2017-08-09 04:42

Монгол хүйтэн өвөлд биш намын зуданд сөхрөх вий


-МАН-ын жирийн гишүүд дэмжигчид М.Энхболдыг өөрийн муугаас ялагдсан гэдэгт итгээгүй бөгөөд хэвлэлээр шуугиад буй дотоодын “Түгжил”-үүд үнэхээр бий эсэхийг нягталж, бодит хариултыг өгөхийг хүсэж байгаа юм-
 
Зуны сар зургаа биш ээ. Гантай зуны дараа ёс юм шиг л зудтай өвөл ирдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ихэнх нутгаар хавраараа шахам, малын хамар хатгах өвсгүй байсаар л намрын сар хаяанд тулчихлаа. Хажуугаар нь энэ зун ой, хээрийн түймэр тасарсангүй. ОБЕГ хамаг хүчээ түймэр унтраахад зарцуулсан байх.
Тэгвэл монголчууд хахир өвөлтэй нүүр тулахад бэлэн үү. Одоогоор найр наадам арай тасраагүй байна. Ганц нэг сургууль, сумын ой болох сурагтай. Хурим хийх өлзийтэй өдрүүд ч давхцав. Гэхдээ монгол хүн яаж ийгээд, атга чимхээр нь ч болов өвс хадлан, түлээ түлшээ базаасаар өвөлтэй золгодог.
Харин манай төр засаг хатуу ширүүн өвлийг даван гарч чадах болов уу. Асуудал үүнд л бий. Тун удахгүй, сар гаруйн дараагаас намрын ажил эхэлнэ. Ургац хураалт, хадлан бэлтгэл, дулаан хангамж гээд массыг хамарсан ажлууд чухам ундарна. Улстөрийн хувьд УИХ-ын чуулган хэмээх томоохон ажил эхлэх ба энэ жил Үндсэн хуулийн өөрчлөлт, өр тэглэлт гээд Монгол Улсад амин чухал сэдэв болоод буй асуудлуудыг хэлэлцэх учиртай.
Өмнөх парламентуудын тухайд, намууд дийлэнх олонх, сөрөг хүчин гэсэн бараг л хүч тэнцүү байр сууриас асуудлыг хэлэлцдэг байсан бол өнөөгийн УИХ-д хэт олонхийн саналаар аливааг шийдэх бүрэн бололцоо үүссэн. Гэвч МАН энэхүү хүчээ зөв хуваарилж, ашиглаж чадах тал дээр тун ч их алдаа мадаг гаргасаар байгаа.
Яг өнөө, маргаашдаа гэвэл, хэт олонхийг бүрдүүлсэн нам маань улс орны асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй дотоодын зөрчлөөсөө болоод тарж бутрахдаа тулаад байна. Одоогийн байдлаар МАН-ын зарим фракц бүлэглэлд өвлийн бэлтгэл, УИХ-ын чуулганаас илүү намын даргын суудлыг авах, цаашилбал, бүх эрх мэдлийн төлөө Засгийн газрыг унагаагаад ч болов байр сууриа бэхжүүлэх сонирхол давамгайлж байгаа гэхэд болно.
Юутай ч МАН-ын дарга М.Энхболд намаас нь болж улсын ажлыг гацах төлөвтэй болсон тул албаа өгөхөөр болсон. Гэхдээ дүрэм ёсоор МАН-ын Их хурлыг хуралдуулж, тэндээс гарсан гишүүд дэмжигчдийн саналд үндэслэж, дараагийн даргаа сонгохоор болсон билээ. Тэрбээр намын Их хурлыг есдүгээр сард хийхээр товлосон. Харин эсрэг фракц болох Зүүний хүчний холбоонд энэ тов, шийдвэр таалагдаагүй учраас энэ сард амжиж Их хурлыг зарлахыг шаардаж, элдэв яриа цуурхал гаргаж эхэллээ.
Эдгээр дуулиан шуугианы сэдэв, хүрээ ч сүүлдээ хэр хэмжээнээс хальж, илэрхий бусдын нэр төрд халдах, гүтгэх, доромжлох маягтай болж, олон нийт үүнд нь эгдүүцэх болжээ. Тиймээс иргэд энэ бүхнийг зүгээр хараад суусангүй. Өнгөрсөн сонгуулиар чухам ямар алдаанаас болж МАН ялагдсаны хариултыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын жирийн гишүүд дэмжигчид М.Энхболдыг өөрийн муугаас ялагдсан гэдэгт итгээгүй бөгөөд хэвлэлээр шуугиад буй дотоодын “Түгжил”-үүд үнэхээр бий эсэхийг нягталж, бодит хариултыг өгөхийг хүсэж байгаа юм.
Түүнчлэн ирэх өвөл хахир хүйтэн цаг агаар ноёлж, мал хуй хорогдохоос илүү улстөрд намын зуд тохиож, үүнээс болж Монгол Улс даяар хохирох вий хэмээн болгоомжилж байгаа тул асуудалд аажуу тайвуу, ухаан сийрэг хандахыг МАН-ын удирдлагуудад анхааруулж эхэлжээ.
 
С.Сарнай

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно