2017-07-24 02:59

МАН зарим нөхөддөө хариуцлага тооцохгүй бол 2020 оны сонгуульд дахин өвдөг шороодно


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр ч үе шаттай явагдаж дууслаа. Ямар ч л байсан бид шинэ Ерөнхийлөгчөөр наадмаа нээлгэж, шинэлэг уур амьсгалтай наадлаа гэж хэлж болно. Наадмын дараа намар гэдэг. Бидний өмнө хийх ёстой маш олон ажлууд хүлээж байна. Улс төрийн хүрээнд ч хийгдэх ёстой, хүлээгдэж буй ажлууд олон байна.

Өнгөрөгч сонгуульд эрх баригч Монгол Ардын нам ялагдал хүлээсэн. Хоёр ч шатанд ялагдаж, өнгөрсөн жил гаруйн хугацаанд хийсэн ажлаа ард түмэндээ дүгнүүллээ шүү дээ. Энэ бол 2016 онд байгуулсан ялалтдаа хэт бардсан МАН-ын хэсэг нөхдийн л буруу. Түүнээс иргэд уг сонгуулийг “сонголтгүй сонгууль” гэж нэрлэсэн. Энэ нь нэр дэвшсэн хүмүүс мундаг, сайн гэж үнэлэгдэхээргүй байлаа гэсэн үг. Сонгуульд ялагдал хүлээсэн бол намын дарга хариуцлага хүлээх журам мөрдөгдсөөр байгаа. Гэхдээ энэ сонгуульд ялагдах болсон шалтгааныг намыг даргад бус харин өмнөх ялалтдаа бялуурч суугаа аймаг, сум, дүүргийн МАН-ын удирдлагуудад нялзаамаар санагдав.

2016 онд МАН олонх болсон. Гэвч ганцхан жилийн хугацаанд буцаад гутамшигтай ялагдал хүлээв. Энэ хэвээр явбал 2020 онд дахиад л арчигдаж мэдэхээр байна. Тиймээс хэрвээ 2020 онд ялалт байгуулья, эхлүүлсэн ажлаа дуусгая гэж бодож л байгаа бол нам дотроо цэвэрлэгээ хийж, хариуцлага алдсан нөхдүүдэд арга хэмжээ авах л ёстой. Үүнийг ч ард түмэн хүсч, хоёр ч удаагийн санал хураалтаар анхааруулга өглөө.

Нийслэлд хоёр дүүргээс бусдад эрх баригч нам ялагдсан нь хотын удирдлагуудын сонгуулийг үл тоомсорлосонтой шууд холбоотой гэж ойлгож байгаа. Мөнгө төгрөг, албан тушаалын тохиролцоо гэхээсээ “бид ялсан” гэж бардаж яваад л МАН өвдөг шороодсон гэдэгтэй өөрсдөө ч эвлэрч эхлээд байна. Тиймээс энэ цамаархал, бялуурлыг зогсоож, хариуцлагатай, чадвартай улс төрийн хүчин гэдгээ иргэд, сонгогчиддоо батлахгүй бол 2020 он цэнхэртэж мэдэхээр л байна. Уг нь хотын дарга МАН-ынх, ИТХ-ын дарга ч бас МАН-ынх. Энэ нь хот МАН-аас нэр дэвшигчийг сонгоход асуудалгүй гэсэн баталгаа. Гэвч хотын удирдлагуудын үйлдэл, үйл ажиллагаа иргэд сонгогчдод таалагдсангүй. Тиймээс л нэр дэвшигч нь далаараа тавиулчихлаа. Үнэндээ М.Энхболддоо бус хэн ч нэр дэвшсэн далаараа тавиулах байлаа шүү дээ. Шалтгаан нь нийгмийн санаа бодлыг засах гэж эрмэлзэлгүйгээр дур зоргоороо аашилж, нам, нэгдмэл ашиг сонирхлоо мартаж, хувийн амбицаа хөөцөлдсөн дарга нартай л холбоотой.

Одоо тэгэхээр яах вэ. Чадварлаг, хариуцлагатай улс төрийн хүчин гэдгээ харуулж, алдаа гаргасан хүмүүст нэр төртэйгөөр хариуцлага тооцож, 2020 оны сонгуульд бардаж биш зүтгэж оролцох ёстой болж байна.

Иргэдэд таалагдаагүй, иргэдийг итгэлийг алдсан болгоныг цэвэрлэж гэмээн 2020 онд дахин итгэл хүлээх боломж бий. Түүнээс өнөөдөр алдаа гаргасан нөхдүүдтэй дараагийн сонгуульд оролцвол сонгогчдын 25 хувь хэд ч болж буурахыг таамаглах аргагүй. Тиймээс нийслэлийн иргэдийнхээ итгэлийг алдсан хотын даргаас эхлээд хариуцлага тооцьё…

Эх сурвалж: tashuur.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно