хэрэгжилтийг хангана гээд л ард түмнийг хошгоруулсаар байгаад гарч ирсэн. Ард түмэн ч “анхны ардчилсан ерөнхийлөгч” гээд л мөнч их итгэл өгч байсан даа муу гөлөгт.

  • ЗОЧИН (66.181.178.57 / 2017-09-27 06:09 )

    МАНАН -гаас салах нь. Хүрэлсүхэд итгэж найдаж байна. АМЖИЛТ хүсье. ХҮРЭЛСҮХ Зорилготой зоригтой хэлсэндээ хүрдэг хүн

  • зочин. (188.226.212.13 / 2017-09-27 04:25 )

    МАН-ын засгийн газар одоо л итгэж болохоор болсоон

  • АРД (185.89.251.35 / 2017-09-27 03:51 )

    МАН шинэчлэл хийж ямартай ч чадлаа. Хүрэлсүх ЕС болоход асуудалгүй байхаа

  • irgen) (138.68.70.63 / 2017-09-27 03:42 )

    Одоо л зөв гольдролдоо орох нь дээ

  • zochin) (165.227.6.129 / 2017-09-27 03:38 )

    Yu ch tulgarsan bsan odoo baigulagdah zasgiin gazar umnuh zasgin gazraas iluu itgeltei bureldehuun bj chadna