2017-02-03 03:22

Э.Бат-Үүл: Төрийг, Баабарын нотолсончлон люмпэн элитүүд бүрдүүлж буй


Хэсэг залуус “Ардын Их Хурал” хөдөлгөөн байгуулжээ. Хөдөлгөөний зорилго нь өнөөгийн улс төрийн тогтолцоог өөрчлөх хувьсгал хийх явдал хэмээн зарлаж байна.

Тэд, үр хүүхдүүдээ энэ цаг үеийнх шиг ийм бохир нийгэмд амьдруулахыг хүсэхгүй байгаа тул тэмцэхээр шийдсэн гэж мэдэгдэж байна. Янз бүрийн измийн метафизик цэцэрхэл хуурмаглал үгүй тодорхой зорилготой байна. Зүгээр л хүүхдүүдээ бохир нийгэмд амьдруулахгүй ээ л гэж байна!

Тэгээд тэд тэмцлээ хэдийнээ эхэлсэн. Олон мянган ухуулах хуудас нааж. Цагдаа тагнуултай хөөцөлдөж. Хэвлэлийн бага хурал хийж байна. Гадуур явж иргэдтэй уулзаж байна. Үнэхээр хувьсгал хийх гэж байгаа залуус ингэдэг. Бид 90 оны үед ийм байсан даа.

Улс төрийг мөрийтэй тоглоом шиг ойлгож том тоглоомчийн араас далдганаж явдаг карьерист залуучуудыг хараад урам хугарч явахад ийм залуус гараад ирсэнд би бөөн баяр.  Тэднийг хоёр гараараа төдийгүй дөрвөн мөчөөрөө дэмжиж байгаа. Яагаад гэвэл 62-ийн бүлэг бий болсон тэр цагаас хойш 10 гаруй жилийн турш миний олон түмэнд уриалан дуудаж ядаад байсан тэр үйл хэргийн тугийг босгож ирж байгаа тэднийг хараад сэтгэл догдлолгүй яахав. Цаг нь ирсэн шиг байна! 

Намайг тэдний ард байгаа гэж цуурч байгааг сонсоход үнэхээр таатай байгаа. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Би хувьсгалч байсан. Энэ “титэм” мартагдаагүй дахиад хувьсгалын хэрэгтэй холбогдож байгаа бол үүнээс сайхан хэрэг гэж юу байх билээ.

Элбэгдорж, Амаржаргал нар маань “хийдэг хувьсгалаа хийсэн, ахин хувьсгал хийх шаардлагагүй” гэцгээдэг. Үнэндээ бол улс төрийн дискурсийг мэдээд нийгмийн байдлаа уншиж чадах боловсролтой хүмүүсийн хувьд энэ бол том эндүүрэл.

90 оны ардчилсан хувьсгалын зорилт бариандаа хүрч чадалгүй хадуурчихаад байгаа. Одоогийн төр бол ардчилсан төр биш. Төрийн олигархи хэлбэр дүрс тогточихоод байгаа. Төрийг, Баабарын нотолсончлон люмпэнэлитүүд бүрдүүлж буй.

Уг нь люмпэнэлит гэх нь илүү гоёдчихсон нэр юм. Зүй нь люмпэн улстөрчидөөс бүрдсэн гэвэл зохино.

Люмпэн улстөрчидөөр удирдуулсан нийгэм ардчилсан бус, худалдагдсан улс төртэй нийгэм юм. Ийм нийгэмд ёс зүй устаж шоронжсон зүй ёс тогтоно. Шоронжсон зүй ёсны мөн чанар нь улстөрчийг хийсэн хэрэг нь гутаах бус харин Ницшегийн (Friedrich Nietzsche) хэлсэнчлэн улам бүр чимдэг юм. Улстөрч нь хичнээн рецидив маягийн байна төдий чинээ өргөмжлөгдөнө. Шоронжсон зүй ёстой хоёр хэлбэрийн нийгэм байдгийн нэг нь энэ бөлгөө. Өнөөдөр манайд ардчилсан нийгэм бус шоронжсон зүй ёс бүхий бохирдсон нийгэм тогтоод байна гэдгийг дахин давтан хэлье! Хүний бүх эрхэм чанар улс төрийн лангуун дээр байна даа.

