2017-03-17 04:30

Э.Бат-Үүл Хятадын компанид газрын зөвшөөрөл олгоогүй нь баримтаар тогтоогджээ


-Өмнөх хотын дарга нарын үед олгосон газрыг Э.Бат-Үүл үргэлжлүүлэн сунгалт хийснээр яагаад буруутан болно гэж-


Өнгөрсөн 2007 онд БНХАУ-ын “Сентури лэндмарк” ХХК-нд олгож байсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд байрлалтай 19,000 м2 газрыг олгосон асуудал одоог хүртэл яригдсан хэвээр байна. Ийн хэлэхийн учир нь тус газрыг анх хотын дарга асан Э.Бат-Үүлийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний газрыг хятадуудад яагаад өгөх болов гэсэн утга бүхий нийтлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан юм. Тэгвэл энэхүү газар олголтыг анх Э.Бат-Үүл бус 2007 оны есдүгээр сарын 21-ний өдөр тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр хятадуудад олгох замыг нь засч эхэлсэн байдаг юм байна.

Тухайлбал, бидний гарт яагаад хятадуудад олгох болсон тухай түүний гарын үсэгтай Дугаар 453 тоот бүхий захирамж буй юм. Хамгийн хачирхалтай нь уг захирамжид “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай” хэмээх захирамжийг үйлдэхдээ хятадын компанид олгосугай гэх нэг ч үг өгүүлбэр байхгүй байгаа юм.

Хятадын компанид газрыг 2008 онд олгожээ

Тухайлбал, Нэг. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “40 000” орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор батлагдсан орон сууцны “Олимп” хотхон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 25.0 га газрыг Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус тус эзэмшүүлсүгэй. Хоёр. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг сонгох, хамтран ажиллах гэрээ байгуулах, гэрээний үүргийн биелэлтэнд хяналт тавин хэрэгжүүлж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газрын дарга Н.Нацагдоржид даалгасугай” гэжээ. Ямартай ч энэ захирамжаас харахад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэдэг нэрийн дор БНХАУ-ын “Сентури лэндмарк” ХХК-нд 19.000 м2 газрыг олгожээ гэсэн дүр зураг харагдана. Харин үүний дараа дараагийн Засаг дарга болох Т.Билэгт 2008 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Дугаар 184 тоот бүхий захирамж гаргаж Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай хэмээж нэр бүхий 18 аж ахуйн нэгж болон компанид газар эзэмшүүлэх захирамжийг гаргахдаа “Сентури лэндмарк” ХХК-нд19.000 м2 газрыг ашиглуулах тухай захирамжийн гаргаснаар ийнхүү Э.Бат-Үүл даргын үед 2013 оны зургаадугаар сарын 03-ны өдөр Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах сунгалтыг нь хийлгэж байсан байна. Тэгэхээр одоог хүртэл хэл ам дагуулсан энэхүү газрыг хэн анх олгож байсан бэ гэдэг нь тодорхой болж байна. Хэргийн эзэн нь хотын өмнөх дарга нар байсан гэдгийг баримтууд нотолж байна. Харин энэ үйлдлээ яагаад ч юм Э.Бат-Үүл рүү бухаж орхиж. Хэдийгээр одоо тус газарт орон сууц сүндэрлэн босч айлууд нь амьдарч байгаа хэдий ч тухайн үед энэхүү газрыг хятадуудад газар ашиглуулах нэрийн дор их хэмжээний авлига авсан гэх асуудал яригдаж буй юм. Уг нь Монгол Улсын хууль дүрэмд гадны иргэн болон компанид урт хугацаагаар газар эзэмшүүлэх хуулийн заалт байхгүй гэдэг. Хамгийн гол нь энэхүү газар олголтын үед Нийслэлийн А зэрэглэлийн газрууд одоогийн баян тансаг амьдарч буй эрхмүүдийн гарт очиж хэдэн арван тэрбумаар одоогийн баячуудад зарсан гэх асуудал үүсч хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан удаа ч бий.

