2017-09-27 02:13

ЗГ-аа огцруулахад нэгдэж, хүслээ гүйцэлдүүлсэн гишүүд одоо амлалтандаа хүрэх үү


МАН-ынхан удтал хэлэлцэж, хөнжил дотроо хөлөө жийлцсний эцэст Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Олны анхаарлыг татаж, МАН-ынханг Тусгаар тогтнолын ордонгоор хөл болгуулж дөнгөсөн Ерөнхий сайдын суудалд Шадар сайд У.Хүрэлсүх суухаар намынхаа нөхдийн итгэлийг хүлээгээд буй.

Жинхэнэ “Мэргэжлийн” Засгийн газрыг толгойлох хүнээр тодорсон түүнийг ирэх сарын 2-ны өдөр нээх УИХ-ын чуулганаар батламжлах учиртай. Харин шинэ Засгийн газрыг ирэх сарын 10-ны дотор эмхлэнэ гэдгийг УИХ дахь  МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдсэн.

Тэгвэл У.Хүрэлсүхийн кабинетын сайд нар хэн байх, ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллах вэ гэдэг нь өдгөө олны анхаарлыг татаж эхэллээ. МАН-ынхан шинэ Засгийн газраа жинхэнэ “Мэргэжлийн” байхаар байгуулж, 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдгийг албан ёсоор бус ч ам нээсэн болгон нь үүнийг хэлж байгаа.

 

Үнэндээ ч үүнээс өөр гарц тэдэнд байхгүй. Ард түмний итгэлийг хүлээж УИХ-д 65 суудал авсан МАН-ынхан “Мэргэжлийн” тодотголтой ч мэргэжлийн бус ажилласан гэх шалтгаанаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан. Одоо тэдэнд алдах эрх байхгүй. Эс бөгөөс ард түмэнд 2020 оны сонгуулиар МАН-ынханд “шилээ” харуулна гэдэг нь хэн ойлгомжтой болоод байгаа. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар жинхэнэ мэргэжлийн ажиллахын тулд жинхэнэ мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн байх нь хамгийн эхний шалгуур. Мөн Засгийн бүтэц нь хэт данхар бус, улс орны эдийн засагт дарамт болохооргүй байх нь дараагийн үзүүлэлт олох нь гарцаагүй.

 

Сайд болохгүй гэж ам гарч том дуугарсан гишүүд хэлсэндээ хүрэх үү

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд гарын үсэг зурж, нэгдснээр тэд хүслээ гүйцэлдүүлж дөнгөсөн. Тэднийг анх Засгийн газраа унагахаар улайрч буйгийн шалтгааныг ямар нэгэн эрх ашгийн сонирхолтой, өөрсдөө сайд болох гэж ийнхүү Засгийн газраа унагахаар тэмцэж байна гэж хардаж, харлуулах хүн олон байсан. Гэвч тэд эхнээсээ “Бидэнд ямар нэгэн хувийн эрх ашиг сонирхол байхгүй. Зөвхөн улс орныхоо эрх ашгийн дээдлэж байна. Мэргэжлийн Засгийн газар мэргэжлийн бус ажиллаж байгаа учраас огцруулах ёстой. Эс бөгөөс МАН 2020 оны сонгуульд ялагдал хүлээх болно” гэдгийг мэдэгдэж байсан билээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Гарын үсэг зурсан гишүүд сайд болохгүй гэсэн амлалтадаа хүрээрэй”гэж хүртэл захисан гэдэг. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр гээд олон түшээ сайд болж, албан тушаалд хүрэхийн төлөө гарын үсэг зураагүй хэмээн мэдэгдсэн. Ерөөс гарын үсэг зурсан 30 гаруй гишүүн албан тушаалд хүрэх зорилгогүй хэмээн дор бүрнээ мэдэгдэл хийсэн. Харин одоо тэд хэлсэндээ хүрэх үү, үгүй юу гэдгийг харах үлдлээ. Засгийн газраа огцруулахаар санал нэгдсэн гишүүд Засгийн газрын хувь заяаг шийдэх үеэр Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа У.Хүрэлсүхийн өрөөнд сэм уулзалт хийсэн нь олны нүдэн дээр ил болсон ч чухам ямар тохироо хийсэн нь одоог хүртэл нууц хэвээр байгаа. Тэд үнэхээр сайдын суудал, сандал ширээний томилгоо яриагүй бол браво.

 

Тэгвэл шинэ Засгийн газрыг мэргэжлийн байхаар байгуулж, Ерөнхий сайдтай гар нийлж ажиллах хүмүүсийг туршлагатай мэргэжлийн хүн байх ёстой гэх санал МАН-ын Бага хурлын үеэр гарчээ. Тодруулбал, парламентад анх удаа сонгогдсон гишүүд нь шинээр байгуулагдах Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б. Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар,Т.Аюурсайхан нарын гишүүд “Шинээр байгуулагдах  Засгийн газар хүчтэй байх ёстой. Засгийн танхимд УИХ-д доод тал нь хоёр удаа сонгогдсон гишүүд ажиллах нь Засгийн газар хүчирхэг, бодлого нь даацтай байхад хэрэгтэй” гэдгийг онцолсон байна.

 

Одоо МАН-ынхны амлалт, үг үйлдэл хоёр нь хэр зөрдгийг харах л үлдлээ. Ирэх сарын 10-ны дотор шинэ Засгийн газар байгуулагдана.  

 

24tsag.mn 


Сэтгэглдэл: 3

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • Лянь Фу Дао (202.55.191.102 / 2017-09-29 03:44 )

    60 тэрбумын багцны 51 хувийг эдгээр улс үлдсэн 49 хувийг Ми овогт Бадамжунай нар дангаараа идсэн гэсэн үг үү?

  • irgen) (159.203.130.12 / 2017-09-27 03:56 )

    MAHAH-gui mongoliin tuluu zutgeh shudarga uls turchid gj itgej bn

  • zochin) (138.197.160.121 / 2017-09-27 03:54 )

    МАН шинэчлэл хийж ямартай ч чадлаа. Хүрэлсүх ЕС болоход асуудалгүй байхаа