Хүмүүс нь эрхэм чанараа лангуун дээр тавьчихаагүй нийгэм ямар гайхалтай болохыг яг одоо Америкт болж байгаа үйл явдлаас харж болно. Муж улсуудын саналыг тэнцүүлсэн хачирхалтай сонгуулийн тогтолцооноос болоод сонгогчдын олонхийн санал аваагүй хирнээ ерөнхийлөгчөөр сонгогдсон люмпэн хөрөнгөтөн Трампаас (Trump), чөлөөт ардчилал руу дайралт хийсэнтэй нь олон түмэн нь, одууд нь, капиталистууд нь, чөлөөт хэвлэл нь ид тулалдаж байна. Тулалдаанд Трамп ялагдах нь тодорхой. Яагаад гэвэл Трамп хичнээн ч эрх мэдэлтэй, мөнгөтэй байлаа гээд Мерил Стрип (Merryl Streep), Мадонна  (Madonna), Джимми Фэллон (Jimmy Fallon), Джимми Кимелл (Jimmy Kimmel), СиЭнЭн (CNN) нарыг айлгаж, итгэл үнэмшлийг нь худалдан авч чадахгүй. Тэд, лалын террористуудыг Трампаас ч дутуугүй жигшин зэвүүцдэг боловчиг гэм зэмгүй лалын шашинтнуудын жам ёсны эрхийг дээдлэх итгэл үнэмшил бүхий хүмүүс. Америкийн нийгэм, шоронжсон зүй ёс тогтсон манайх шиг бохир нийгэм болчихоогүй байна.

Ардын Их Хурал хөдөлгөөний залуус үр хүүхдүүдэ эшоронжсон нийгэмд яавч амьдруулахгүй гээд люмпэн улстөрчидтэй тулалдахаар шийдээд зогсохгүй нийгмээ бохирдолоос нь цэвэрлэх арга замаа мэдэж байгаа нь тун сайн хэрэг болж байна. Тэд, олигархийн төрийн хэлбэрийг эргэж ардчилсан төрийн хэлбэрт шилжүүлэх байдлаар улстөрчдийн люмпэнжилтийг таслан зогсоох Ардын Их Хурлыг сэргээн байгуулахаар зориг шулууджээ. Энэ бол улс төрийн дискурс төдийгөөс халиад антропологид суурилж буй тунчиг шинжлэх ухааны үндэстэй арга зам болж байна. Учир юу гэвэл, нийгмийн ёс зүй доройтсон үед төрийн шийдвэр гаргах хэрэгт цөөн хүнийг бус аль болох олон хүнийг оролцуулах аваас цөөнхөд ашигтай явцуу шийдвэр бус, нийгэмд нийцсэн ухаалаг шийдвэр л тунаж гардаг байна. Тогоруу нүүдэллэх үедээ сүрэглэж байж л зөв газраа хүрдэг. Бас чипний транзистор хичнээн олон байх тусам компьютер сайн ажилладаг. Тэгэхээр Ардын Их Хуралаа сэргээснээр хувь болон бүлэг этгээдийн төлөө юмуу эсвэл эсрэг шийдвэр гаргаж байдаг Улсын Их Хурлын заваарсан тонуулч мунхаглал халагдаж зөвхөн нийтийн хэрэгт нийцсэн ухаалаг төртэй болох юм.

Ардын Их Хурлын төлөө хөдөлгөөнийхөн эсэргүүцлийн цуглаан хийхээ зарлаад хүмүүсийн дэмжлэг авахаар уулзалт хийгээд явж байна. Уулзсан хүмүүсийн дийлэнхи олонхи нь зорилгыг нь ойлгомогцоо шууд дэмжиж байна гэнэ. Уг нь цаг нь ирсэн шиг байна. Гэхдээ илэн далангүй хэлэхэд манайхан амаараа дэмжихээс биш бодит оролцоогоороо дэмжихдээ тун муу улсууд. Хэрэвзээ Гандан хийд дээр шавдаг шигээ цугладаг сан бол даварсан люмпэн улстөрчдөөс салах хэцүү биш.  90 онд цугласаар байгаад хувьсгалаа хийсэн юм шүү дээ!

Залуустаа Ардын Их Хурал хөдөлгөөнийхний хувьсгалд нэгдэхийг уриалмаар байна. Ядахдаа рецидив мэт ичгүүрээ алдсан улстөрчдөд өшигчүүлэх шоронжсон ёс зүйтэй нийгэмд үр хүүхдүүд чинь сэтгэлийн амар амгаланг эдэлж чадахгүй зовох болно гэдгийг ухаармаар байна. Хүүхдүүдийнхээ төлөө ядахдаа нэг өдөр ч гэсэн баатар байх хэрэгтэй шүү дээ!

Э.Бат-Үүл

 
  •  

Сэтгэглдэл: 4

AНХААРУУЛГА: Сэтгэгдэл бичихдээ бусдыг болон өөрийгөө хүндэлнэ үү. Дээрх мэдээ нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг таньд олгож байна.
Дээрх талбарт ulstor.mn гэж бичнэ үү!!!
  • зочин (103.212.117.121 / 2017-02-25 07:54 )

    Бат-үүл “ хошой баатар” болох нь л дээ, хэ хэ

  • АН-ын эалуу гишүүн (122.201.31.48 / 2017-02-20 10:33 )

    үргэлжлэл тэгэхэд Чулуудай ОФФШОРТ хоёр дансандаа бидний өмчийг хулгайлж луйвардаж хийчихээд хашааны маань газрыг Хятадуудад худалдчихаад бид зуны амбаарт эсгий нөмөргөөд 3 жилээ өнгөрөөж байна.Найзыгаа нухаж Улсын баатар авчихаад хэдэн Англи хүний нэр цээжилчихээд люмпен гэж Амаржаргалыг доромжло

  • АН-ын эалуу гишүүн (122.201.31.48 / 2017-02-20 10:23 )

    Тэнэг, зөнөг хоёроос өөр хэлэх ч үг байхгүй харуулах ч юмгүй Батүүл гэх өгөр толгойнуудыг харахаар шууд л тасдаж хаямаар санагдах юм АНАМ, МАНАН нэрээр Төрийн толгойд 30-аад жил суухдаа та нар бидний эцэг өвгөдийн бүтээсэн баялагийг хувааж идсэн Залуучууд хөрөнгөгүй учраас боловсролгүй,тэгэхэдЧулуу

  • MANDAT.B (150.129.143.69 / 2017-02-05 13:53 )

    ХОЁР ШАТЛАЛТАЙ ХУУЛЬ ТОГТООХ,ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ ТӨРИЙН ИЛҮҮ БОЛОВСРОНГУЙ ТОГТОЛЦООГ МОНГОЛ УЛСАД ХОЁР Ч УДАА ТОГТООЖ ИРСЭН БАЙДАГ.ЭНЭХҮҮ ХЭНЭЭСЧ ХАРААТ БУС ТОГТОЛЦООНЫ МАШ ДАВУУ НЬ АРД ТҮМНИЙ ХАРАА ХЯНАЛТ,ШУДАРГА ШҮҮЛТЭН ДОР ХУУЛЬ БАТАЛЖ,ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХ “ЦЭВЭР” ОРЧИНГ БУЙ БОЛГОХОД БАЙГАА ЮМ.