2017-09-27 02:16

Шинэ Засгийн газрыг шинжихүй


Энэ намрын улстөрийн хамгийн халуун хүлээлт МАН-ын IX Бага хурлын дараа  тодорч эхэлж байна. Энэ бол дараагийн Ерөнхий сайдын томилгоо байсан. Бага хуралд нэр дэвшсэн гурван нэр дэвшигчээс У.Хүрэлсүх  63 хувийн саналаар Ерөнхий сайдаар томилогдох “мандат”-аа авчихлаа.

Одоо түүний нэрийг ирэх сарын 2-нд буюу УИХ-ын намрын чуулган нээгдэхтэй зэрэгцэн УИХ-д батлуулахаар өргөн барина. Гэхдээ наана нь Ерөнхийлөгчтэй зөвшилцах асуудал бий. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд түүнийг дэмжинэ үү гэхээс цааргалж буцаахгүй нь тодорхой.  

Харин Их хурал дээр өмнөх 33-аас гадна АН-ын 9 гишүүн У.Хүрэлсүхийн төлөө кнопоо дарна. Ингэж тооцвол 42 санал түүний халаасанд байгаа хэрэг. Үүнийг хамгийн багадаа гэж тооцож болно. Цаг цагаараа байдаггүй. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ойлголцож нэг талдаа гарсан гэж байгаа болохоор өөр ч санал нэмэгдэх байх.  Ингэхээр У.Хүрэлсүхийн Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болох замд ногоон гэрэл хэдийнэ асчихаад байна гэсэн үг.

Шинээр сонгогдсон Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг товлосон тохиолдолд УИХ цаг алдалгүй баталж, шинэ Засгийн газрын шуурхай ажиллагааг хангах боломжтой. МАН-ын дарга М.Энхболд ч энэ талаар байр сууриа илэрхийлж байсан.

Гэхдээ эх сурвалжуудын таамаглалаар одоогийн бүтэц хэвээр хадгалагдах магадлал өндөр байна. Түүнчлэн аймаг, орон нутаг болон, төр захиргааны анхан дунд шатны байгууллагуудад халаа сэлгээ нэг их хийгдэхгүй болов уу гэсэн таамаг байна.

Харин цааш цаашдаа Шинэ Ерөнхий сайдын хувьд парламентын дэмжлэг, хамтын ажиллагаа нь хэрхэн үргэлжлэхийг одоогоор хэлэхэд эрт. У.Хүрэлсүхийн хувьд “дан дээлтэй”  Ерөнхий сайд болж байна. Ийм тохиол цөөн байсан. Урьд нь П.Жасрай, Ж.Наранцацралт, Ц.Элбэгдорж нар  “дан дээлтэй” ажиллаж байсан удаатай. Дан дээлтэй байхын давуу болон дутуу тал мэдээж байгаа. Гэхдээ Хүрэл-ийн хувьд МАН-ын гишүүд үнэмлэхүй олонхи болсон парламенттай үед Ерөнхий сайдаар ажиллаж байгаа гэдгээрээ маш том боломж, нэг давуу тал болж харагдаж байгаа юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарсайхан шинэ Засгийн газрын бүтцийг удирдах зөвлөл дээрээ хэлэлцэж тохирно хэмээн мэдэгдэж байсан. Гэхдээ эх сурвалжуудын таамаглалаар одоогийн бүтэц хэвээр хадгалагдах магадлал өндөр байна. Түүнчлэн аймаг, орон нутаг болон, төр захиргааны анхан дунд шатны байгууллагуудад халаа сэлгээ нэг их хийгдэхгүй болов уу гэсэн таамаг байна.

Харин  шинээр томилогдох сайдуудын хувьд  “мэргэжил”-ийн гэдэг өмнөх тодотголоо илүү хадгалж чамбайруулах томилгоо хийгдэх байх гэсэн хүлээлт бий. Өөрөөр хэлбэл удирдан зохион байгуулах өндөр чадвартай, салбараа гарын 10 хуруу шигээ мэддэг “намбар ван”-гууд  сайдаар томилогдох болов уу гэсэн хүлээлт итгэл байгаа. Ингэхдээ ихэнхийг нь парламентын гаднаас.

Зунжин намаржин хангалттай улстөржиж, мэдээллийн дайныг залхтал явууллаа. Яахав, эерэг сөрөг, хүссэн хүсээгүй аль ч талаараа бай, асуудлынхаа нэг талд гарч байгаа нь  өвөл ойртож, ус хадаалсан энэ өдрүүдэд  хамгаас чухал алхам болж байна.

Одоо цаг хугацаа бүхнээс үнэтэй. Ирэх өвлийг хүйтэн цасархуу байна гэсэн сануулгыг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа. Европт сүүүийн 100 жил шахам тохиогоогүй хүйтэн өвөл болно гэсэн мэдээллийг Их Британийн цаг уурчид гаргасан байна лээ. Тэр их хүйтрэл Ази тив, тэр дундаа талын Монголд нөлөөлөхгүй, хаяагаар өнгөрнө гэж лав үгүй байх.  Монголын эдийн засаг, монголчуудын идэж өмсөх нь мал аж ахуйгаасаа ихэд хамааралтай.  Зун нь оройтож, өвөл нь зудалбал нөгөө “шувтарсан цагаан бумбандаа” гэдэг шиг болоход их ойрхон.

Эзэн хааны нэртэй, нэргүй бондын 600 сая ам долларын өр ирэх оны босгон дээр эхэлж хаалга тогшино. Ийм хэмжээний мөнгө, хуримтлал алга. Ингэхээр өрийг өрөөр л төлөх гарц байгаа байх. ОУВС-иййн хөтөлбөр цааш хэрхэн үргэлжлэх, өдөр ирэх тусам хумигдаад байгаа нүүрсний экспорт, ажилгүйдэл, ядуурал гээд Монголд юу байна, асуудал л байна.

Тэгэхээр шинэ Засгийн газрыг баярын марш, дайллагын ширээ угтахгүй. “Морин дээрээс улсыг эзлэх амархан, мориноос буугаад төрийг төвхнүүлэх хэцүү”  гэсэн Их эзний үгийг эрхгүй эргэн санах цаг ирж байна даа.

М.Нэргүй


Сэтгэглдэл: 3

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • a (185.89.251.35 / 2017-09-27 03:50 )

    МАН шинэчлэл хийж ямартай ч чадлаа. Хүрэлсүх ЕС болоход асуудалгүй байхаа

  • irgen) (165.227.6.129 / 2017-09-27 03:36 )

    Shine yronhii saidiin terguuleh zasgiin gazar umnuh aldaanuudiig davtalgui sain ajillah heregtei

  • zochin) (85.203.9.35 / 2017-09-27 03:34 )

    Shine yronhii saidiin hamgiin turuund hiih ajil bol MAHAH-n luuvirchdiig hyagaar ni ustgaj, turiig tseverlej, hugjliin gartsiig oloh yvdal