Үе үеийн Засаг дарга нарыг газрын асуудлаар шалгуулна гэж мэдэгдэж байсан

Хэрвээ уншигчид санаж буй бол 2014 оны долоодугаар сарын 22-ны өдөр Хотын дарга асан Т.Билэгт, Ц.Батбаяр нарыг Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргын ажлыг давхар хашиж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанийн өмчлөлд шилжүүлсэн гэх хэрэгт холбогдож яллаж байсан. Түүнчлэн Э.Бат-Үүл УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтэд үе үеийн Засаг дарга нарын гараар ямар, ямар газар орсон тухайг мэдээлж байсан. Тэрбээр “Ард түмний дунд “газрын мафи” гэж нэрлэгдсэн бүлэглэлийн үйл ажиллагаанаас манай хотод учирч байсан хохирлын зарим баримтыг олон нийтэд дэлгэх нь зүйтэй гэж үзэж байна. Дэлхийн банкны 2015 оны “Монгол Улс, Улаанбаатар хотын газрын харилцаа ба менежмент" гэсэн тайлан гарсан. Энэ тайланд Улаанбаатар хотод газрыг дэлхийн жишгээр үнэлж орлого олсон бол ямар хэмжээний орлого олох бололцоотой байсан бэ гэдгийг 2012 он хүртэлх газар олголтын үйл ажиллагаанд судалгаа хийж, тогтоосон. Энэ дүнгээр үлэмж их хэмжээний орлого алдагдсаныг анх удаа гаргаж ирсэн. Нийт 29.6 их наяд төгрөгийн дүн гарсан. Хэрвээ энэ мөнгө орж ирсэн бол Монгол Улсад 26 мянган сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих байсан байна. 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор 24 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн дүн гарч байсан. 2030 он хүртэлх төлөвлөгөө нь нийслэлийн шинэ хот байгуулах төлөвлөгөө. Тэгэхээр бүхэл бүтэн шинэ хот барих хэмжээний орлого орж ирээгүй байна. Энэ мөнгө хаашаа орсон нь ойлгомжтой. Ийм их хэмжээний баялгийг хяналтандаа байлгаж байсан бүлэг, газрын наймаачид, мөнгөө төлөөд төрийн байгууллагыг өөрсдийнхөө төлөө ажиллуулдаг байсан бүлэглэл тэр боломжийг алдахгүй байхын төлөө улайран, тэмцэж байна. Тэр газрын наймаачид эдийн засгийн ямар их хүч чадалтайг манай иргэд мэднэ. Асар их эд баялгийг хяналтандаа авчихсан үнэхээр хүчирхэг хүмүүс. Тиймээс алхам тутамдаа харлуулах, гүтгэх, гүжирдэх, ямар л арга байна тэр бүгдийг хийж байна” хэмээн мэдэгдэж байсан.
Хэрвээ тухайн үед замбараагүй газар олголт эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийн гарт энэ мэт их хэмжээний газрууд ороогүй бол өдгөө нийслэлд цэцэрлэг, сургууль олноор баригдаж олон мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэхгүй байсан. Тиймээс ч одоогийн хотын удирдлагууд хаана цэцэрлэг сургууль барих хэмээн толгойгоо гашилгаж бусдад эзэмшүүлсэн газрыг хүчээр булаан авч чадахгүй учраас аргаа барж суугаа нь бодит үнэн. Ямартай ч сонгууль болгоноор хэн нэгний нэр хүндийг харлуулах оролдлого байнга гардаг. Тэгвэл удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж хэсэг бүлэг этгээд аль 2008 онд олгосон тус газрыг хотын дарга асан Э.Бат-Үүлтэй холбон тайлбарлаж байгаа нь нөгөө л нэг гүтгэлэг, хар пиар яваад эхэлжээ гэдгийг харуулж буй юм. Өөрөөр хэлбэл, Ц.Батбаяр, С.Билэгт нарын үед олгосон, дээр нь том хороолол хэдийнэ сүндэрлэчихсэн газрыг Э.Бат-Үүл үргэлжлүүлэн сунгалт хийснээр яагаад буруутан болно гэж.

Эх сурвалж:




 

Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно