2017-03-15 04:23

Гацууртыг 2017 онд, Тавантолгойг 2018 онд хөдөлгөхөөр төсвийн тодотголд тусгажээ


2017 оны батлагдсан төсөвт Тавантолгойн төсөл, ТЭЦ III-ын өргөтгөл, Гацууртын төсөл, Тавантолгойн цахилгаан станцын төслийг хөдөлгөж төсвийн орлогыг 400 орчим тэрбумаар нэмэгдүүлж,  эдийн засгийн өсөлтийг 2-3 хувьд хүргэнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдэж байсан. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах үүднээс 2017 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхээр тусгасан бөгөөд Сангийн яам төслөө боловсруулаад дууссан гэдгээ мэдэгдсэн. Сангийн яамныхны боловсруулсан 2017 оны төсвийн тодотголд зөвхөн Гацуурт ордын төслийг хөдөлгөхөөр тусгажээ. Харин Тавантолгой төсөл, Тавантолгойн цахилгаан станц, ТЭЦ III төслийг  2018 онд хэрэгжүүлэхээр хойшлуулсан байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байхаар тусгасан байна. 

Гацууртын ордын тухайд

Гацууртын ордын нөөцийг тогтоогоод 10 жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй байна. Гацууртын орд 27.6 сая тонн хүдэр бүхий 75.9 тонн нөөцтэй гэж бүртгэгдсэн. Цаашид олборлолт, хайгуул үргэлж­лүүлбэл нөөц нь 100 тонн болох магадлал бий гэж эрдэмтэд ярьдаг. Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь "Сентерра Гоулд Монголиа" ХХК юм. Тэд Бороогийн ордыг ашиглаж байх үеэсээ л Гацууртыг ашиглахаар хөөцөлдөж ирсэн. УИХ-ын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Мөн УИХ-ын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор энэ ордод Засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтоосон. Гэхдээ Гацууртын орд Хүннүгийн дурсгал олноор байдаг Ноён уулын дэргэд оршдог тул ухуулахгүй гэсэн иргэдийн хөдөлгөөн, нутгийн иргэдийн эсэргүүцлээс болж өдийг хүртэл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй байгаа юм.

Засгийн газар нэгдүгээр сарын нэгдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Гацууртын ордын асуудлыг хэлэлцсэн. Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орд ашиглах гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болсон юм. Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн 34 хувийг орлуулах нөөц ашигласны тусгай төлбөр нь 3-аас доошгүй хувь байх талаар УИХ-ын холбогдох Байнгын хороонд танилцуулахаар тогтсон ч намрын чуулганаар амжиж хэлэлцээгүй юм. Тиймээс Гацууртыг хөдөлгөх, эсэхийг хаврын чуулганаар эцэслэн шийдэх бололтой. Гацууртын ордыг 10 жилийн хугацаанд ашиглах бөгөөд ойролцоогоор 400 сая долларын татварыг улсад төвлөрүүлнэ гэж тооцсон юм.

www.itoim.mn


Сэтгэглдэл: 0

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!

Сэтгэгдэл нэмэгдээгүй байна. Та сэтгэгдэлээ бичвэл АНХНЫХ болно